sonin.mn
Эр эм хүмүүс, өсч бойжиж буй хүүхэд, өтлөж хөгширч буй хижээл, идэр залуус ер ямар ч хүнийг шинжих талаар тогтсон хэв ёс, тодорхой хэмжүүр манай ард түмэнд аль эртнээс тогтжээ. Тэрхүү нас хүйсний онцлог, сурвалж угсаа хөрөнгө чинээ ажил үйлийн онцлог бүрт хандсан нарийн шинжийг тогтмол тоо бүхий гол шинжүүдээр нарийн мөрдсөн байдаг. Эр хүний шинж, сайн хатны шинж, баян хүний шинж, ухаантай хүүгийн, журамт сайн охины, эх хүний эцэг хүний сайн муу хэдэн шинж гэх мэтээр заасан байдаг. Жишээ нь эр хүний тухайд НОЁН НУРУУТАЙ ГОЛЧ ҮГТЭЙ, ЗОРИМОГ ЭРМЭГ ХОЛЧ УХААНТАЙ АЛСЫН БОДОЛТОЙ байх, эм хүний тухайд ЭЛБЭРЭЛ ЖУРАМТАЙ ЦЭВЭРЧ ЦЭЭЛ, УУР УЦААР ХЭРҮҮЛ ТЭМЦЛЭЭС ХОЛ ТӨВ, САНААНД ОРСНОО БИШ САЙН САЙХАН САНАСНАА ХЭЛДЭГ ЁСЧ байх, баян хүний тухайд ЮМ ҮЗСЭН ХҮНИЙ ӨГӨӨМӨР ӨГЛӨГЧ ЧАНАР, ХҮНИЙГ ГУЙЛГАЧИН ЯДУУ ГЭЖ ИХЭМСЭГЛЭХГҮЙ ХЭЛЦЭЖ ЗӨВШИЖ байх буянтай, олонтой байх, эрдэмтэй хүн ДӨЛГӨӨН ЗАНТАЙ өөрт хандсан хүндээ МЭДСЭН СУРСНААРАА ӨГӨӨМӨР ХАНДАХ, ӨГЛӨГ ХИШГИЙГ БИШ ӨӨРИЙН ТУСЫГ ЭРХЭМЛЭДЭГ гэх мэт тухай бүрт олон шинж бий бөгөөд энэ талаар нарийвчлан судлах, сурталчлан түгээх явдал үндэсний хэмжээний чухал асуудал болно. Энэ бүхэн нь Монгол хүний хар багаас тогтсон БУУРЬ ХҮМҮҮНЖИЛ Танилт, Тунгаалтын ухаан, эрдмийн хэвшил мэдцээс үүдэн үнэн зөвийн үнэлэмж дагуулна.
В. Эрдэм чадлын шинж ёс.
Хүүхэд төрөхөд ЭЦГЭЭС ГАРСАН ӨДРИЙН ГАРИГ, ЭХЭЭС ТӨРСӨН ӨДРИЙН ТӨӨРГӨӨС нь эхлэн цаг өдөр төрх, төлвөөс нь үйл хөдлөл өсөлт бойжилт удам угсаагаар нь нарийн шинждэг байв. Гэхдээ тэр шинэ хүнд тэнгэрийн их хязгааргүй чухам ямар хүч ай түлхүү заяасныг шинжин төрлөх Айс( авьяас) охидос (увидас, пассионар шинж) хүч буйг бие ухаан чадлынх нь онцлогоор нарийн шинждэг байж. АЙ нь тэнгэрээс заяасан хүч зориг ухаан, хүй нь газраас заяасан бие хаа, төрх царай. Иймд дуундаа "Ай Хүй" гэж түрдэг өргөдөг бөгөөд Хүй нь хө хөө гэж дуудагдах тул Хо хо ( өвөрлөгч) Ло, оо ( Алтайн магтаал) гэж эерүүлсэн нь олон янз. Охидос гэдэг нь Ай хүч хурах өсч бүрэлдэх утга бөгөөд түүнийг Упатал гэх самгарьд үгтэй эндүүрэх нь бий.Ай Хүй хүч нь: бөх хүний 32 шинжид бие томруун өвдөг тохой үе мөч гар хөл том, шанаа түүш өргөн, шүд жижиг нягт, ааш зан алив ажлыг хүчээр муйхарлах дуртай, дуу хоолой сайн зөв өнгөтэй, уургач адууч хүний 16 эрдэмд цээж урт гар хөл богино жижиг гэх мэтээр нарийвчлан заасан байдаг. Манайд энэ талын судлал, сурталчилгаа хомсодсон байгаа бөгөөд уг нь нүүдэлч соёлд хамаатай Монгол хүний ахуй амьдрал бүхий л ажил мэргэжлээр ийн зааж шинжсэн байдгийг цаг алдалгүй хөөцөлдөн судалж нэгтгэн багцлах нь өнөө цагийн өнгөнд эрхэм үүрэг болжээ. Эрдэм гэдэг үг тухайн ажил хэргийг бусдаас илүү эрдэж, хошуучлан чадамхай үйлддэгийг нь мөн хүчний шинж төгс болохыг илтгэнэ.
Үргэлжлэл бий.
 
"Монгол ухаан есөн эрдэм" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү