МОСКВА./TASS/. Донын Ростов хотод гал түймэр гарч нийтдээ 100 гаруй барилга өртсөн ба тэдгээрээс 80 гаруй нь орон сууц байжээ. Энэ тухай Ростов мужийн Онцгой байдлын албаны ерөнхий газар мэдээлжээ.
 
Донын Ростов хотын төвд даваа гарагт нийт 10 000 м2 талбайг хамарсан гал гарч 100 гаруй барилга түймэрт өртжээ. Одоогийн байдлаар нийт талбайн хэмжээнд галын тархалтыг зогсоож чадсан ба барилгууд хоорондоо их шахуу зайгүй баригдсан мөн хүчтэй салхитай байгаа нь гал унтраахад хүндрэл учруулж байгаа аж. Уг гал түймэрт амиа алдсан хүн байхгүй ба хотод онцгой нөхцөл байдлын дэглэм тогтоосон байна. Гал түймэрт өртөн түлэгдсэн хүний тоо 45-д хүрсэн ба тэдний долоог нь түлэгдсэн, угаартсан оноштойгоор эмнэлэгт хэвтүүлжээ. Үүнээс гадна 38 хүнд амбултороор эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
 
Донын Ростовт гарсан энэхүү томоохон гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар, нэг айлын ахуйн цахилгаан хэрэгсэлд масс гаран шатсаны улмаас үүссэн, зориуд санаатайгаар галдсан байх магадлал багатай гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж ТАСС-д мэдээлжээ.
 
Донын Ростовт гарсан галыг унтраахаар 1200 хүн, 200 нэгж техник ажиллаж байгаа ажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг