sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Кёкүшюзан сан"-гаас Цагаан сарын битүүний өдрийн бөхийн барилдааны үеэр Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын начин, МУГЖ С.Эрхэмбаярт таван ханатай өргөн цагаан гэр бэлэглэж байна. Энэхүү арга хэмжээний талаар Кёкүшюзан Д.Батбаяраас тодрууллаа.
 
-Ахмад бөхөд өргөө цагаан гэр бэлэглэдэг энэхүү уламжлал хэд дэх жилтэйгээ золгож байна вэ?
 
-17 дугаар жарны Шороон нохой жилийн битүүний энэ өдөр таван ханатай өргөө цагаан гэрээс мэндчилж байгаадаа баяртай байна. Манай “Кёкүшюзан сан” 1999 онд байгуулагдсанаасаа хойш Цагаан сарын Битүүний өдөр амжилттай сайн барилдаж байсан ахмад бөхөд өргөө цагаан гэр бэлэглэдэг уламжлал тогтсон. Энэ жил 19 дэх жилдээ гардуулах гэж байна.
 
-Энэ удаад бэлэглэх гэрээ бариад, идээ шүүс бэлтгэсэн байгаа нь онцлогтой санагдаж байна л даа?
 
-Гэрээ гардуулаад зогсохгүй бөхийн өргөөнийхөө урд бариад, идээ будаагаа засан, бөхчүүд, ард иргэдтэйгээ сайхан битүүлье гэж зорьсон юм. Бөхчүүд маань нэгийн даваанаасаа гарчихаад гэрт орж ирж битүүлэн амарчихаад гардаг байвал зүгээр юм болов уу гэж бодон энэ жилээс шинэ уламжлал эхлүүлж байна.
 
-Бөхийн хийморь сэргээсэн энэ уламжлалаа анх хэрхэн эхлүүлж байв?
 
-Олон сайхан бөхөд таван ханатай гэр бэлэглэж байлаа. Одоог хүртэл тэд маань гэртээ амьдарч байгаа гэж ярьдаг. Тухайн үедээ монгол хүний бэлгэдлийг бодож, таван хошуу мал, таван ханатай гэж бэлгэшээдэгчлэн удаан жил сайхан барилдаж, ард түмнийгээ баясгасан бөхчүүддээ гэр бэлэглэж байхаар шийдэж байлаа. Залуу үе маань тэр сайхан бөхчүүдээ харж, үлгэр жишээ авдаг байгаасай, бөхчүүдийн маань хийморь сүлд нь улам огшиж байх болтугай гэж бодон “Сумо бөхийн холбоо”,  "Кёкүшюзан сан"-гаас энэ уламжлалыг эхлүүлсэн. Монголын үндэсний бөхийн холбооноос ямар хүнд гардуулж өгөх вэ гэдгийг шийддэг. Энэ жилдээ Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын начин, МУГЖ дуучин С.Эрхэмбаяр ахдаа гардуулахаар болж  байгаадаа их баяртай байна.
 
 
-Энэ жилийн сар шинийн барилдааныг өнгийг хэрхэн харж байна вэ?
 
-Наадмын барилдаан бол битүүний өдрийн барилдаанаас өөр. Бөхчүүд маань тэр үеэр бэлтгэлтэй байдаг. Энэ жилийн сар шинийн барилдааны өнгийг тодорхойлж харвал залуу болон улсын цолтой бөхчүүдийг сайхан барилдах байх гэж харж байна. Тэр дундаа О.Хангай, Б.Пүрэвсайхан нарыг харж байгаа. Аваргуудаас С.Мөнхбат аварга их бэлтгэлтэй байгаа бараг түрүүлчих болов уу гэж харж байна. Бас Ч.Санжаадамбыг ч түрүүлчих байх гэж харж байна. Гэхдээ бөхчүүд бүгд бэлтгэл сайтай болсон учир урьдных шиг тэр энэ түрүүлнэ гэх таавар үндсэндээ байхгүй болсон шүү.
 
-Таны гэр бүл Сар шинийн баярыг яаж тэмдэглэдэг вэ?
 
-Японд байхдаа барилдаан эхэлчихсэн байдаг учраас тэмдэглэж чаддаггүй байсан. Ээж аавруу утсаар залгаад зүг чигээ яаж гаргах талаар л асуудаг байсан. Одоо бол гэр бүл, хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээнд их өргөн тэмдэглэдэг. Кёкүшюзаныхаар очьё гэдэг гадна, дотны зочдын тоо нэмэгдсэн.
 
-"Кёкүшюзан сан” цаашдаа ямар үйл ажиллагааг явуулах вэ?
 
-Анх үүсгэн байгуулагдснаасаа хойш олон үйл ажиллагааг явуулж ирсэн. Нийгмийн чиглэлийн сайн үйлсээс гадна барилга, мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь цаашдаа ч энэ чиглэлүүдээ барьж ажиллана. Энэ дашрамд, дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчууддаа битүүний өдрийн мэнд хүргээд, сар шинэдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлж байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг