sonin.mn
ШИНЭ ДЕЛИ./ВВС/. Маргаантай байгаа Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийг зүүн хойд нутгийн Ассам мужтай холбодог, Лохит голын дээгүүр тавьсан 9.15 км урт гүүрийг нээх ёслол өчигдөр болжээ. Энэ гүүр нь Энэтхэг дэх хамгийн урт гүүр юм.
 
Хятад улс Аруначал-Прадеш мужийг Түвдийн нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг гэж үздэг ажээ.
 
Түвдийн бурхны шашны удирдагч Далай ламыг Аруначал-Прадеш мужид айлчлахыг Энэтхэгийн тал зөвшөөрсөн болон тус мужийн дэд бүтцийг хөгжүүлж байгааг Бээжин эрс эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан билээ.
 
Харин Энэтхэгийн тал Хятад улсын байр суурийг няцаасаар байна.
 
Энэтхэгийн Дотоод хэргийн сайд бөгөөд Аруначал-Прадеш мужийн уугуул Хирен Рижиху өчигдөр болсон гүүрийг нээх ёслолын үеэр мэдэгдэхдээ “Хятад улс улам түрэмгий болж байгаа энэ үед бид нутаг дэвсгэрээ хамгаалахын тулд дэд бүтцээ бэхжүүлэх нь чухал” гэжээ.
 
Тэрбээр өмнө нь хэлэхдээ “Аруначал-Прадеш муж бол Энэтхэгийн газар нутгийн нэг хэсэг. Хэн нэгэнд таалагдах, эс таалагдахаас үл хамааран манай улсын байр суурь өөрчлөгдөхгүй” гэж байв.
 
“Дхола Садия” гүүрийг 2011 оноос барьж эхэлсэн юм.
 
Энэ гүүрнээс гадна Энэтхэг улс тус мужид хоёр эгнээ хурдны зам тавьж, дэлхийн II дайны үеийн хуучин замыг сэргээн засварлах, замуудыг өргөтгөх дөрвөн төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
 
 Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг