sonin.mn


Малын хөлийн тоос, бууцны үнэрээс хөндийхөн өссөн хэрнээ хөдөөгөө, уул талаа их санах юм. Хожим сургуулийн мөр хөөж, гэрээсээ гараад суурин амьдралд өөриймсөж, хотын гудамж, хүний хөл, машин тэрэгний чимээнд дассан ч гэлээ ийнхүү хөдөөгөө санах, хүүхэд насаа санагалзах сэтгэл зүрхний минь мухарт нуугдаад л байж.

Харин ийм амттай, жаргалтай дурсамжууд хоёр л зүйл дээр илтэд сэргэх юм. Үүнийгээ өнгөрсөн намраас илүүтэй их мэдрэх шив дээ. Ялангуяа, цагаан сарын үеэр. Аав, ээждээ золгох гэж очиход илүүтэй их сэргэдэг нь сайхан. Шинийн гурванд багтаж ирж, золго гэдэг хатуу лүндэн буулгадаг аавтай, үнсүүлэх гэж очих ээжтэй байх энэ насны минь нэг жаргал гэж олзуурхдаг ч хормойдож өссөн буурайгаа гэртээ очих бүртээ үгүйлдгээ нуугаад ч яахав дээ.

Миний буурай ээж Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хөшөөтийн голын хүн. Хуучнаар бол, Дайчин вангийн хошууны Сундуй гүний хошууны Шагдар хүнд гэдэг хүний ганц охин нь. 1902 онд төрж, 94 наслахдаа нэг л удаа эмнэлэгт хэвтсэн. Тийм их эрүүл биетэй, түүнийгээ дагадаг сан уу, саруул, тавиу ухаантай. Манай гэрийн гаднахийг гэрт оруулж, доторхийг нь бөөгнүүлж төвхнүүлдэг ганц хүн нь. Өнөөгийнхөөр бол, зах зээлийн гүйлгээ ухаантай, дайчин шаргуу хүн юм уу даа.

Наяад оны сүүлчээр нэгдлийн албан хаагчдын хувийн малын тоо толгойг хязгаарлаж байх үеэр манайхаас өөрөө Даваанямынх гэдэг өрх тасалж, малаа хоёр хуваан тоолуулан, ухаан сийлж байв. Уртын дуу, айраг хоёрт ясны дуртай, сайхан ч дуулна. Буурайгийнхаа "Бор борын бялзуухай босон суун жиргэнэ..." гээд дуулахад нь хажууд нь хачиг шиг наалдаад л айлын найр хэсэж явлаа. Өвөлжин айргаа уугаад өвөлждөг сөн. "Шарыг нь авахаар дурыг нь ав" гэж сургадаг, хэлэх гэснээ хэнээс эмээлгүй намжирдаж ирээд л хэлчихдэг, сүрхий үнэн үгтэй сэн.

Миний аавыг төрүүлээд эцгийндээ өгч хүн болгосон, үлдсэн ганц хүү нь болохоор биднийг амин голоосоо хайрлаж өсгөсөн дөө. Дээр нь, 17-хон настай айлын бэр, хүүхдийн эх болж ирсэн ээжийг минь эхийнх нь оронд эх болж амьдралд төлөвшүүлсэн юм. Хүүхдээ өсгөх нь бүү хэл, өөрөө хүүхдээрээ ирсэн ээжид минь төрснөөсөө илүүтэй байж, манай гэрийн амьдралыг бүтэн бүлээн байлгасан хүн дээ. Харин одоо миний ээж өөрөө аль хэдийнээ хадам ээжээр барахгүй өндөр эмээ болчихсон.

Саяхан, аав, ээждээ очиж золгоод ирлээ. Хоногийн газар байгаа хэр нь ээж, аавдаа жилдээ хоёр, гуравхан л очиж, гийгүүлэх юм даа. Очих бүртээ эрхэлж байгаад л ирэх. Буцах замдаа тэгэх минь ч яав, түүнийг нь аваад очсонгүй гэх бодол төрөх ч их хотын буулган дунд ороод л мартчих нь гачлантай. Эх хүн гэдэг үрээ хүний зэрэгтэй явахад нэг баярладаг. Хүрээд очиход нь бүүр их баярладаг юм гэнэлээ. Ээж минь ноднингоосоо, уржнангаасаа илүү өтөлж байна.

Дал наслаад ирэхээр нь л сая анзаарч, эмзэглэх минь нэмэгдэх боллоо. Төрсөн гэрээсээ гарсан тээр жилийн намраас хойшхи амьдралын олон он жилүүдэд өөрийнхөө л бор хоногийн мөрийг хөөж явахдаа хөөрхий ээжийгээ үнэндээ мартаж явжээ, би. Эхийн санаа үрд, үрийн санаа холд гэдэг энэ байх даа. Аавыг дагаж тэр олон жил амьдрахдаа нутаг усаа ямар их санаж явсныг нь Завхан аймгийн Отгон сумын Наранбулагийн төрсөн бууцан дээр нь аав, ээж хоёрыгоо аваад очихдоо л мэдэрсэн шүү.

Миний ээж жигтэйхэн гоё бичигтэй, долдугаар анги төгссөн гэхэд нэг ч алдаагүй бичдэг. Тэр чадвараа надад үлдээх гэж их ч хичээсэн, тухайн үедээ би ч их "зовж" сурсан шүү. Ээжийн минь намайг эрдэм номд сургах гэсэн эрмэлзэл миний замыг зааж, нэг насны амин зуулгыг тэтгэж, бас дүү нарыг минь араас дагуулсан. Зүтгэл нь талаар болоогүйд ээж минь баярладаг юм билээ. Магадгүй, ээжийгээ баярлуулж байгаа нь энэ ч юм билүү.

Хожим бага ангийн багш, цаг уурын ажиглагч Г.Бүрэнхүү гээд аавын минь томилолтыг даган нүүж явахдаа бишгүй л олон ажил хийсэн дээ. Уг нь, Багшийн сургуульд хуваарилагдаад, намайг төрүүлчихээд, хоёр сартайд минь буурай ээж, аав хоёрт орхиод явсан ч сургуулиа орхиод ирсэн юм гэнэлээ. Хүүхэд байхад буруу зүйл хийгээд аль загнуулж, зандруулахыг тэр гэхэв дээ. Нэг удаа:

- Чамайг санаад сургуулиа орхиод сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжилгүй хоцорсон хүн би. Одоо чи эрдэм номоо сайн үзэж, энэ хэдэн дүү нараа дагуулж явах ухаан суусангүй гэж загнаж билээ. Тэгэхэд би зургадугаар ангид сурч байсан болов уу даа. Ээж минь зун амралтаа аваад хааяа нэг хот явдаг сан. Ах дүү гэх хүн цөөн , айлын ганц охин л доо. Тэгж хот ороод ирэхдээ их гоёж ирнээ. Угаасаа ч миний ээж Хишиг-Өндөрийн ганган, сайхан бүсгүйчүүдийн тоонд ордог байсан.

Сумын Эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгчийн сонгуультай. Манай сургуулийн Б.Пүрэвмаа, Ц.Хандсүрэн, захиргааны нягтлан Д.Долгоржав, холбооны Д.Ичинхорлоо гээд сумын төвийн сайхан эгч нартай үерхдэг сэн. Тэр үед бушуухан том болохсон гэж, хааяа томдсон хувцсыг нь өмсөж толины өмнө эргэлддэг балчирхан ч байж. Ихэвчлэн, буурай ээжийгээ хормойдож, хөхөнд нь сүү ортол үлгэж өссөн болохоор хүүхэд байхдаа би ээжийгээ ээж гэхээсээ эгч мэт тоож, тооцож явсан удаа олон.

Одоо харин жилээс жилд бөгтийж яваа хонгорхон ээжийгээ үе үе их санах юм. Амьдралын нугачаанд бүдчиж, тороход ээжээс минь өөр үнэнч хүн олдоно гэж үү? Уйлаад очихсон гэх үе үнэнийг хэлэхэд таардаг ч алсхан суугаа ээжийнхээ сэтгэлийг эмтэлчихвий гэж эмээх нь илүүтэй дийлэх.

Надаас хэзээ ч урвахгүй хайр, амь гэдэг ээжий л юм даа. Жилээс жилд алсраад, холдоод л яваа ээждээ сэтгэлээ цэлмэтэл нэг уудалчихад л хорвоо тэр чигээрээ ариусчих шиг... ийм л сайхан ээжтэй. Эрээд олдохгүй мөнхийн ус шиг эрдэнэ ээж минь дээ. Тиймдээ ч үрийнхээ алдааг сэвгүй болтол нь уучилж, бурууд ч өмөөрч зөвтгөж чадах цорын ганц хүн ээж нар л байдаг.

Өмөөрдөг гэснээс, хүүхэд насны минь нэгэн дурсамж өнөө хэр нь мартагддаггүй юм. Нэг намар аав маань ажлаас болж нэгдлийн даргатайгаа сүрхий ам зөрсөн юм байх. Ээжийгээ өтөлтлөө дагуулсан хүү нь эрх ч байсан биз, ээждээ даргыгаа ховлож. Буурай ээж маань улаан шаргал дээлээ өмсөж, таягаа тулаад л нэгдлийн захиргааны байшин руу гарч өгсөн дөө. Очоод хүүгээ өмөөрч, нэгдлийн даргыг зад загнаад, ширээн дундуур нь таягаараа нэг буулгачхаад, хаалгыг нь саваад гарч байсан сан.

Тэр үед би хүүхэд байсан болохоор учрыг ухах биш дээ, буурай ээж маань нэгдлийн даргыг будаа болтол загналаа даа л гэж баярлаж байж билээ. Ээж нар ийм л үр амьтай хүмүүс. Ээжийгээрээ би гучин жил үдүүлжээ. Ээж минь инээсээр үнсэж үдэвч, аньсага нь чийгтэж л харагддаг юм. Нулимс аньсгыг нь давахыг харахгүйн тулд би хурдхан эргэдэг. Ганц удаа ч болов аяныхаа цүнхийг буцаан тавьж, та хоёрынхоо дэргэд үлдэж, нэг шөнө хөлийг тань хучия даа, нэг өглөө ч гэсэн босож галыг тань асааж өгье гэж хэлээгүй л хүн шүү би.

Үр минь олны дунд хүний зэрэгтэй яваасай гэхдээ өгөх байхаа олж ядан хөл хөөр болно. "Охиндоо ийм бэлэг бэлтгэлээ "гэж урьдчилаад утсаар мэдэгдчихээд хүлээгээд л. Хоногоос хоногт намсаад, хувцсандаа түүртсэн хүүхэд шиг ээж минь алив юманд мунгинаад л байх болж. Сайхан ээж минь уртын урт наслаасай билээ...

Н.Чимэг
Эх сурвалж: "Ган зам"