sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ онд 66 сая мал өвөлжих төлөвтэй байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
 
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 61.5 сая мал тоологдсон бол энэ хавар 21.9 сая төл хүлээн авч, 80 сая давжээ. Монгол Улс жилд 10 сая гаруй малыг дотоодын махны хэрэгцээнд ашигладаг байна. Одоогоор нийт нутгийн 23 хувьд зуншлага хэвийн байгаа бол 43 хувь гандуу байгаа юм. Харин 34 хувь нь гантай байгаа аж. Иймээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул дотоодын махны хэрэгцээнд зориулж ойролцоогоор 14 сая мал гаргахаар төлөвлөөд байгаа аж.
 
Бороо бага орсны улмаас хадлангийн бүс нутгуудад ургац бага байгаа юм. Тиймээс ХХААХҮЯ-наас хадлан бэлтгэх, зарим аймагт улсын нөөцөөс өвс хүргэх, дутагдаж буй малын тэжээл авах хөрөнгийг шийдвэрлэх зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулахаар төлөвлөсөн байна.
 
Мал эмнэлгийн үржлийн газрын дарга П.Ганхуяг, “Аймгуудаас энэ онд 21.4 мянган өрхийн 9.2 сая малыг Сүхбаатар, Дорнодод отроор өвөлжүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Монгол Улсын хэмжээнд 2016 оны эхээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 13 аймгийн 80 гаруй суманд шүлхий, мялзан, цэцэг зэрэг мал амьтны гоц халдварт өвчин гарсан. Өвсний гарц сайн байгаа Дорнод, Сүхбаатар зэрэг отрын гол бүсэд ч малын гоц халдварт өвчин гарсан юм. Тиймээс энэ бүс нутагт отор хийх нь малын гоц халдварт өвчний гаралтыг эрс нэмэгдүүлэх магадлалтай. Тиймээс аймгийн Засаг дарга нар аль бүс нутагт, хэдэн мал отроор өвөлжүүлэх вэ гэдгээ нарийн тогтоож, яаралтай гэрээ, хэлцлээ байгуулах хэрэгтэй. Түүнчлэн сум, орон нутгаас гарч байгаа бүх малыг үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж, бичиг баримт бүрдүүлэх ёстой. Харин отроор өвөлжих малыг хүлээн авч байгаа орон нутгийн удирдлагууд дээрх бичгийг нь үндэслэж бүс нутагтаа оруулах хэрэгтэй. Засгийн газар, ХХААХҮЯ-наас малын гоц халдварт өвчин гараагүй бүс нутгаас мах экспортод гаргах чиглэл барьж байгаа. Тиймээс малчид болон орон нутгийн удирдлагууд өвчин гараагүй бүс нутгаа хамгаалахад анхаарах ёстой” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг