sonin.mn
Нийслэлээс 230 гаруй км зайд орших Говьсүмбэр аймгийн төв Чойр хотод өдгөөгөөс даруй хагас зуун жилийн тэртээ буюу 1969 онд орос цэргийн бүхэл бүтэн дивиз байгуулагдан 1990-ээд оныг хүртэл Чойрын гарнизон нэртэйгээр үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй. Тус цэргийн хотхонд 1980-аад онд 13 метр өндөртэй орос цэргийн хөшөөг барьж байжээ. Тохижилт, бүтээн байгуулалтын аяны хүрээнд сүндэрлэсэн уг хөшөө орос “нөхдөө” нутаг буцсанаас хойш “ганцаардаж”, замын улсын зургаа татуулдаг фон төдий үүрэг гүйцэтгэсээр өдгөөг хүрчээ. Тэгвэл Монгол, Орос хоёр орны эв найрамдлын бэлгэдэл, түүхийн гэрч болсон уг хөшөөг сэргээн засварлаж, түүнийг түшиглэсэн томоохон цогцолбор, ногоон байгууламж бий болгох ажлын эхлэл тавигдлаа. 
 
Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойд зориулсан монгол, оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Говь сүмбэр аймаг, Чойр хотын удирдлага, Цэргийн штабын хүсэлтээр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Васильевич дэмжиж, уг хөшөөний засвар, тохижилтын ажлыг хийжээ. Түүх соёлын үнэт өвийг таниулах ач холбогдол бүхий тус хөшөөний засварыг Төмөр замын үйлдвэрчний байгууллагууд, уул уурхайн жишиг сургууль политехник коллежийн барилгын мэргэжлийн ангийн оюутнууд гүйцэтгэсэн бөгөөд нээлтийн арга хэмжээг энэ сарын долоонд зохион байгуулав. Уг арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд, ард иргэд, ЗТХЯ, БХЯ, ЗХЖШ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, УБТЗ-ын удирдлагын төлөөлөл оролцсон юм. Нээлтийн үеэр дээрх байгууллагуудын удирдлагууд үг хэлсэн бөгөөд тэд энэхүү хөшөөг сэргээн засварласанд сэтгэл хангалуун байгаагаа онцлоод энэ жил Октябрын хувьсгал ялсны болон Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгааг дурдаж байлаа. 
 
Энэ үеэр БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам хэлсэн үгэндээ, тавиад жилийн тэртээ үүрэг гүйцэтгэж байсан тухайн үеийн Зөвлөлтийн дивиз Чойр хотын хөгжилд их нөлөөлсөн гэдгийг онцолоод “Монгол, оросын найрамдалт харилцааны илэрхийлэл болсон энэхүү хөшөөг сэргээн засварлаж, том бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж байна. Энэ бол батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд түлхэц болох томоохон ажил” хэмээн тодотгосон юм. 
Нээлтийн арга хэмжээ ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтоор үргэлжилж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүний Цэргийн ёслолын жагсаалаар өндөрлөсөн юм. Харин үүний дараа Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ хөшөөт цогцолборын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 
 
Энэ үеэр зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссоноо хүргэе.
 
ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ХОЛБОЖ ГАЦААЛГҮЙ АЖИЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ
 
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.БАТСУУРЬ: 
 
-Монгол Улс, ОХУ бол эртнээс ах дүүгийн найрамдалт харилцаатай хоёр орон. Энэхүү уламжлалт найрсаг харилцаа, түүхийн нэгэн том гэрч болсон орос цэргийн хөшөөг сэргээн засварлаж, томоохон бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж байгаад аймгийн удирдлагын хувьд сэтгэл хангалуун байна. Цаашид уг хөшөөг түшиглэн томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үүний тулд багагүй төсөв шаардагдаж байгаа ч энэ асуудлыг шийдэж ажил болгохоор зорьж байна. Мөн цогцолбороо түшиглээд спорт цогцолбор, үйлчилгээний төвүүдийг ч бий болгохоор төлөвлөсөн. Товчхондоо, хамгийн олон хүн цугладаг, орос монголын найрамдлын бэлгэдэл болсон аялал жуулчлалын томоохон цогцолбор бий болно гэж харж байна.
 
СОЦИАЛИЗМЫН ҮЕД ӨРНҮҮЛДЭГ БАЙСАН АЯНЫГ САНАГДУУЛЖ БАЙНА 
 
УБТЗ-ын даргын зөвлөх, хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.РАШ:
 
-Социализмын үед жил бүр уламжлал болгон хоёр орны найрамдалт харилцааны сарын аян өрнүүлдэг байсныг тод санаж байна. Энэ уламжлал хэдийгээр саармагжсан ч өнөөдөр тэр үеийн дурсамжийг сэргээлээ. Чойр хот дахь орос цэргийн энэхүү хөшөөг сэргээн засварлаж, томоохон бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж байгаад баяртай байна. “Орос цэргийн хөшөөт цогцолбор” бий болгох том бүтээн байгуулалт богино хугацаанд биелэлээ олно гэж найдаж байна. Орон нутгийн удирдлага, ард иргэдээс эхлээд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ЗТХЯ, БХЯ, ЗХЖШ, УБТЗ гээд олон байгууллага дуу нэгтэйгээр дэмжиж байгаад сэтгэл хангалуун байна.
 
МОНГОЛ, ОРОСЫН НАЙРАМДЛЫН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛСОН ХӨШӨӨ ЦӨӨНГҮЙ БИЙ 
 
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдын Элчин зөвлөх Евгений Иванович: 
 
-Уг хөшөөг сэргээн засварлаж нээлт хийж байгаа төдийгүй, цаашид томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаад туйлын баяртай байна. Энэ том ажлыг бодит болгоход ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас бүх талаар дэмжиж, дуртайяа хамтран ажиллана. Мэдээж монгол, оросын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт учраас тэр шүү дээ. Үүнээс гадна тэртээх дайны он жилүүдэд монгол, оросын цэрэг дайчид хэрхэн тулалдаж, ямар баатарлаг гавьяа, ялалтыг авч ирсэн билээ та бид бүгд мэднэ. Тэрхүү ялалтын гэрч болсон хэд хэдэн хөшөө Халхын голд бий шүү дээ. Тэдгээрийг бас сэргээн засварлавал ямар вэ гэсэн бодол төрж байна. 
 
“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн лицей 10а ангийн сурагч З.БУЛГАНТАМИР: 
 
-Манайх 2014 онд Хөвсгөл аймгаас Чойр хотод шилжиж ирсэн юм. Тэр үед энэхүү хөшөө миний сонирохлыг их татаж байлаа. Тэгээд л аав, ээжээсээ ямар учиртайг нь лавлаж асуугаад, энэ хөшөөний тухай мэдээлэлтэй болсон. Цэргийн сүр хүчийг илтгэсэн энэ хөшөөнд зориулж наймдугаар ангид байхдаа нэг шүлэг бичсэн юм.
 
ХӨШӨӨ 
 
Боржигон их талын салхинд 
Бодол үеэлзүүлэн санаашрах мэт 
Эх нутгаа санагалзан зогсох 
Эр цэргийн хөшөө байна 
Бодол санаагаа салхинд шивнэн 
Боржгины их талд хүргэдэг болов уу 
Хээрийн шувуутай бодлоо хуваалцан 
Дайчин нөхдөө дурсан зогсоно уу 
Орос ах нарын халуун сэтгэлийг дурсан 
Одоо тэнд зогсож буй цэрэг танд 
Эр цэргийн баярын өдрөөр 
Эрхин цэцгийн баглааг өргөе.
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин