sonin.mn
Философийн ухааны доктор, гавьяат багш, бэлтгэл дэд хурандаа Б.Галиндэвтай уулзаж, хувь хүний ёс суртахуун, цэргийн албаны нийгэмд гүйцэтгэх үүрэг, шашны мөн чанар зэрэг сэдвээр ярилцсанаа уншигч танаа болгоож байна.
 
Өнөөдрийн нийгэм ёс суртахууны хувьд доройтсон нь сүүлийн үед гарч буй элдэв хэрэг явдлаас харагдаж байна. Философич хүний хувьд нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэхэд цэргийн албаны гүйцэтгэж буй үүрэг хэр их гэж та боддог вэ?
 
-Бид 1990-ээд оноос хувь хүний төлөвшил, ёс суртахууныг шаарддаг тэр нийгэм рүү алхаж орсон. Үүнийгээ Үндсэн хууль болон бусад баримт бичигт тодорхой тусган оруулж, эрх зүйн хувьд ч тэр хүний эрхийг олон талаар хүлээн зөвшөөрсөн. Хуулиар олгогдсон эрхийг дагаад үүрэг, хариуцлага нэмэгдэж байдгийг бид төдийлөн ойлгоогүй юм шиг. Ер нь бид амьдарч буй нийгмийнхээ цаад мөн чанарыг ойлгох нь чухал. Зах зээлийн нийгэм нь тэр чигтээ өрсөлдөөний талбар. Энэ нь цаанаа хувь хүний эрх чөлөөг дархалж байгаа нэг хэлбэр юм. Тийм учраас гарцаагүй бие хүний төлөвшил онцгой ач холбогдолтой. Хүн бүр дураараа, ёс суртахуунгүй авирлаад ирвэл энэ нийгмийн мөн чанар арилна. Нөгөөтэйгүүр тэсвэр хатуужил, тэвчээр, тавьсан зорилгынхоо төлөө тууштай явж, үр дүнг нь үздэг эрхэм чанарыг хувь хүнд суулгадаг онцлог салбар бол Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин юм. Залуусын дунд өөртөө үнэнч байх чадвар дутагдаж байна. Тодорхой зорилго тавьсан бол түүндээ хүрэх гэж тэмүүлдэггүй, бэрхшээл тохиолдохоор шантраад буугаад өгчихдөг, бусдын нөлөөнд амархан автдаг гээд олон дутагдал бий. Иймд бие хүнийг зах зээлийн нийгэмд амьдрахад, хөлөө олж, төлөвшин хүмүүжихэд цэргийн алба хамгийн их боломжтой салбар. Мэдлэг боловсролоо ч олно, тэсвэр хатуужил, бие биеэ харилцан хүндэтгэх захирах, захирагдах ёсыг мэдэх, байлдааны зэвсэг техниктэй харьцах, даалгасан үүргийг цагт нь биелүүлэхийг чармайдаг дадлыг энэ салбараас олж авдаг. Ингээд бодохоор манай цэргийн алба хаагчид бусад иргэний байгууллагуудын залууст биет үлгэр жишээ үзүүлж, тэдэнд цэрэг-эх оронч хүмүүжил олгох ёстой гэж боддог. Ялангуяа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн, хүнд хэцүүг туулаад ирсэн залуус маань туршлага, сургамжаа хүүхэд, залуустаа ярьж, үлгэр жишээ болох хэрэгтэй.
 
Ихэнх улс нийгмийн ёс суртахуунаа шашнаар дамжуулж бэхжүүлж байгаа харагддаг...
 
-Шашин, ёс суртахуун хоёр гар гараасаа барилцаад явдаг нийгмийн хоёр институти. Шашин өөрөө нарийн төвөгтэй ойлголт. Энэ нь нэг талаас гэгээрлийг нөгөө талаас мухар сүсгийг агуулж байдаг. Монголчууд түүхийнхээ хувьд буддын шашинг дөрөв дэхь удаагаа дэлгэрүүлээд байна. Гэвч энэ шашин бидний дунд өөрийнхөө мөн чанараар оршиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, буддын шашин маш ашигтай, сая саяараа мөнгө эргэлдэж байдаг бизнесийн нэг салбар болсон. Хүмүүс сүм, хийдэд ном уншуулах гэж мөнгө төлдөг, түвд хэлээр чухам юуны тухай яриад байгааг нь иргэд мэддэггүй. Ингээд ирэхээр шашин нь философи утгаасаа салаад ёс заншил болж хувирдаг. Аль ч шашинд ёс заншил нь нэмэгдээд ирэхээр мухар сүсэг болдог. Харин философи утга санааг нь ойлгох тал руу хэлбийвэл гэгээрэл болдог. Ер нь залуусын дунд шашны сурталчилгаа хийх ёстой. Гэхдээ буддын шашныг шүтээч, энэ шашин нь тэр шашнаасаа илүү гэх зэргээр биш. Шашны тулгуур үзлийг залууст тайлбарлаж, түүгээр дамжуулж өндөр ёс суртахууныг олгож болно. Шашны итгэл үнэмшил гэдэг бусад хувь хүний итгэл үнэмшлээс хамгийн амь бөхтэй. Хэдэн зуу мянган жилээр үе уламжлагдаад хүмүүсийн дунд бий болгодог. Шашны тодорхой уламжлалт ёсыг зөрчих нь хүмүүст нүгэл төдийгүй хувь заяанд хүртэл цөвтэй гэж боддог. Тиймээс хувь хүний оюун санааг гэгээрэл тийш залах, хүмүүсийн зан үйлийг дотроос нь зохицуулдаг хамгийн их нөөцийг агуулж байдгаараа шашин онцлог. Цэргийн алба хаагчдын дунд ч үе үе буддын томоохон лам нарыг урьж лекц уншуулмаар санагддаг. Ер нь хүн сэтгэлээ ариун байлгана гэж юуг хэлдэг юм, шуналаа тэвчих, сэтгэлээ номхотгох, үйлийн үр, шүтэн барилдлага гэх зэрэг өргөн сэдвийг тайлбарлаж, албандаа зөв хандлагаар ажиллаж, хөдөлмөрлөх итгэл үнэмшлийг олгоход буруу зүйл үгүй гэж санагдана. Түүнээс биш элдвийн ном уншуулж, сан тавиулах төдийд бол дэмий. Ер нь сүүлийн үеийн лам нарын телевизэд өгч байгаа ярилцлагыг үзээд суухад манайд ирж буян үйлдэж, заслаа хийлгээрэй гэх зэргээр хийдийнхээ эрх ашгийг бодсон үгс олон хэлж байгаа харагддаг. Гэхдээ бүгд тийм гэвэл эндүүрэл. Гавж Д.Нямсамбуу, С.Гантөмөр гээд олон сайхан залуу лам нар шашны мөн чанарын тухай тайлбарлаж байгаа нь сайн хэрэг. Шашныг бид хүмүүсийг гэгээрүүлдэг оюуны том институти гэдэг талаас нь хүлээж авах хэрэгтэй.
 
Төрийн түвшинд авч үзвэл манай улсад үеийн үед дагаж мөрддөг, ард түмнээ гэгээрүүлдэг томоохон нийгмийн оюун санааны баялаг байна уу?
 
-Монгол бол онцлогтой орон. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ ертөнцийг үзэх үзлийг түүхийн нугачаандаа маш хурдан олон удаа сольж байсан улс. Тухайлбал, ардын хувьсгалаас өмнө Монголчуудын ертөнцийг үзэх үзлийг буддын шашин зангидаж байлаа. Гэхдээ тухайн үед буддын шашин хүмүүсийг тууштай гэгээрүүлж байсан уу гэвэл үгүй. Тус шашин хямралд орж, бусдад буян хийж, гэгээрэл түгээх бус ашиг сонирхолын ноёрхол нь өссөн. Эрчүүдийн 45 хувь хийдэд шавилан суудаг болжээ. Лам нар нь өргөл барьцанд анхаардаг болсон. Ингэж байтал шашиныг халж, “Марксисзм” орж ирлээ. Хүмүүсийн үзэл санааны ертөнц солигдож, хуучин уламжпал болгон хэрэггүй болж, шашины хамгийн түрүүнд устгалаа, ёс заншлаа ч үгүйсгэж эхэлсэн. Ийм байдалтай 70 гаруй жил байж байтал 1990 он гарч Либераль үзэл баруунаас орж ирлээ. Марксизм хэрэггүй болж, социалист тогтолцооны үед байсан сайн сайхан зүйлс ч муухай харагдаж, тэр үетэй холбогддог бүх зүйлс ад үзэгдсэн. Буддын шашнаа сэргээх гэтэл буруу замаар орж, бизнес болгоод явчихсан. Хүмүүс либераль үзлийнхээ ч учир утгыг ойлголгүй амьдарч эхэллээ. Ардчилал гэдгийг бид хувь хүн бүр өөрийнхөө эрхийг эдлэх юм байна, санаснаа хийх юм байна гэж ойлгоод, хариуцлага гэдэг зүйлийг нь хүлээж аваагүй. Ялангуяа төрийн удирдлагын түвшинд ардчилал гэдгийг хариуцлагаа ухамсарлах тогтолцоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд ирэхээр Монголчууд шашин, марксист, либераль гээд аль алиных нь ч уламжлалгүй үлдэж хоцорсон улс болж таарч байгаа юм. Одоо ч гэсэн бид либерализмынхаа учир утгыг ойлгож амжаагүй л явна. Өөрөөр хэлбэл, Монголчуудад үеийн үед тулгуур болгоод аваад явчих оюуны баттай суурь үлдээгүй. Тийм болохоор бид бусдыг даган дуурайдаг, хэлбэрддэг ч байж мэдэх юм. Гэтэл манай урд хөрш өөр. Одоо болтол Күнз, Даогийн сургааль хүчин төгөлдөр. Оросод ч мөн адил үнэн алдартны шашин маш их нөлөөтэй. Зарим хүмүүс Оросын ардчиллыг зөв голдирлоор явуулах, Оросын тусгаар тогтнол, орос хүний эх оронч, ертөнцийг үзэх үзэлд үнэн алдартны шашин гол үүрэг гүйцэтгэж байна шүү гэж яридаг. Уламжпалт нийгмийн оюун санааны баттай суурь нь тухайн улс орны ард түмнийг нэг чигт залуурдаж, хөгжлийн баттай суурь болдог юм байна. Хоёр хөршийн сүүлийн үед явуулж буй бодлогод Орос мөрөөдөл, Хятад мөрөөдөл гэж их яригдах боллоо. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины парламентад хийсэн мэдэгдэлд “Бидний 10 жилийн зорилго, Орос орны ойрын ирээдүй, цаашдаа юу хийх ёстой гэх зэргийн үгс маш их дурдагдлаа. Тухайлбал, ирэх 10 жилийн дотор Орос улс нь дэлхийн топ таван эдийн засагтай улс болно. Хүн амын дундаж наслалтыг 80 хүргэнэ гэв. Хятад ч гэсэн ирэх гурван жилд ядуурлыг бүрэн устгана, дэлхийн тэргүүлэгч гүрэн болоход тавигдаж буй шаардлага гэх зэргийн үгсийг аливаа хурал, цуглааны үеэр хэрэглэх болсон нь анзаарагдаж байна. Хоёр хөршийн ард түмэн нь тэр аяараа нэгдсэн том зорилго руу хөдөлж, хүмүүс нь ч түүндээ итгэл найдвар, урам зоригоо өгч зангидсан гар мэт урагш тэмүүлж байгаа хандлага нэгэнт бий болжээ. Хятадын Бүх Ард түмний нэгдсэн хурлаар баталж байгаа хуулийн өөрчлөлтийг 100 хувь иргэд нь дэмжлээ, В.Путиныг ард түмэн нь илт давуугаар дахин ерөнхийлөгчөөр сонголоо. Манайхан үүнийг хараад хоёр гүрэнд ардчилал хөгжөөгүй байна гэж ярьцгаадаг. Гэтэл ард түмэн нь эх орныхоо эрх ашиг, үнэт зүйлээ нэгдүгээрт тавьж, явах замаа өөрсдөө сонгож байгаа нь улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэх гол зүйл байдгийг тэд ойлгосон байна. Бид нарт ийм үзэл байх ёстой.
 
Батлан хамгаалах салбарын тухайд Та юу хэлэх вэ?
 
-Ардчилсан тогтолцоо дөнгөж эхлэж байх үед над мэтийн хүн “Ер нь хоёр том гүрний дунд байгаа манайх шиг жижиг үндэстэнд Зэвсэгт хүчний хэрэгцээ байна уу” гэж санал тавьж байлаа. Энэ бол миний солиорол, алдаа байсан юм. Апь ч улсад Зэвсэгт хүчин байх ёстой юм байна. Энэ нь хоёр утгатай. Нэгдүгээрт, Зэвсэгт хүчин үндсэн үүргээ биелүүлж, тусгаар тогтнолоо манаж хамгаалах явдал. Нөгөө нь тухайн улсын хөгжил дорой байх тусмаа, хүн амын зонхилох үе нь залуус байх тусмаа Зэвсэгт хүчин заавал байх ёстой. Нийгмийн зонхилох хэсгийг цэргийн албаар сурган хүмүүжүүлэх нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэн чухал бодлого байсаар ирсэн. Цаашид ч байх ёстой. Манай цэргийн алба хаагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ нь орчин үеийн техник, хэрэгсэлтэйдээ биш, олон эсвэл цөөн тоотойдоо биш, хүн нь тэгж бэлтгэгдсэн явдал нь бидний том бахархал юм. Манай улсад батлан хамгаалах салбараас өөр дэлхийд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн салбар байхгүй шүү дээ. 
 
Ярилцсан Ахлах дэслэгч М.Мөнхзориг
Эх сурвалж: "Соёмбо сонин"