sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” булангаараа дэлхийн болон Монголын сонгодог урлагийн анхдагчуудыг танилцуулж байна. Энэ удаад Монголын үндэсний анхны дуурь “Учиртай гурван толгой”-н Юндэнгийн дүрийг анх амьдруулсан гавьяат жүжигчин А.Цэрэндэндэвийн тухай онцоллоо.
 
 
УДБЭТ-ын тайзнаа 80 гаруй жил эгшиглэж буй бүтээл бол Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурь билээ. Энэ бүтээл Монголын сонгодог урлагийн ууган бүтээлээс гадна дэлхийн тайзнаа анх дуулагдсан монгол дуурь гэж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Нэрт зохиолч Д.Нацагдорж Орос, Герман улсад зорчиж, өрнийн соёлыг үзэж ирээд энэхүү бүтээлээ “Үйлийн гурван толгой” нэрээр анх бичиж байжээ. Зохиолд Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын янаг амрагийн эмгэнэлт явдлын тухай өгүүлдэг. Жүжгийг анх 1934 онд нэрт зохиолч Д.Намдаг гуай “Бөмбөгөр ногоон” театрт тавьсан. Харин 1942 онд дуурь хэлбэрээр УДБЭТ-ын тайзнаа тогложээ. Цаг үе бүхийн өөр, өөрийн Юндэн, Нансалмааг төрүүлсэн. Тэгвэл бидний онцлох Юндэн Монголын “анхны Юндэн” гэдгээрээ онцлог. Тэрээр насан туршдаа халхын сайхан Юндэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн гавьяатай нэгэн билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв Төв аймгийн Бор-Өндөр сумын уугуул. Анх 1923 онд Цэргийн клубт жүжигчнээр орж, урлагийн гараагаа эхэлсэн түүхтэй. Харин 1942 онд “Учиртай гурван толгой” дуурьт тоглосноор түүний уран бүтээлийн зам тодоос тод гэрэлтэж эхэлсэн юм. Тэрээр уран бүтээлчээс гадна монгол эр хүний шинжийг хадгалсан, гүндүүгүй хүн байсан гэж одоо ч мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадууд дурсдаг.
 
ГАДААДАД ТОГЛОСОН АНХНЫ ДУУРЬ
 
 
1942 онд УДБЭТ-ын тайзнаа энэ бүтээл амьдарснаас хойш дэлхийн олон оронд очиж тоглогдсон байдаг. Үүний нэг жишээ нь 1947 онд Чехословак улсад болсон Дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цог­зол­маа нар дуурийн хэсгээс дуулж оролцжээ. Тэгэхээр А.Цэрэндэндэв агсан дуурийн дуучдаас анх удаа монгол бүтээлээ дэлхийд дуулсан уран бүтээлч юм.  Үүнээс гадна 1959 онд Хятадын хувьсгалын 10 жилийн ойгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод уг дуурийг тоглоход Ардын жүжигчин С.Гэндэн туслах найруулагчаар ажилласан байна. Уг тавилт нь хятад дуурьтай төстэй болсон бөгөөд тайз, хувцасны загварыг Л.Гаваа, Ц.Доржпалам нар хийжээ. Мөн “Учиртай гурван толгой” дуурийг 1955 онд Тагна Тувад бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглосон бол 1988 онд Казахстаны Алма-Ата хотод “Ламбугайн нулимс” дуурийн хамт тоглосон байдаг. А.Цэрэндэндэвийн алтан хамтрагч бол Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа билээ. Тэрээр хамтрагчийнхаа тухай “Бид Юндэн Нансалмаад олон жил хамт дуулсан. А.Цэрэндэндэв маань хамт дуулахад их түшигтэй хүн байж билээ. Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар наадамд оролцож байхад бидний урд, урдаасаа гүйдэг хэсэгт монгол,орос эмэгтэйн гүйлт өөр байдаг юм гээд намайг зэмлэж билээ. Өөрөө жинхэнэ монгол эр хүний шинжийг хадгалсан моринд эрэмгий хүн байсан” гэж дурссан юм.
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин