sonin.mn
Олон улсын монголч эрдэмтдийн XI Их хурлын хүрээнд анагаах ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачид “Нүүдэлчдийн уламжлалт анагаах ухааны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
 
Монголын анагаах ухааны музейд  хоёр өдөр чуулсан тус хуралд Монголын талаас Ш.Болд доктор профессор 3.Мэндсайхан, доктор Ч.Чимэдрагчаа, доктор Б.Намтай, доктор П.Баатар зэрэг салбартаа тэргүүлэгч судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэв.
 
ОХУ, БНХАУ, Австрали, Казахстан, Киргизтан, Турк зэрэг долоон орны 30  гаруй эрдэмтэн оролцож судалгаа, шинжилгээний бүтээлүүдээ танилцуулж, санал солилцлоо.
 
 Мөн Австралийн Үндэсний Их Сургуулийн санаачлагаар “Ганц ертөнц, гагц эрүүл мэнд” гэсэн сэдвээр олон улсын зөвлөгөөн зохион байгуулав.   Хурлын ач холбогдлын талаар  академич Д.Цэрэнсодномоос цөөн асуултад хариу авлаа.
 
-Олон улсын анагаах ухааны салбарын эрдэмтэд ямар сэдэвт анхаарал хандуулж байна вэ?
 
-Хуралд цөөхөн илтгэл тавигдсан. Гэхдээ маш сонин содон   санаа дэвшүүлсэн  нь анхаарал татлаа. Хамгийн гол нь “Нүүдэлчдийн уламжлалт анагаах ухааны хөгжил” сэдвээр хуралдсан нь их онцлог. Төв Азийн цээжинд олон үеийн турш ээлжлэн төр барьж ирсэн улс гүрнүүд, Монгол, Турк, Киргиз, Кидан,Уйгур. Тэр улсууд байгаль, амьтан, ургамлын байдлыг ажиглан амьдрал ахуйгаа зохицуулж авч ирсэн.
 
Жишээ нь, хөл, гараа бэртээсэн тарвага, зурам, гөрөөс эмийн ургамал, эмт бодисыг олж идэж илааршиж байгааг ажиглаж, өөртөө хэрэгжүүлж байж.  Түүнээс эхлэн Эзэн Чингис хаан дэлхийг дайлаар мордсон аян дайндаа шархдах, бэртэхэд хэрхэн явж ирсэн тухай үлгэр, домог, түүх элбэг бий.
 
Энэ тухай эрдэмтдийн итгэлд дурдагдаж байна. Нүүдэлчдийн олон мянган  жил тээж ирсэн энэ өв уламжлалыг дурсч, цааш судлах санааг дэвшүүлснээрээ Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ач холбогдолтой юм.
 
-Илтгэлүүдийн тухайд?
 
-Академич Ш.Болд Хүннүгийн үеийн уламжлалт анагаах ухааны хөгжлийн түүхээр баримт түшсэн сонирхолтой илтгэл тавьсан. Киргизийн эрдэмтэд өөрийн алдарт “Манас” туульд хүнийг илааршуулж эдгээх тухай маш олон дом, домнолого байдаг тухай илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
 
Авсрталийн эрдэмтэн Наташа Файн мал сэтэрлэхэд эрүүл мэндийн ямар ач холбогдолтой вэ гэсэн сэдвийг хөндлөө. Өөрөө өнгөрсөн жил Архангай аймаг руу явж судалгаа хийхийн зэрэгцээ баримтат кино хийсэн байна.
 
Өвөрмонголын Ордос нутгаас ирсэн Дагшинбүрэн эмч одоо бараг үлгэр домог шиг болсон бүх өвчнийг илааршуулах чадалтай Доргой хоорон гэдэг эмт ургамлын үндсийн тухай илтгэл хэлэлцүүлсэн.
 
Зарим сударт орос туйплин гэж хэлдэг юм. Түүнийг яаж таних, хэрхэн олох вэ гэдгийг хүмүүс ихээхэн ярилаа. Битүб хийдээс хуралд оролцсон  н.Ганзориг Ман дөрвийн танг тойруулсан сонирхолтой санаа дэвшүүллээ.
 
-Хурал уламжлал болж цаашид зохиогдох уу?
 
-Хоёр жилд нэг удаа улс орноор тойрч  ээлжлэн хуралддаг тогтмол хурал болгох саналыг эрдэмтэд дэвшүүлж байна. Ийм эхлэл, яриа хэлэлцээ өрнөж байгаа.
 
Хуралд оролцогчдоос ямар зөвлөмж гаргав. Ямар асуудлыг онцлов?
 
-Зөвлөмжид Монголын уламжлалт анагаах ухааны музей, Монгол улсын СУИС, Түрэгийн олон улсын академи, Австралийн үндэсний их сургуулиас хамтран зохион байгуулсан нүүдэлчин ард түмний анагаах ухааны хөгжлийн түүх, арга барил,эмнэлгийн олон талт үйл ажиллагааг тал бүрээс нь судлан ярилцсан эрдэм шинжилгээний хурал, семинарыг амжилттай зохион байгуулсныг онцоллоо.
 
Хоёрдугаарт, энэ удаагийн хурлаар анагаахын шинжлэх ухаанд харьцангуй бага судлагдсан нүүдэлчин ард түмнүүдийн үндэсний эмнэлзүйн овор төрхийг нээн гаргах, судлах үйлст үр дүнтэй чухал ажлын эхлэл тавигдлаа гэж үзэж байна. Үүний тул тус хурлыг санаачлан зохион байгуулагчид хийгээд нийт оролцогсдоос хурлын үйл ажлыг цаашид олон улсын хэмжээнд хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулах саналыг дэвшүүлж байгааг дурдлаа.
 
Мөн 2018 онд болох дараагийн ээлжит Бага хурлыг зохион байгуулагчдын нэг Олон улсын Түрэг Судлалын Академид Астана хотноо зохион байгуулах саналыг дэвшүүлсэн.
 
Эрдэм шинжилгээний бага хурлын төлөөлөгчид хоёр дахь өдрийн хуралдааныхаа дараагаар Австралийи үндэсний их сургуулийн проф.Нарангоа, доктор Наташа Файн нарьн санаачилсан “Ганц ертөнц, гагц эрүүл мэнд” гэсэн олон улсын семинарыг амжилттай зохион байгуулсан.
 
Энэ  семинарт оролцогсод хүн төрөлхтний дундын өмч болох эх дэлхийн маань агаар мандал, хөрс, ус, ургамал, амьтан мал сүрэг эд бүхэн цэвэр ариун баймааж нь ялангуяа хүн болон мал сүргийг уламжлалт анагаах ухааны аргаар аль болох түлхүү эмчилж байвал хүн төрөлхтөн эрүүл саруул байх учиртай гэсэн чухал санааг хөндөж ярилцсан нь манай хурал семинарын ач холбогдлыг өргөж өглөө.
 
Улаанбаатарт анх удаа зохион байгуулсан Нүүдэлчдийн анагаах ухааны хөгжилт /НАУХ/ хэмээх энэхүү эрдмийн хурлын дүгнэлтийг олон улсын эрдэм шинжилгээний үйлст нэвтрүүлж нийтийн хүртээл болгох нь зүйтэй хэмээн хурлаас гаргасан зөвлөмжид онцгойлон тэмдэглэсэн.
 
Ч.ОЛДОХ
Эх сурвалж: