sonin.mn
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Флорида муж улсын “Marjory Stoneman Douglas” ахлах сургуульд 18 настай сурагч галт зэвсгээр олон хүний амийг хөнөөсөн аймшигт хэрэг энэ сарын 14-нд гарсан билээ. Энэ хэргийн дараа ахлах ангийн хэсэг бүлэг сурагчид зэвсэг биедээ авч явахад хязгаарлалт тавихыг шаардан Вашингтон дахь Цагаан ордны дэргэд эсэргүүцлээ илэрхийлжээ.
АНУ-ын төрийн далбаа болон “Дараагийнх нь би юу?” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан сурагчид Цагаан ордны ойролцоо байрлах явган хүний зам дээр хэвтэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Түүнчлэн тэд Үндэсний галт зэвсгийн холбоог эсэргүүцэн уриа хашгирчээ. Уг холбоо нь АНУ-д галт зэвсэг эзэмших эрхийг дэмждэг бүлгийн нэг аж.
Хэргийг тус сургуулийн сурагч Николас Круз гэгч этгээд үйлдсэн юм. Тэрбээр сахилга батын асуудлаас болж сургуулиасаа хөөгдөж байжээ. Хэрэг үйлдэхийн өмнө тэрбээр галын дохиоллыг дуугарган олон хүнийг сандаргаж, дараа нь гүйлдэж буй хүмүүс рүү гал нээсэн байна. Үүний улмаас 20-50 хүн шархдаж, 17 хүн амиа алдсан юм. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг