sonin.mn
Хурдан морь уях, уралдуулах нь монголчуудын өв соёл, ёс заншил юм. Энэ сэдвээр Хэнтий аймгийн “Цэцэн хааны хүлэг” холбооны тэргүүн, адуу судлаач Н.Санжаадоржтой ярилцлаа.
 
-Монголчууд морь шүтээнтэй ард түмэн. Сүүлийн үед өвөг дээдсээс уламжлан ирсэн адууны соёл алдагдаад байна уу даа. Та үүнийг юу гэж үзэж байна?
 
-Морьтой холбоотой аливаа асуудлыг томоор харж, төр бодлогоор авч явах ёстой. Үндэсний ёс заншил, ёс суртахууны хэмжээнд ойлгох ёстой юм. Бид монголчуудын оршин байхуйн үндэсний дархлаа гэж ярьдаг. Тэгвэл тэр бүхэн адууны соёлтой холбоотой.
Дэлхийн талыг эзэлж, монгол үндэстнийг, монгол хүнийг бий болгосон гол суурь нь монгол адуу юм. Адуу байгаагүй бол монголчууд тийм амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү. Монгол үндэстэн дэлхий дээр үлдээ ч үү, үгүй ч үү. Төр улс маань адууны хүчинд оршин тогтносон. Тиймээс адуу шүтээн болж дээдлэгдэж ирсэн.
Түрүүлсэн адуугаа Төрийн түмэн эх гэж алдрыг нь өргөн цоллодог. Гэтэл өнөөдөр адуутайгаа ёс бусаар харьцдаг боллоо. Үүнд өнгөрсөн намар бойны газарт адууг элдвээр тамлаж алсан явдал яах аргагүй орно. Монголчууд таван хошуу малаа ёс бусаар тамлаж алах нь бүү хэл, араатан амьтныг ч тамлаж алдаггүй.
Амьтныг тамлаж алж байгаа, түүнийг харж байгаа хүн, ийм сурталчилгаа харагдаж байгаа нийгэмд хүмүүсийн ухамсар, оюун санаа, хүн байх ёс суртахуун ямар байх вэ. Монголчууд монгол эр хүний хийморь адуугаа дагаж явдаг гэж үздэг, морио дээдэлдэг. Адууг элдвээр тамлаж, зүй бус харьцана гэдэг үгээр дамжуулж монголчуудын хийморийг доройтуулж байгаа буруу жишиг.
Уламжилж ирсэн ёс заншил, хүмүүсийн оюун санаанд хүмүүжил болж туссан энэ зүйл маань өнөөдөр алга болж байгааг анхаарч хуульчлах юм уу, ямар нэгэн дүрэм журмаар шийддэг болмоор байна.
 
-Адууны соёлын амь сүнс нь эрийн гурван наадмын нэг үндэсний морин уралдаан. Гэтэл бас л гажуудал, өнгө мөнгө, алдар нэр, ёс бусын өрсөлдөөн болж хувирлаа?
 
-Үндэсний морин уралдаан бол өв соёл, ёс заншил учраас хамгаас илүү үнэ цэнэтэй. Үндэстний энэ хосгүй соёлыг аварч хамгаалах төрийн бодлого үгүйлэгдээд байгааг цаг үе маань шаардаад байна. Монгол үндэсний морин уралдааныг хувь хүмүүсийн үзэмж, нөлөөгөөр өөрчлөх гэсэн сүүлийн 20-иод жилийн үр дүнд "үндэстний өв соёл” байх мөн чанар арчигдаж устах дээрээ тулж төрийн наадамд ч хямрал нүүрлэсэн.
Монголын морин спорт уяачдын холбооны бодлого үндэсний морин уралдааныг ийм болгосон нь ч үнэн. Холбооны удирдлагад гарч ирсэн өндөр албан тушаал, алдар цолд дур сонирхолтой. нэр хүндийн бизнесийг эрхэмлэгч нүүдэлчин ахуйгаас хөндий, хөрөнгөлөг нөхдүүдийн хөнгөн сэтгэлгээний үр дүн нь энэ.
Уяачдын холбооны удирдлагын албан тушаал, эрх мэдэл том болохын хэрээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг гууль болгон зорилгоо хэрэгжүүлж тэр нь өнөөгийн үндэсний морин уралдааны ёс жудгаа гээсэн самуурал будлиан, луйвар, хэрүүл, тэмцэл болж илэрч байгаа хэрэг.
 
-Тухайлбал?
 
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна”, “Баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ...” гэх мэтээр уралдааны насны ангилал, арга хэлбэрийг нь тодорхой заасан.
Гэтэл хуулийг үл хэрэгсч төрийн наадмын морины уралдаанд гурван насны эрлийз адуу нэмж уралдуулдаг болгосон зэрэг үндэстний соёл ёс дэгийг эвдсэн. “Үндэснийихбаяр наадмын тухай” хуульд “Уяачид” цол олгоно ... гэж заасан байдаг. Уяач нь өв соёлыг тээгч иргэн болохоос тэмцэлдэгч тамирчин мэт ойлгох нь буруу.
Уламжлалт ёс заншлаар эрэмбэлэн үнэлэгддэг, эрдэмлэг чадвар, ёс суртахууны өндөр үнэлэмжээр олонд хүлээн зөвшөөрөгдөн хүндлэгдсэн уяачид цол хэргэм олгодог зарчимтай баймаар. Гэтэл ийм хүндэтгэх үнэлэмжгүй, эрэмбэ зиндаагүй атлаа сум аймгийн цолыг голж Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулан “манлай, тод ; манлай уяач” гэх мэт цолыг дарга, сайд, УИХ-ын гишүүд ичгүүргүйгээр өөрсдөдөө олгодог болсон.
Энэ үйлдэл нь үндэстний соёлт чанар алдагдаж, ёс суртахуунгүй, ичгүүргүй ёс цээрээ алдахад үлгэрлэл болсныг орон нутагт уяач бүр л ярьдаг. Монголын төр, монгол соёлоо, монгол адуугаа хамгаалахгүй бол үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхөөр байна.
 
-Үндэсний морин уралдаан гэснээс та Хэнтий аймгийн уугуул, танай нутгийг хурдны өлгий гэдэг. Энэ түүхээс сонирхуулна уу?
 
-Хэнтий халхын дөрвөн аймгийн нэг. Цэцэн хааны нутгийн төв Галшар сум бол Цэцэн хаан аймгийн 24 хошууны нэг юм. Долоон хошуу Даншиг наадмын хурдан морины цуваа 1820-иод оноос хойшх нь олдсон. Энэ үед Цэцэн хааны хүлгүүд Долоон хошуу Даншиг наадамд ноёлж байж.
Нэг хэсэг 1820-1840 он хүртэл Даншигнаадмын бүх түрүү, айргийг Амбан цэцэн хаан Арт Сэд гэдэг ноён авч байсан баримт бий. Цэцэн хаан өөрөө морь уях дуртай, моринд хайртай хүн учраас хошууны ноёд дагаад морь сойж уралдуулдаг болсон.
Үүнийг залгуулаад одоогийн Батноров сумын Дайчин засаг Б Дашдондов гэдэг ноён хоёр түрүү, 20 гаруй айргийг авч байсан түүхтэй. Мөн Боржигон цэцэн ван Н.Цэрэнсандив, Далай вангийн хошууны Ч.Гомбодорж нар залгасан түүхэн уламжлалтай.
Сүүлийн 170 гаруй жилийн хурдан морины уралдаанд Цэцэн хааны хүлэг давамгайлсан байдаг. Эндээс Цэцэн хааны хүлэг, Галшарын хурд эхтэй болов уу. Үүний дараа Хардал жанжин бэйс М.Пүрэвжав анхныхаа түрүүг авсан байдаг.
 
-Тэгэхээр адууны өв соёл, уламжлал тэр дотроо хурдан морины уралдаантай холбоотой ёс дэг зүүн аймгуудаас улбаалжирсэн болов уу?
 
-Монголчуудын адуутай харьцах соёл нь тэр чигээрээ ёс суртахуун, хүн байхын ухаан, жудаг байсан. Социализмын үед аль болох түүнээс хөндийрүүлэх бодлого явагдсан. Хотжилт ч бас уламжлалт соёлоос хөндийрөхөд нөлөөлсөн. Зүүн аймгуудын хувьд бусдаас ялгаатай нь хурдан морины соёл илүү хөгжсөн.
Хамгийн гол соёл бол морь, хүүхэд мэнд байх тухай юм. Энэ нь хамгийн нэгдүгээр зорилт, ёс заншил болсон байдаг. Үүний нэг баталгаа нь зүүн нутагт хүүхэд зайдан морь унаж байгаагүй. Зайдан морь унахыг муу хэлдэг, хоригдол шиг хөлөө унжуулчхаад гэж дургүйцдэг. Эмээлтэй байх нь ямар ч үед хөгжил. Ер нь дөрөөтэй болсноор мориор дэлхийг туулсан гэж түүхэнд үздэг шүү дээ.
Тэгэхээр зүүн бүсэд морины соёлын хөгжил илүү байсны илрэл. Дээр нь адуутай харьцах соёл нь тэр чигээрээ ёс суртахуун, хүн байхын ухаан, жудаг байсан учраас хурдан морь унаж өссөн хүүхэд өсч том болоод тийм л хүн болж төлөвшинө.
 
-Сүүлийн үед хүүхэд мориноос унаж эндэх, бэртэж гэмтэх, хацар нүүрээ хөлдөөх явдал их гарах болсон талаар та юу хэлэх вэ?
 
-Уламжлалт түүхэнд өвөл, хаврын морин уралдааныг яаж хийдэг байв гэдгийг эргэж харах хэрэгтэй. Тэр бол нутаг нутагтаа, жалга довондоо айл саахалтаараа нийлээд хийдэг байсан уралдаан шүү дээ. Ёс уламжлал, зан заншил, билэгдлийг шингээсэн 10-20 морь уралдуулж жилийн өнгөө хардаг.
Хийморио сэргээж, түрүүлснийг нь Цагаан сарын идээнээс нэг, нэг боовоор шагнадаг байсан тийм л зүйл. Уралдаан товлосон өдөр нь хүйтэн байвал больчихдог, эсвэл хойшлуулдаг. Зам муу байвал больчихдог байсан. Гэтэл сүүлийн үед нутаг, жалгандаа хийдэг билэгдлийн уралдааныг бизнес сэтгэхүйгээр томруулан 200-300 морь уралдуулж тэмцээний хэлбэрт оруулж байгаа нь эрсдэлтэй, морь, хүүхдэд осолтой. Тэд ямар хүйтэн байна гээд хойшлуулах биш, зам муу байна гээд болихгүй. Тэгэхээр зан заншил, ёс уламжлал, билэгдэл тэнд алга. Тиймээс уралдаан биш дампуурал.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин