sonin.mn
ГАВАНА./ТАСС/. Амралтын өдрүүдээр Куба улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн хар салхинд тус улсын нийслэл Гавана хотын 4000 гаруй орон сууцны барилга сүйдсэн тухай лхагва гарагт Кубын “Granma” сонинд мэдээлжээ.
 
Тус сонинд мэдээлснээр, нийтдээ 4288 орон сууцны барилга ямар нэгэн байдлаар өртсөн ба тэдгээрээс урьдчилсан байдлаар 157 нь бүрэн нурсан бол 986 нь хэсэгчлэн эвдэрчээ. Үлдсэн хэсгийнх нь дээвэр нь бүрэн эсвэл хэсэгчлэн хуулагдсан байна. 
 
“Ирма” хар салхинд Ведадо район, Төв Гавана, хуучин Гавана, Мирамарын хэсэг хамгийн их хохирол амсчээ. Хуучин болон төв Гаванад олон жил болсон илжирч муудсан барилгууд олон байдаг ба тэдгээр нь байгалийн гамшгийн аяыг даадаггүй аж.
 
Бямба гарагт Гаванаг 11 метр хүртэл өндөр далайн давалгаа дайран хотын гүн рүү 500 гаруй метр явжээ. Эргийн дагуу орших олон гудамжууд, түүний дотор алдарт Малекон эрэг усанд авсан төдийгүй тэнд байдаг АНУ-ын Элчин сайдын яам болон Гаваны төв гудмуудын нэг болох “Hermanos Ameijeiras” хүртэл өртжээ.  
 
Гавана хотын зарим дүүргүүд тоггүй хэвээр байгаа ба хар салхинд мод унаж цахилгаан дамжуулах шугамыг олон газраар тасалсан байна. Үүнээс гадна зарим цахилгаан станцуудад, тухайлбал Гаваныг цахилгаанаар хангадаг Матансас мужийн цахилгаан станцад ноцтой хохирол учирчээ. Хар салхины хохирлыг арилгах ажилд орон сууцны албадаас гадна цэргийн албан хаагчид, нөөцийн бригадууд дайчлагдан оролцож байгаа аж. Тэд унасан модыг зайлуулж, цахилгаан дамжуулах шугамуудыг сэргээн машин замыг цэвэрлэн зам гаргаж байгаа юм. Кубын нийслэлийн зарим гудамжуудад гэрлэн дохио ажиллахгүй байгаагийн улмаас замын цагдаа нар хөдөлгөөн зохицуулж байгаа ажээ.
 
Гаваны хэд хэдэн дүүрэгт ундны усан хангамж саатсаны улмаас оршин суугчдад ундны усыг машинаар зөөн хүргэж байгаа аж. Усанд автсан айлууд гэр орныхоо норсон эд хогшлоо хатаахаар гарган хаа сайгүй тавих болжээ.
 
О.Барс  
Эх сурвалж: Монцамэ агентлаг