БСШУСЯ-ны Спортын бодлогын газрын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
 
-Танай салбарынхан улсын хэмжээнд тооллого зохион байгуулсан байна. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Биеийн тамир, спортын салбар анх удаа үндэсний хэмжээнд тооллого зохион байгууллаа.  Өмнө нь захиргааны  статистик гаргадаг байсан. Энэ удаагийн тооллогыг БСШУСЯ, Статистикийн үндэсний хороо, БТСГ хамтран хийлээ. Статистикийн үндэсний хорооны тооллого хийх стандарт арга аргачлалын дагуу явсан.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-наас эхэлж нэг сарын хугацаанд үргэлжиллээ.   Орон нутгийн төвшинд 240 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тооллогын товчоо, 500 гаруй тоологч ажиллалаа.  Өмнө нь статистикаар гарч ирдэггүй байсан дүн мэдээг энэ тооллогоор гаргаж чадсан. Ийм ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
 
-Тооллогоор гарч ирсэн дүн дээр тулгуурлан ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
 
-Тооллогын дүн бол энэ салбарын бүхий л  судалгаа  шинжилгээний суурь үзүүлэлт болох юм. БСШУСЯ,  БТСГ хамтран ажлын хэсэг гаргаж, мэдээллийн цахим сангийн асуудалд нэлээд анхаарч ажиллана.  Мөн биеийн тамир спортын талаар төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан бидний үйл ажиллагааны хүрээнд нэлээд өөрчлөлт орж байна.  Энэхүү өөрчлөлтөд тооллогын үр дүн нэлээд хэрэг болох юм. 2004, 2005 оны үеэс энэ салбар статистик тоон мэдээлэлтэй байх хэрэгтэй гэсэн үүднээс захиргааны статистик гаргадаг болсон. 2007 оноос энэхүү статистик гарч яваад эх сурвалж нь тодорхойгүй, найдвартай бус байсан учраас судалгааны асуудлаа чанаржуулах дээр манайх анхаарч ажиллах болсон.  Статистикийн байгууллага манайд тооллого явуулж, цахим сангийн мэдээлэлтэй болох ёстой гэсэн зөвлөмж өгсний  дагуу тус газартай хамтран зохион байгууллаа байна.  Энэ судалгаан дээр үндэслэсэн ямар нэгэн дүгнэлт хэлэх боломжгүй.  Биеийн тамир, спортын салбарын өнөөгийн байдлыг харуулахыг зорьсон. Мөн анхан шатны нэгжээс эхлээд суурь тоонууд тодорхой болж байна.
 
-Тооллогоор ямар дүр зураг харагдаж байна вэ.  Ямар хүчин зүйлүүдийг хамруулсан бэ?
 
-Цол зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч шүүгчдийг тооллоо. Мөн биеийн тамирын заал, гадна талбайг тоолсон. Цол зэрэгтэй тамирчдаа тоолохдоо зүгээр ч нэг тоо гаргасангүй. Тамирчдын тоог Монгол Улсын хүн амын сантай харьцуулсан. Тухайн хүний нэр, регистрийн дугаар зөрсөн үү гэдгийг нягталсан.  Цол зэрэг олгож эхлэснээс хойшхи материалд тухайн хүний талаарх мэдээлэл дутуу дутмаг байсныг цахимжуулсан. Тухайн хүн хаана төрсөн, аль спортын төрлөөр хичээллэж, ямар уралдаан тэмцээнээс медаль авч байсан гэдгийг тодорхой болгоод цаашид баяжуулалт хийх юм.  Мөн заалыг тоолохдоо урт, өргөн, өндөр гэсэн хэмжээг авч ямар стандартын заал вэ гэдгийг тодорхойлсон.  Тухайлбал орон нутгийн хэмжээнд тэмцээн зохион байгуулах уу, улс бүсийн тэмцээн зохиож болох уу, олон улсын тэмцээн зохион байгуулж болох уу. Бүр цаашилбал гэдгийг тооллогод тусгалаа. Заалны хийц, загвар, үндсэн чанар, анх байгуулагдсан он, засвар хийсэн байдал, дулаан хангамж зэрэг дээр нэлээд нарийвчилсан судалгааг гаргаж авсан.  Улсын хэмжээнд тоологдсон 985 заалны байршлыг гаргаж, Монгол орны газрын зураг дээр тэмдэглэлээ. Ингэснээр Үндэсний статистикийн хорооны цахим хуудсаар орж үзэх боломжтой болсон. Энэхүү газрын зургийг улсын хэмжээнд анх удаа гаргасан.  Мөн заалныхаа улсын хэмжээний дүнг хүн амтайгаа харьцуулан нэг хүнд ногдох хэмжээг гаргалаа.
 
