sonin.mn
Ховд/МОНЦАМЭ/Энэ сарын 9-нд Ховд аймгийн Мөст сумын Давст багт байрлах "Хагийн нуур"-нд УАЗ-469 маркийн машин живж, хоёр хүн амь насаа алдсан хэрэг гараад удаагүй байтал энэ сарын 14-нд Булган сумын Баянгол багийн "Хагшаал" гэх газар 7 настай хүүхэд харзны усанд осолдож aмиа алдcан харамсалтай хэрэг гарлаа.
Эх сурвалжийн мэдээлснээр тухайн хүүхэд мөсөн дээр тоглож яваад харзны усанд унаж, осолдсон байна. Хэдий цаг агаар хүйтэрч идэр есийн хүйтэн тачигнаж байгаа ч гэлээ гол мөрөн бүрэн хөлдөөгүй, зарим газраараа зайрмагтсан байдалтай байна. Тиймээс мөс цөмрөх аюулаас сэрэмжлэн, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой, аль болох баталгаат замыг сонгон явахыг холбогдох газрууд анхааруулсаар байна. 
 
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг