sonin.mn
НҮБ-д зэвсгийн шинжээчээр орсноос хойш ажил ажил гэж явсаар төрсөн нутаг Завхан Ургамал сум, Талын гурван улаан, Хүнгүй голдоо очилгүй, ахан дүүстэйгээ золголгүй, ардын засгийн наадмаа үзэлгүй нэг л мэдэхэд арван жилийг ардаа орхиж. Сүүлийн үед нутгаа ч их зүүдлэх болж, ах дүүс маань ч нас өндөр болж өнгөрөх нь өнгөрч, дордох нь дордож.., амралтын хэд хоногоор аавын голомтоо нэг эргээд ирье, Аргалын харын бууцаа нэг имрээд ирье хэмээн зориг шулуудан Гаагаас гаран онгоцоос онгоц дамжин Донойд буугаад аймгийн төв ч оролгүй шууд л нутгийн зүг жолоо залан замдаа Алагийн дөрөлжийн овоондоо чулуу нэмэн давхисаар Мандалын Хар үзүүр даваад орж ирэхэд Талын гурван улаан маань тарж нэг хурж нэг, тэг дундуур нь жирэлзэх Хүнгүй маань галгиж нэг цалгиж нэг тосоход өөрийн эрхгүй нүдний нулимс цийлэгнэж, хоолой зангирч байв. Талын гурван улаан өнгөрөөд баруун урдхан талд Хөх-Аманд төрсөн бууцан дээрээ очиход тавин гурван жилийн өмнөх намайг энэ дэлхийд тосч аван бүлээцүүлж, ээжийг минь тэнхрүүлж байсан аавын гэрийн галын тулгын гурван чулуу жаахан элсэнд дарагдсанаас бус, өөрөөр яг хэвээрээ ширтэж байна. Хамгийн сүүлд гучаад жилийн өмнө ээжийгээ мотоциклээр сундлан ирж төрсөн газраа улам баталгаажуулж энэ тулгын гурван чулуун дээр ёс болгож хээрийн хар цай чанаж ууж байснаа тод санах юм.
 
Маргааш нь аавын гэрийн зуслан хаваржаа намаржаагаар дайран далайн төвшнөөс дээш 2000 м орших аавын гэрийн өвөлжөө болох Хөтөл ус, Аргалын харынхаа оройд гарахад саяхан л хонь хариулж явсан бяцхан миний ул мөр овоо чулуу уул хад яг хэвээрээ.., тэртээ алсад Хан хөхий, Алтай нуруу, Хан Тайшир дүнхийж, Засагт хан төдийгүй Монголын сайхан орон маань алган дээр юм шиг дурайсаар.., ийм сайхан орныхоо хүү нь болж төрөөд, эцгийн гэрийн бууцнаас даян дэлхийг мөрлөж туурга тусгаар улсынхаа туг далбааг мандуулж яваа жирийн монгол эр би нутгийн уулсын орой дээрээс Эх орон, Тусгаар тогтнолын үнэ цэнэ утга учир, иргэн хүнийхээ эрх чөлөөг мэдрэхийн дээдээр мэдэрч байлаа. Ямартаа, 
 
Аршаан булгын усанд чинь
Алдхан бие минь өсөн жаргалаа
Алдхан бие минь жаргасны учраас 
Амь насаа таньдаа зориулъя 
хэмээн дөчөөд жилийн өмнө сургуулийн дотуур байрны оройн тоон дээр дуулж сурсан ЭХ ОРОН ТАНАА дууг амандаа аяархан аяархан аялахын зэрэгцээ, цаг нь болвол Таныхаа төлөө тулалдвал ч тулалдая, алалцвал ч алалцая гэдгээ монгол эрийн хувьд ч, цэрэг эрийн хувьд ч сэтгэл зүрхэндээ андгайлж зогсов.
 
Өнгө мөнгөнд үхмэл Сэтгэл
Өөдсөн биеийг минь үйрэхээс авраг
Үнэний хүчинд омогших Итгэл
Улс Монголыг минь сүйрэхээс авраг!
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт