sonin.mn
КОПЕНГАГЕН. /ВВС/. Дани улсад шавьжны хортой 20 тонн өндөг борлуулсан байсныг тус улсын хүнсний аюулгүй байдал хариуцсан газар өнөөдөр мэдэгдлээ.
 
Данийн Мал эмнэлэг ба Хүнсий аюулгүй байдлын газрын мэдэгдсэнээр, хортой өндгүүдийг гол төлөв цайны газар, кафе болон хүнсний бүтээгдэхүүн түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад худалдсан байжээ.
 
Одоогийн байдлаар, Дани нь шавьж устгахад ашигладаг “фипронил” хэмээх хорт бодис өндгөнд агуулагдаж байгааг олж илрүүлсэн Европын 10 дахь улс болоод байна.
 
Хортой өндөгний хэрэгтэй холбоотойгоор Нидерланд болон Бельгийн холбогдох байгууллагуудын саяхан хамтран явуулсан ажиллагааны үеэр Нидерландын нэгэн компанийн хоёр менежерийг баривчилсан байна.
 
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, “Chickfriend” нэртэй тус компани нь шувууны фермүүдэд фипронил хэмээх бодисыг цацсан бололтой.
 
Нидерландаас гаралтай хортой өндгүүд одоогоор Европын 10 орон, тухайлбал Бельги, Герман, Люксембург болон Румынд тархжээ.
 
Фипронил хэмээх энэ хорт бодис агуулсан өндгийг их хэмжээгээр идвэл хүний элэг, бөөр болон бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, гэмтэх аюултай гэнэ.
 
Шувууны фермүүдийг цэвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Chickfriend” компани энэ хэрэгтэй холбогдуулан хараахан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
 
Нидерландын хорт бодис цацсан фермүүдээс импортолсон байж болзошгүй 700 мянган ширхэг өндөг Их Британид байгааг холбогдох албаны хүмүүс олж илрүүлжээ. 
 
Хортой өндөг ашиглан хийсэн хачиртай талх, салат зэрэг 11 нэр төрлийн хүнсий бүтээгдэхүүнийг холбогдох улс орнууд супер маркетуудаас хураан авчээ.
 
Нидерланд бол өндөг үйлдвэрлэлээр болон өндөгний экспортоор Европтоо төдийгүй дэлхийд тэргүүлэгч улс юм.
 
 
Тус улс долоо хоногийн дотор хэдэн сая өндөг үйлдэрлэдэг 180 орчим фермээ тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.
 
Хортой өндөгний дуулиан энэ оны нэгдүгээр сарын эхээр анх дэгдэж, Германы “Aldi” компани бүх өндгөө зах зээлээс эргүүлэн татаж байсан юм.
 
Тэр  үеэс Европын бусад улс орон шалгалт явуулж эхэлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг