sonin.mn
МУЭХ-ны гишүүн Ц.Ган-Эрдэнэ Германы Мюнстер хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг.  Залуу уран бүтээлч Эх орондоо “Зүй тогтол” үзэсгэлэнгээ толилуулсан юм. Түүнтэй ярилцлаа.
 
-Эх орондоо хэзээ ирэв. Энэ таны хэд дэх үзэсгэлэн бэ?
 
-2001 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Ц.Нарангэрэл багшийн удирдлагад төгсч, ХБНГУ-ын Мюнстер хотын Урлагийн академид элсэн орж 2010 онд төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш бие даасан уран бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж эхэлсэн. Германд жилд 10 гаруй үзэсгэлэн гаргадаг. Түүний дөрөв нь бие даасан үзэсгэлэн байдаг.
 
Эх орондоо дөрөв дэх үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Хоёр нь бие даасан, хоёр нь бусад уран бүтээлчтэй хамтарч гаргаж байгаагийн нэг нь одоо дэлгэдээд байгаа “Зүй тогтол” үзэсгэлэн юм.
 
Анхны үзэсгэлэнгээ “Цагаан дариум” галерайд гаргасан. Өнгөрсөн жил Ц.Нарангэрэл багштайгаа хамтран үзэсгэлэн гаргасан. “Зүй тогтол”-оо А.Очирболд, Б.Намуун нартай хамтарсан. 2016 оны Норд Арт олон улсын уралдаанд бид өөрсдийн уран бүтээлээр оролцсон.
 
-Яагаад Герман улсыг сонгон суралцах болов.  Германд уран бүтээлч байх, Монгол уран бүтээлчдийн  ялгаань юу бэ?
 
-Технологийн дээд сургуульд байхдаа Европт академийн боловсрол эзэмшинэ гэж боддог байсан. Тэгээд Германыг зорьсон. Ялгаа байлгүй яахав. Монголд уран зураг өсч өндийж байгаа. Германд бол олон зуун жилийн түүхтэй, тогтсон ёс заншилтай байдаг.
 
-Тухайлбал?
 
-Галерей, уран бүтээлч хоёрын хоорондын харилцаа их чухал байдаг. Уран бүтээлчийн тал дээр анхаарах үүргүүд, галерейн талаас анхаарах хүлээх үүргийг хэлдэг. Германд үйл ажиллагаа явуулдаг галерейнууд уран бүтээлчдэд ямар хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа талаар сайн анхаарч, ямар ч санхүүгийн дарамт учруулдаггүй. Энэ нь уран бүтээлчдийг сайн бүтээл гаргахад чухал үндэс суурь  болж өгдөг.
 
-Монголд уран бүтээлчид өөрсдийн хүчээр бүтээлээ гаргадаг уу?
 
-Монголд уран бүтээлчид бор зүрхээрээ хийдэг. Уран бүтээлч, уран зургийн хүмүүс их тэсвэр хатуужилтай, бүтээл нь зарагдахгүй бол хоосон суусан ч бүтээлээ хийсээр л байдаг. Шантрахгүй бүтээлийнхээ төлөө үнэнчээр тууштай амьдарч байгаа залуу уран бүтээлч монголд цөөнгүй байна.
 
Монголд өнөөдөр эдийн засгийн хүнд нөхцөлд уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллахыг хүсч байна. Хувь хүнтэй болон галерейгаа сайн дэмжээд, эдийн засгийн хүнд нөхцлийг хамтдаа туулж гарах хэрэгтэй.
 
-Уран бүтээлч хүний амьдрал хүнд гэлээ. Яагаад энэ замыг сонгосон юм бэ.  Шантрах үе байв уу?
 
-Амьдралд амархан зүйл гэж байддагүй. Бүх зүйлийг даван туулж байж л хүн өөрийгөө мэдэрч эхэлдэг. Манай уран бүтээлчдэд тохиолддог бэрхшээл надад ч байсан. Германд анх ямар ч уран бүтээлгүй, халаасандаа жаахан мөнгөтэй л очиж байлаа. Байсан мөнгөөрөө хоёр сар амьдраад бүгдийг шинээр эхэлсэн.
 
Мөнгө олж болох ажил хийж, хажуугаар нь уран бүтээлээ хийсээр л байсан. Өөрөө хичээсний хүчинд олон зүйлийг мэдэж сурсан. Хүн ер нь хэр бэрхшээл тулгарна тэр чинээгээрээ боловсорч  байдаг. Би жилд 10 үзэсгэлэн гаргаж, 2002 оноос хойш  өөрийн бүтээлээрээ амьдарч байна.
 
-Та Германд ямар нэг галерейд хамаарагдаг уу?
 
-Үгүй. Чөлөөт уран бүтээлч. Гэхдээ галерей болон арт менежерүүдтэй хамтран ажилладаг. Уран бүтээлчийн гэрээ хийдэггүй.
 
-Галерей, арт менежерүүд нь Монголын уран бүтээлчдийн бүтээлийг хэрхэн хүлээж авдаг вэ.  Ямар шаардлага тавьдаг вэ?
 
-Тэд уран бүтээлчид хайж явдаггүй. Галерей, арт менежментэд өөрсдөө тэр хүмүүсээ хайж сонгож авдаг. Хүмүүст танигдахын тулд уран бүтээлээ сайн хийх хэрэгтэй. Тэдний  шалгуур өндөр. Монголтой харьцуулбал уран бүтээлч олонтой өрсөлдөөний талбар. Германд уран бүтээлч хэдэн саяараа байна. Тэр дундаас товойж гарч ирэх нь том шалгуур.
 
-Таныг  тэнд таниулсан бүтээл?
 
-Намайг анх таниулсан бүтээл бол монгол нутгийн байгаль. Би байгалийг өөрийнхөөрөө зурдаг. Ямар ч мал, гэр ахуйн зүйл байхгүй. Зөвхөн газар, замыг гаргаж ирдэг .
 
-Энэ таны онцлог уу?
 
-Түүгээрээ анх би Германд гарч ирж байсан. Дараа нь усны тусгал сэдвээр 2009 оноос эхэлж судалгааны шугамаар ажиллаж амжилттай явж байгаа.
 
-Та Германд очоод хэдэн жил болж байна вэ. Одоо хөл дээрээ бат зогссон гэж хэлж болох 
уу?
 
-Германд 15 жил болж байна. Европын уран бүтээлчдэд танигдах хүрээ гэж байдаг. Тэр хүрээнд орсон. Тэгэхээр нэг ёсондоо хүмүүст танигдчихсан учраас цаашаа ахиад явна гэсэн үг. 
 
-Германы уран зураг сонирхогчид, Монголын уран зураг сонирхогчид хоорондоо ялгаатай 
юу?
 
-Тухайн улсын ард түмний амьдрах ёс заншил, байгаль орчинтой холбоотой. Уран зургийг сонирхож харах имиж байдаг. Тухайлбал, япончууд нэг сэдэв имижтэй байх. Европ, Америк ч гэсэн. Азийн орнууд ер нь бол ойролцоо. Монголд ч гэсэн Орос, Хятадаас шалтгаалаад өөрийн гэсэн урлагийг тодорхой хэмжээгээр харах имиж байдаг. Германы урлаг сонирхогчидтой харьцуулахад хэцүү.
 
Тухайн орны соёл, амьдрал ахуйтай холбоотой байдаг. Монголын урлаг сонирхогчид урлагийг бүтээл тал руу нь биш ахуйн тал руугаа хардаг юм болов уу гэж боддог. Монгол ёс заншил, угсаатны эсвэл ахуйн тал руу уламжлалыг харуулсан бүтээл ихэвчлэн гаргадаг гэж боддог. Европууд ихэвчлэн далд философи эсвэл сэтгэлгээ тал руу нь анхаардаг.
 
-Эх орноосоо хол  байгаа ч бүтээлдээ Монголоо их зурж байна 
уу?
 
-Монголоо зурдаг. Манайх Германд төвлөрөөд амьдарч байна. Монголд ирээд 6-7 хоноод дараа нь Солонгос, Шевейцарь, Францаар явдаг. Уран бүтээлч хүн их юм үзэж явах тусам бүтээлд нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Очсон хот болгоныхоо музей, галерейг нь үзэж, уран бүтээлчидтэй нь танилцдаг. Улс орон болгон өөрийн гэсэн ёс заншил, имижтэй, тэр дундаас өөрийнхөө бүтээлд юуг нь тусгах уу, түүнийгээ хайж эрж явдаг.
 
-Монголоо тойроод аймгуудын музейтэй танилцаж байв уу. Ямар аймгуудаар явж байсан 
бэ?
 
-Ирэх болгондоо хөдөө орон нутгаар явдаг. Бид сая Төв, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай гээд байгалийн үзэсгэлэнт газруудаар зургаа зураад явсан. Гадны орны уран бүтээлчидтэй явахад хариуцлага өндөр байдаг. Уран бүтээлч хүмүүс уран бүтээлээ хийгээд явахаас гадна эх орныхоо нүүр царай болж, тодорхой хэмжээнд  хариуцлага үүрч явдаг.
 
Н.Батсуурь
Эх сурвалж: