sonin.mn
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөөн дэх 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг ногоон байгууламж, усан оргилуур, хүрхэрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэн болгож нээлтийн ёслол болов.
 
Уг газрыг 2011 онд Нийслэлийн төлөвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарч байсан юм. Шинээр нээсэн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ХУД-ийн ЗДТГ-ын захиалгаар “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ.
 
Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахад бут сөөг, эмийн ургамал тарьж хад чулуу ашиглан байгалийн тогтоц харуулсан хэсгийг шинээр хийсэн юм. Цаашид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдарын самбар хийхээр төлөвлөсөн байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг