sonin.mn
КАБУЛ. /BBC/. Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогч этгээд автомашин дэлбэлсний улмаас 24 хүн амиа алджээ.
 
Тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас наад зах нь 42 хүн шархадсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, уг халдлагыг үйлдсэн амиа золиослогч этгээд шиит шашинтнууд олноороо амьдардаг газарт очиж, автомашинаа дэлбэлжээ. 
 
Одоогоор халдлага үйлдсэний хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. 
 
Засгийн газрын шадар сайд Мохаммед Мохакикийн гэрийн ойролцоо уг дэлбэрэлт болжээ. "AFP" мэдээллийн агентлагт Мохакикийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ  "уг халдлагыг үйлдэхдээ ноён Мохакикийн гэрийг дэлбэлэх зорилготой байсан боловч хамгаалагчид амиа золиослогчийг зогсоосон” гэжээ. 
 
Өмнө нь гарч байсан халдлагуудыг ихэвчлэн "Талибан" болон "Лалын улс" бүлэглэлүүд үйлдэж байсан юм. Тухайлбал, өнгөрсөн 5 дугаар сард Афганистанд ачааны автомашин дэлбэлж, халдлага үйлдэх үеэр 90 хүн амиа алдсан билээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг