sonin.mn
Ахмад Цогоогийн Пүрэвдоржтой нэлээд хэдэн жилийн өмнө танилцаж, цөөнгүй удаа хамтран ажилласан. Тэрээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвийн хэвлэх тасгийн даргын албыг хашдаг. Энэ тасаг 2008 онд хэвлэлийн машин, өнгөт хэвлэгч, цавууны машинтай байгуулагдахад нь томилогдож, анхны компьютерээ худалдан авч ажлаа эхэлж байжээ. Одоо ч тэр компьютер дээрээ ажил амжуулах дуртай, эрхэмлэж хайрладаг зүйлийнх нь нэг. “Гурвуулаа тасгаа хөл дээр нь босгож ажлаа жигдлэх гэж харихыг мэдэхгүй ажилладаг байлаа. Анхны ажил, бүтээл маань “Цэргийн алба хаагчдын сурлагын дэвтэр”. Дизайныг нь гаргаж, зөвшөөрөл аваад хэдэн өдөр хэвлэсэн юм даг. Дараа нь “Монгол Улсын цэргийн дүрмүүд”, “Цэргийн шинэчлэл” сэтгүүл, “Цэргийн албыг зохион байгуулах заавар”, Халхын голын дайны ялалтын 70 жилийн ойн урилга, ном гээд хөвөрч гарсан. Ачааллын тухайд ярих ч юм биш. Одоо бол харьцангуй гайгүй ээ. Гэхдээ л бас ажил оволзоно шүү дээ” гэж тэр ажлынхаа тухай цухасхан дурдсан. Түүний ажлын ачаалал, онцлогийг би ч бас зах зухаас нь мэднэ. Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагдаж буй олон улсын болон бусад хээрийн сургууль, цугларалт, сургалт, тэмцээн уралдаан, баяр ёслолын арга хэмжээ зэргийн хөтөлбөр, урилга, энгэрийн тэмдэг, батламж, өргөмжлөл, дурсгалын зүйл, гарын авлага гээд ихэнх нь түүний гараар дамжина. “Khaan Quest”, “Сэлэнгэ” зэрэг олон улсын хээрийн сургуулийн үеэр гаргадаг хээрийн сонинг хүртэл Пүүжээ дэглэж, хэвлэдэг. Хятадын ХАЧА-тай хамтарсан “Талын манлайлагч” хээрийн сургуулийн үеэр өдөрт ганц, хоёрхон цаг унтсан болоод л, нойргүй шахам хэдэн өдрөөр ажиллаж бэлэг дурсгалын зүйл, батламж, сонин, гэрэл зургийн самбар гээд бишгүй олон ажлын ард гарахыг нь хараад бахархах сэтгэл эрхгүй төрж байв. Гэхдээ ажил их гээд халтуурдаж байхыг нь хараагүй. Сонины буланд тавигдах бяцхан логоны дизайныг хүртэл маш чамбай, хичээнгүй, уйгагүй хийсэн юм даг. Жижиг сажиг зүйл гээд тэр их ажлын хажуугаар тэгс ингэс хийгээд аргалчихыг хэн байг гэх вэ. Ажилдаа эзэн нь болж чаддагийн илрэл яах аргагүй мөн. Цаг наргүй их ажлынхаа хажуугаар “Шилдэг 100 эффект ба дизайн” гэсэн ном бичээд амжсан бүтээлч нэгэн. “Ажлынхаа ард гарчихаад хийсэн бүтээснээ харах шиг сайхан зүйл байхгүй. Мэдээж алдаа гаргах зүйл байлгүй яахав. Алдаанаасаа суралцаж, давтахгүй байхыг хичээдэг. “Үсэг бол хулгайч” гэсэн үг хэвлэлийнхний дунд байдаг даа.Бидний ажил бүх хүний нүдэнд ил байдаг болохоор амаргүй ээ. Гэхдээ онцлог, сайхан мэргэжил. Үндсэн ажлаасаа гадна анги, байгууллагуудад хүртэл чадах ядахаараа тусална. Гуйлт их. Би ч тэгээд үгүй гэж хэлж чаддаггүй хүн. Одоо ч хэлж сураад байгаа” гэх түүний яриаг сонсож суухдаа нээрээ л үгүй гэж хэлдэггүй байх гэж бодогдсон. Таарах болгонд л инээмсэглэж явдаг түүнийг уурлаж байхыг хараагүй. Даруухан, зөөлөн ааш, зан чанартай гэдэгтэй таньдаг хүмүүс нь санал нэгдэх байх. Түүний цэргийн хүн болсон түүх бас л сонин. УБИС-ийн лицей 104 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөөд СЭЗДС, ХААИС, ХҮДС-д элсэлтийн шалгалт өгч тэнцсэн боловч өөрийн хүссэн сургууль буюу Хилийн цэргийн дээд сургуулийн шалгалтад дүнгээрээ 15-д жагсаж, эхний 4-т багтаж чадаагүй аж. Заавал цэргийн хүн болно гэж зүтгээд Ахлагчийн сургуульд шалгалт өгөхөд онооны дүнгээр нэгт жагсчээ. Энэ сонголтыг нь ойр дотных нь бараг бүх хүн эсэргүүцэж, тэр дундаа аав нь СЭЗДС-ийг хаяж Ахлагчийн сургууль сонгодог хүн чамаас өөр байхгүй гэж уурлан “тангараг тасрах” дээрээ тулсан гэдэг. Ахлагчийн сургуулийг арван долоон настай төгссөн тэр Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид томилогдож, техниктэй “ноцолдож” байгаад салааны захирагчаар үүрэг гүйцэтгэх болов. Худалч хүнд өөрөө ч “цэргийнх” болж амжаагүй шахам түүнд цэргийн дарга болно гэдэг амаргүй байсан нь ойлгомжтой. Цэргүүдийнх нь хамгийн бага өөрөөс нь хоёр ах байсан тухай, насаа нэмж хэлдэг байсан тухай хөгжилтэй дурсамжаа ч ярьсан. Удалгүй КТМС-д гурван жил суралцаж төгссөн төдийгүй бас хэвлэлийн эх бэлтгэгчээр мэргэшээд амжиж, улмаар Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид сүлжээний техникчээр ажиллажээ. Тухайн үед, тэр аяараа л Пентиум II, III гэсэн компьютертэй, өдөрт л 3-4 компьютер форматладаг байсан гэдэг. “Энэ үеэс л хошууч генерал Б.Шагдар, хошууч генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Н.Энхбаялаг, бригадын генерал П.Пүрэвбазар, хурандаа Д.Баасандамба, хурандаа Д.Дугаррагчаа, хурандаа Б.Баатар, дэд хурандаа Д.Энхсайхан зэрэг олон дарга нарын удирдлагад ажиллаж, заавар зөвлөгөөг нь сонсож, их зүйлийг сурсандаа баярлаж явдаг. Ялангуяа Засвар хангалтын төвийн дарга асан дэд хурандаа Л.Пүрэвсүрэн. Дарга маань ажлаа хэрхэн төлөвлөхөөс эхлээд бүгдийг зааж сурган хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэсэн мартаж болохгүй ачтан минь. Ер нь Зэвсэгт хүчин гэдэг их айлын эд эс нь болж, хувь заяагаа холбосондоо үргэлж талархаж явдаг. Сайхан хань, хөөрхөн хүү, ажил мэргэжил, хамт олон, найз нөхөд, орон гэр, унах унаа гээд дутах юм алга. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэлээ. Энэ бүхэн маань цэргийн хүн болсны ач шүү дээ. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр маш олон зүйлийг бодож, эргэцүүлж бас чамгүй их суралцсан” гэж ахмад Ц.Пүрэвдорж яриандаа онцолсон юм. Суданаас ирэхдээ “Аяга Пүрэвдорж” хочтой болчихсон тухай хөгжилтэй яриа ч өрнөв. Яагаад гэвэл цэргийн багт зочилсон хүмүүст зургийг нь тэр дор нь аяган дээр хэвлэж өгдөг байснаас үүдэлтэй гэнэ. 
Бидний яриа хүүхэд залуусын тухай сэдвээр үргэлжиллээ. “Одоогийн залуус жаахан залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болоод байна уу даа, ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, амтыг мэдэрч байж л хүн амжилттай, аз жаргалтай байж чадна шүү дээ. Сэтгэл эмзэглэдэг нэг зүйл бол хүүхэд залуус сошиал ертөнцөд хэтэрхий их автаж, хэрэгтэй хэрэггүй мэдээллээр “тархиа угааж” байгаа явдал. Мэдээллийн орчноо хязгаарлаж сурах хэрэгтэй байх” гэж түүний хэлсэн нь бодох, тусгаж авах зүйлс яах аргагүй мөн. Түүний гэргий Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст нягтлан бодогчоор ажилладаг ахлах дэслэгч цолтой М.Бямбасүрэн гэж бүсгүй бий. Адилхан цэргийн мэргэжилтэй болохоор завгүй ачаалалтай ажлыг нь сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Бид хүүгээ хүнд дараа болохооргүй ажил амьдралаа аваад явчихдаг, хамгийн гол нь эрүүл саруул, зөв хүн болж өсөж хүмүүжээсэй гэж хүсдэг гэж бодлоо хуваалцах зуур аав, ээжийнх нь тухай асуусан асуулт маань түүнд нэлээд хүндхэн туссанд би өөрөө ч багагүй эмзэглэв. Ирландад байхдаа аавыгаа алдаж, ээжийгээ алган дээрээ бөмбөрүүлэх цаг ирлээ гэж ухаарах үест, бас л алс хол Суданд үүрэг гүйцэтгэж байхад нь ээж нь бурхны оронд заларчээ. “Суданаас ирээд ээждээ алтан ээмэг, бөгж авч өгнө гэж хичнээн их бодсон гээч. Гэвч чадаагүй. Ээмэг, бөгжиндөө гол нь биш л дээ. Бид дэргэдээ байгаа эрдэнээ хайрлаж чадалгүй алдчихаад хожим нь харамсдаг юм байна. Найз нөхөддөө аав, ээжийгээ л хайрлаж, амжиж баярлуулаарай гэж хэлдэг” гэж нулимстай өгүүлсэн юм. Гэхдээ аав, ээж нь түүнийг амжилт бүтээлтэй, аз жаргалтай ажиллаж, амьдарч байгааг тэнгэрийн орноос харж байгаа нь лавтай. 
Зэвсэгт хүчний олон арга хэмжээнээс эрхэм уншигч та ахмад Ц.Пүрэвдорж, түүний хамт олных нь бүтээлийг харж, ажил хөдөлмөрийнх нь онцлогийг мэдэрч, бахархан дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ийм нэгэн хөдөлмөрч, санаачлагч залуу бидний дунд мөр зэрэгцэн алхаж явна аа.
 
 Х.Зул
Эх сурвалж: "Соёмбо сонин"