-Нэг хүнд ногдох заалны хэмжээгээр ямар аймаг, бүс нутаг тэргүүлж байна вэ?
 
-Улсын хэмжээнд одоогоор нэг хүнд ногдох заалны талбайн хэмжээ нь 13 см байна.  6-64 насны спортоор хичээллэх бололцоотой хүн амд ногдож байгаа талбай шүү дээ.  Харин нэг хүнд ногдох гадаад талбайн хэмжээ  нь нэг метр 91 см гэж гарч ирсэн. Энэхүү хоёр талбайг нийлүүлээд үзвэл хоёр метр гаруй болж байна.  Олон улсын дүнтэй харьцуулахад энэ бол чамлахааргүй тоо. Мөн  судалгаагаар жилийн дөрвөн улиралд ашиглагддаггүй заал талбайг гаргасан байгаа.  Үүнийг цаашид хэзээ ч ашиглаж болохоор зохицуулалтыг яаж хийх вэ гэдгийг бодлогын хүрээнд ярьж байна. Заалныхаа талбайгаар Өмнөговь аймаг тэргүүлж, түүний араас Говьсүмбэр, Дундговь аймаг жагсч байна.  Энэ нь хүн амд нь харьцуулсан тоо учраас Улаанбаатар, Өвөрхангай, Сүхбаатар аймаг заалны хүртээмжээр  сүүл мушгисан байгаа.
 
-Гадна талбайн тооллогын тухайд?
 
-Анх хэдэн онд байгуулагдсан ямар хэмжээтэй, ямар төрөлд ашиглаж болох уу гэдгийг нь гаргаж ирсэн.  Нэг хүнд ногдох талбайн хэмжээгээр Булган, Дорнод, Өмнөговь аймаг тэргүүлсэн.  Харин Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгууд нэг хүнд ногдох гадна талбайн хэмжээгээр хамгийн бага дүнтэй байна.  Мөн Монгол Улсын хэмжээнд нийт 985 заал тоологдсоноос 272 нь Нийслэлд, 713 нь хөдөө орон нутагт байна. Монгол Улсыг бүсчилвэл нийт заалны 244 (24.8 хувь) төвийн бүс, 220 (22.3 хувь) хангайн бүс, 165 (16.8 хувь) баруун бүс, 84 (8.5 хувь) зүүн бүсэд байна. Спортын арга хэмжээ зохион байгуулах зориулалттай заалны талбайн хэмжээгээр Дархан-Уул аймаг 47 заалтай буюу 16621 ам.метр, Хөвсгөл аймаг 48 заалтай буюу 15512 ам.метр талбайгаар хамгийн их байхад Говьсүмбэр аймагт 10 заалтай буюу 3624 ам.метр, Сүхбаатар аймаг 21 заалтай буюу 6312 ам.метрээр хамгийн бага үзүүлэлтэй байна. Нэг хүнд ногдох заалны талбайн хэмжээгээр хамгийн их нь Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгууд байгаа бол Улаанбаатар хот, Өвөрхангай, Сүхбаатар аймгууд хамгийн бага байгаа нь биеийн тамир, спортын салбарын статистикийн олон суурь үзүүлэлтүүдийг тодорхой болгож, шинэчлэгдэн, цаашдын бодлого, төлөвлөлтөө шинэчилж ажиллахад чухал үр дүнтэй ажил боллоо. Тооллогын үр дүнгээр гарсан үзүүлэлтийг Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх” гэсэн зорилтын хэрэгжилтийг хангахад ашиглах ба цаашид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэхэд чиглэгдэх юм.
 
-Цаашид цахим мэдээллийн сантай болно гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Энэхүү мэдээллийн баазыг эрдэмтэн судлаачид, бодлого гаргагчид чөлөөтэй ашиглаж болох юм.  Энэ тоон дээр үндэслэн биеийн тамир спортын салбарын хөгжилд нэмэртэй олон ажлыг эхлүүлнэ гэж найдаж байна. Тухайлбал, судалгаанаас харахад баруун аймагт заалны хүртээмж муу байна. Харин зүүн аймагт харьцангуй гайгүй.  Үүн дээр үндэслэн бодлого гаргагчид хөрөнгө оруулалт, төсөв хөрөнгөө баталж болно. Мэдээллийн цахим сангийн хүрээнд олон нийтэд нээлттэй болгох ажлыг ч эхлүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг гараад энэ мэдээллийн сангийн агуулга ямар байх вэ гэдгийг тодорхой болгосон. Анхан шатны бүртгэлийн маягтууд ямар байх вэ гэдэг нь яг одоо хийгдэж байна. Мөн энэхүү мэдээллийн санд орох үндсэн мэдээлэл тоон үзүүлэлтийг тодорхойлсон. Энэ нь манай цахим сангийн суурь нь байх юм. Мөн БСШУС-ын сайдын санаачлагаар уулзалт зохион байгуулж төслөө танилцуулсан. Тодорхой хэмжээний санхүүжилт хийх бололцоотой байна гэдэг мэдээг урьдчилсан байдлаар хүлээн авсан. Энэ жилдээ ТЭЗҮ боловсруулж, зарим нэг тооцоо судалгааг хийнэ.  2019 онд спортын цахим сангийн асуудал жигдрээд явах байх.
 
-Спортын зэрэг цолтой  тамирчид, тэр дундаа үндэсний бөхчүүдийг  тоолжээ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
 
-Үндэсний спортын төрлөөс энэ удаа бөхийн спортыг сонгосон. Сум, аймгийн цолтой бөхчүүдийн тоогоор ямар аймаг тэргүүлж байна.  Хүн амдаа харьцуулахад ямар байна гэдгийг тооллогоор гаргаж ирсэн.  Статистикийн байгууллагын зөвлөж байгаагаар энэ тооллого маань ямар нэгэн дүгнэлт хийхгүй.  Ерөнхийдөө байгаа нөхцөл байдлыг тэр чигээр нь гаргах юм.  Спортын цол зэрэгтэй тамирчид өмнөх онуудаас багассан дүн гарсан.  1000 орчим тамирчин давхардсан цол зэрэг авсан байна. Энэ нь нэг тамирчин 2-3 спортын цол зэрэгтэй гэсэн үг. Манай тамирчид олон спортын төрлөөр зэрэг хичээллэдэг гэдэг нь харагдаж байна. Мөн мэргэжилтний  зүгээс дүгнэхэд төр засгаас хэрэгжүүлж байгаа спортыг тив дэлхийн хэмжээнд гаргах бодлогын хүрээнд тамирчдын зорилго өөрчлөгдсөн байна гэж дүгнэхээр байна. Олимпийн аварга, дэлхийн аварга болно гэж мөрөөддөг болсон байна.  Тэр тамирчдад зэрэг хөөцөлдөх нь сонин биш болжээ. Үүнээс  болоод зэрэгтэй тамирчдын тоо багассан байж магадгүй байна.
 
Тооллогын хүрээнд гаргасан зарим мэдээллийг инфографикаар хүргэж байна
 
 
 
 
Т.Батсайхан
Эх  сурвалж: “Зууны мэдээ” сонин