sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааны оруулах хувь нэмрийг тодорхойлох, шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл (МЭҮЗ)-өөс зохион байгуулж буй энэхүү зөвлөгөөнд ШУА болон түүний харъяа хүрээлэнгүүдийн 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.
Монгол Улс 20 дугаар зуунд аж үйлдвэржсэн орнуудын эгнээнд орж байсан ч сүүлийн жилүүдэд бусад улсаас харьцангуй хоцорч байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа. Тухайлбал, 1989 онд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 30 хувийг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг байсан бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн 20 хувийг бүрдүүлдэг байжээ. Харин өнөөдрийн байдлаар экспортын бүтээгдэхүүний 90 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж буй юм. Тиймээс Монгол улс дэлхийн аж үйлдвэрийн түүхий эдийг ханган нийлүүлэгч байх уу, аж үйлдвэржсэн орнуудын эгнээнд байх уу гэдэгт хариулах цаг болсон гэдгийг эдийн засагч Х.Батсуурь илтгэлдээ дурьдлаа. Мөн тэрбээр аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төр, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил нягт хамтран ажилладаг байх шаардлагатай гэдгийг дурьдлаа. Засгийн газраас газрын тос, зэс хайлуулах болон нүүрснээс хий гарган авах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд эрдэмтэд ч мөн идэвхтэй оролцож, санал бодлоо тусгах нь шаардлагатай хэмээсэн юм.
Мөн тэрбээр, “Монгол Улс суурь хэрэгцээний буюу хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч, газрын тос зэргийг дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болох нь туйлын чухал. Саяхан шатахуун импортлогч компаниуд шахалт үзүүлснээс үүдэн нийгэм, эдийн засгийн амьдралд олон асуудал үүссэн. Тэгэхээр бид суурь хэрэглээний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэснээр гадны шахаанд орохгүй байх, эдийн засгийн аюулгүй байдлаа хангах зэрэг чухал ач холбогдолтой” гэлээ.
Монгол Улс өнөөдрийн дэлхийн шинжлэх ухааны хөгжлийг гүйцэх боломжгүй тул угтан авах буюу инновацийн хөгжлийг дэмжих шаардлагатай гэдгийг доктор Д.Батчулуун илтгэлдээ дурьдсан. Тэрбээр, “Инноваци бол өмнө нь бий болсон мэдлэгийг хөгжүүлэх ойлголт юм. Жишээлбэл, бусад оронд үйлдвэрлэж байгаа балыг дотооддоо бүтээхдээ түүнийг бичиг арилгагчтайгаар эсхүл ухаалаг гар утасанд ашиглах боломжтой зэргээр шинэчилж, илүү мэдлэг шингээж үйлдвэрлэх нь бусад улсуудтай мөр зэрэгцэн хөгжих гол боломж юм. Бусад улс төр, хувийн хэвшил болон шинжлэх ухааны байгууллагуудын нягт хамтын ажиллагаан дор хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, Шинжлэх ухааны байгууллагууд бүтээсэн мэдлэгээ хувийн хэвшилтэйгээ хуваалцаж, түүнийг үйлдвэрлэхэд нь төрийн зүгээс татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Монгол Улс инновацийн тухай хууль баталж, Шинжлэх ухааны үндэсний парк байгуулах ажлыг эхлүүлсэн. Цаашдаа бусад орны жишгээр хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Ингэхдээ шинжлэх ухаан, инновацийн хөгжилд их хэмжээний хөрөнгө зарцуулах хэрэгтэй" гэв.
 
Зөвлөгөөн үргэлжилж байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг