sonin.mn
БЭЭЖИН./TASS/. Төв Хятадын Хөнань мужийн Аньян хотын Хятад бичиг үсгийн музей 3 мянга гаруй жилийн настай эртний мэргэ төлгийн “зягувань” гэдэг ясан дээр бичсэн ханзыг тайлан уншуулахаар дэлхийн эртний бичиг үсэг судлаачид, ханз судлал сонирхогчдыг урьсан байна. Ням гарагт Хятадын төв телевизийн мэдээлснээр, тайлж уншиж чадсан ханз үсэг тутамд 100 000 юанийн /14800 доллар/ шагнал олгох аж.
 
Мөн дээр нь 50 000 юанийг /7400 доллар/ маргаантай ханзыг тайлж уншин, уг ханзын байж болох утгуудаас нэгийг нь ишлэл үндэслэлтэйгээр нотолсон тохиолдолд өгөх аж. Эрдэм шинжилгээний ажил тус бүрээр эртний бичиг үсгийн мэргэжлийн комисс шалгаруулалт хийх юм. Тоон фото ханзыг судлахдаа орчин үеийн компьютерын технологийг ашиглахыг музейн ажилтнууд сайн дурынханд уриалж байгаа ажээ.
 
“Зягувань” нь /хятад хэлнээс махчилан орчуулбал “мэлхийн хуяг, ясан дээрх бичээс гэсэн утгатай үг/ амьтны яс, хуяган дээр бичсэн мэргэ төлгийн бичээс бөгөөд МЭӨ 14-11 дүгээр зууны үе буюу хожуу үеийн Шан гүрний үед хамаардаг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар, эдгээр бичээсүүд нь эртний Хятадын бичгийн нэг бөгөөд чухамхүү эдгээрээс ханз үсэг эх авсан гэнэ. Этгээд бичээсүүд нь эртний мэргэч төлөгч нарын эд зүйлс болон тэдгээрийн төлгийн тухай өгүүлдэг төдийгүй тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг ч хэсэгчлэн дүрсэлсэн байдаг байна.
 
Мэргэ төлгийн бичээсүүд нь Хятад бичиг үсгийн хадгалагдан үлдсэн хамгийн эртний өв нотолгоо төдийгүй Зүүн Азийн бичиг үсгийн эртний төрөл юм. Эдгээр бичээсийг эрдэмтэд анх 1899 онд нээн судалж байжээ.
 
Одоогийн байдлаар 156 000 гаруй мэргэ төлгийн яс олдоод байгаа ба тэдгээр ясан дээр 10 000 гаруй төрөл бүрийн ханз үсэг байгааг эрдэмтэд илрүүлжээ. Гэхдээ эдгээр ханз үсгийн тэн хагас орчим нь адилхан нэг тэмдгийг өөр өөрөөр бичсэн хувилбарууд аж. Энэ шалтгаанаар одоогийн байдлаар 4500 орчим “Зягувань” ханз үсэг шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа гэнэ. Одоогоор эртний бичиг үсэг судлаачид 2800 тэмдгийг тайлан уншиж чадсан аж.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг