sonin.mn
"Монгол генералын өдөр"-ийг тохиолдуулан Дайнд оролцогсодын ахмадын хорооны дарга,чөлөөнд байгаа хошууч генерал Чимэдцэрэнгийн САМБУУ хэмээх эрхэм сайхан буурлыг хүндэтгэн урьж ярилцлаа.
 
Төрж өссөн нутаг ус, хүүхэд насны тань тухай ярилцлагаа эхлэе?
 
-Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 1934.12.25-нд төрсөн. Эцэг эхээс гурвуулаа. Ах, дүүтэй, айлын дундах хүү. Аав, ээж минь жирийн л малчин хүмүүс. Найман нас хүртлээ эцэг эхийнхээ гар дээр хурга, ишиг хариулж өсөөд Аргалант сумын бага сургуульд дөрвөн жил онц сурч төгссөн. Үргэлжпүүлж сурах хүсэл их байсан боловч амьдралын эрхээр аав, ээждээ туслахаар гэртээ харьсан даа. Яагаад гэвэл төрсөн ах минь цэрэгт мордон, Чөлөөлөх дайнд явж, дүү минь жаахан, хүн хүчгүй байсан учраас тэр. Мал маллаж байгаад 1953 онд цэргийн албанд мордсон. Их хөгтэй, дурсамжтай ч гэх юм уу, үнэндээ бол гэрээсээ оргочихсон юм.
 
 
Яаж байгаа нь тэр вэ?
 
-Цэргийн зарлан ирсэн тухайгаа гэрийнхэндээ хэлээгүй. Сум орж цэрэг татлагын комисстой уулзлаа, 20 нас хүрсэн хүнийг цэрэгт татна л гэж байна. Би ч 20-той гээд л бүртгүүлчихлээ. Гэртээ ирээд эмээдээ л хэллээ. Нагац эмээ минь их ухаантай буурал байсан юм. Бид Ажаа гэж авгайлна. Ажаа минь "Миний хүү яв. Гурван хүүтэй айл гурвууланг нь цэргийн алба хаалгах ёстой" гэсэн. Хувцас хунар гэж юу байх вэ дээ, даалимбан дээл, бакалтай. Ахыг цэргээс халагдаж ирэхэд аавын өгсөн хээр алаг морийг нь бариад уячихсан. Маргааш өглөө ажаа ээжид "Хүү чинь алс явахаар боллоо. Даллагын хувинтай сүүнээсээ дөрөөнд нь дусаагаад үлдсэнийг нь сүүн зам татуулаад өргө" гэж билээ. Гэнэт дуулсан ээж минь уйлаад л ёсоор болгож үдсэн дээ. Ингэж л аавдаа хэлэлгүй оргосон. Маргааш нь морьтойгоо аймгийн төв рүү явж, сумаасаа ирсэн залуустайгаа хамт айлд хоночихоод өглөө комиссоор ортол эмч нь "Энэ нөхөр эцэнхий юм, гэхдээ эрүүл юм аа" гэж жаахан эргэлзэж байгаад тэнцүүлсэн, би ч бөөн баяр. За тэгээд тэнцсэн 50 цэргийг Улаанбаатар явуулахаар боллоо. Морио утасны шонд уячихаад ачааны машинд суугаад хот явсан. Сумын таньдаг хүмуүсийн "Самбуу хээр морио уяж орхичихоод цэрэгт оргоод явчихаж" гэсэн яриа аавын чихэнд дуулдаж, аав минь ирж морио авсан гэдэг.
 
Юм үзэж нүд тайлахын л хүслэн байж дээ...
 
-Тэгэлгүй яах вэ, сурах л хүсэл их байсан. 1953.08.31-ний өдөр нийслэлд орж ирэв ээ. Анх удаа хоёр давхар байшин харсан юмдаг. Биднийг Улаанхуаранд авчирч, усанд оруулж, цэрэг хувцас өмсгөн үсийг маань хуссан, ингээд л цэрэг болсон доо. Жагсаалын сургууль хийгээд л хэсэг манарч байтал Бага даргын сургуульд элсүүлнэ гээд шалгалт авав. Цээж бичиг, дөрвөн аргын тоогоор шалгалт авсан, тэнцлээ, танкийн курст хуваарилагдлаа. Хоёр жил суралцсан. Тэгтэл ЦЕС руу Бага даргын сургууль шилждэг юм байна. ЦЕС одоо энэ кино үйлдвэрийн тэнд байсан юм. ,Бага даргын суман, Офицерын суман гэсэн хоёр чиглэлээр суралцуулдаг. 1955 он шүү дээ. Бага даргын сургууль 3 жил. Би хоёр жил суралцчихсан. Нэг жил алба хаагаад л харина гэж бодохоос л зүрх рүү ёг хийгээд. Бодож бодож Офицерын суман руу шилжих гэж өргөдөл бичлээ. Тухайн үед Шувуун фабрикийн тийшээ лагерьт гардаг байсан юм. Лагериас иртэл Офицерын суман руу шилжүүлсэн гэдэг юм байна. Шууд хоёрдугаар курст суралцуулсан. Тэр үед Офицерын сургууль төгсчихөөд ЦЕС-д дахин суралцаж офицер болдог байсан юм. Манай курсынхан боловсрол мэдлэг өндөр. Ардын эмч Лхагважав, Эрүүл мэндийн яамны I орлогч сайд байсан Дашзэвэг, Элчин сайд Дашдаваа гээд манай ангийнхнаас цөөнгүй алдартнууд төрсөн. Арваад хүүхдээс одоо дөрвүүлээ л үлдээд байна. Эд маань надад ерөнхий эрдэм, орос хэл заана. Би цэргийн албаа хариуцана. За тэгээд гуравдугаар курст ордог жил ЦЕС татан буугдаж, нэгдүгээр курсийнхнийг Хотын комендатад хуваарилж, биднийг дуртай сургуульдаа ор гээд тараачихдаг юм байна. Манайхан бүгд МУИС-ийн Анагаахын ангийг сонгосон. Тэр үед нэг нөхөр "Анагаахаар яадаг юм. Үхсэн хүнтэй ноцолдоод шал дэмий" гэсэн нь бодогдоод би ороогүй. Гэтэл нэг өдөр Дотоод явдлын яаманд дуудаж байна гэв. Яваад очлоо, чамайг судалсан, дарга нарын хамгаалалтын албанд ажиллуулна гэдэг юм байна. Би ч сурах зорилготой гэдгээ хэлж, "задарсан нөхөр"-өөрөө дуудуулж аваад л гарлаа. Тухайн үед гадаадын сургуульд элсэлт авч байна гэсэн сураг гараад байсан үе. Шууд ЗХЖШ-ын дарга Дамдинхүү генерал дээр давхиад очлоо. "Захирлаа ийм зүйл болоод байна. Би  сургуульд л явмаар байна. Та намайг сайн мэднэ" гэсэн чинь БХЯ руу очоод сургуульд явах орон тоо байна уу, мэдээд ир" гэдэг юм байна. Очлоо, асууж суртал Орос руу химийн чиглэлээр хоёр хүн явуулна гээд надаас анкет авлаа. Би ч оргосноосоо эхлээд бүгдийг л ярилаа. Болох юм байна. Чи өөр шигээ нэг хүүхэд олоод ир гэв. Гараад л харайсан. Цуг сурч байсан Ш.Банзрагчийгаа (Ш.Жадамба генералын ах) олоод ирсэн. Ингээд л явах зам шулуудсан даа. Шалгалт өгсен. Тэнцлээ. Нутагтаа 15 хоног амраад ир гэсэн.
 
 
Ш.Банзрагч, Ч.Самбуу нар 1956 он
 
За одоо л аавынхаа барааг харах нь дээ...
 
-Нутагтаа очоогүй ээ. Очвол аав явуулахгүй, аваад үлдчихнэ гэж айгаад. Би чинь хотын коминдатын цэрэг болсон нэгдүгээр курсынхаа хэдтэй хамт майханд амьдардаг. Орой нь очиж унтчихаад өдөр нь захаар дэмий тэнэдэг байлаа шүү дээ. За тэгээд хувцас хийлгэж өглөө, ганц чемодантай, явахад бэлэн.
 
Та тэгээд оргосноосоо хойш гэрийнхэнтэйгээ огт уулзаагүй юм уу?
 
-Огт уулзаагүй, ах минь л нэг удаа ирсэн. Явахын алдад манайханд нөгөө нөхөр чинь сургуулиасаа хөөгдчихөөд зах дээр тууж явна гэнэ гэсэн хов хүрч аав намайг барьж авчир гэж ахыг явуулжээ. Би ч Орос руу сургуульд явах гэж байгаагаа ахдаа хэлтэл нэг л үнэмшихгүй байгаа янзтай. Явах боллоо, БХЯ-ны боловсон хүчин бэлтгэл ажлыг нь хангаад явахад бэлэн болгочихсон байсан. Яамны үүднээс Банзрагч бид хоёрыг жижүүрийн машинд суулгаад вокзал явлаа. Муу ах минь дагаад л явсан, би ч аваад явчихвий гэж айгаастай. За тэгээд л вагонд суулаа, ах минь сая л нэг итгэн бахархаж, гайхаж байгаа нь илт. Харж, харж 500 зуун төгрөг гаргаж өгөөд "Чамайг авчир гэж аав өгсөн юм. Миний дүү явах нь зүйтэй" гэж билээ. Аав минь өгсөн юм гэж бодоод 50 төгрөгийг нь аваад үлдсэнийг нь буцаагаад өгсөн. Ингэж л Саратов хотын Цэргийн химийн дунд сургуульд суралцах болсон юм даа.
 
-Таньд мөнгө төгрөг байсан юм уу тэр үед?
 
-Би чинь хугацааны ахлагч цолтой, 35 төгрөгийн цалинтай, МАХН-ын гишүүн болчихсон лут амьтан байлаа шүү дээ. (Инээв) Бас нэг нууц бий. Одоо дэлгэчихье. Бяцхан наймаа хийчихдэг байлаа. Бага даргын албан тушаалаа ашиглаж нормын актлагдсан гуталны түрийнүүдийг цуглуулаад зах дээр аваачиж хятад гуталчдад зарчихдаг байсан. Тэд нар цагаан ултай гутал хийдэг байсан юм.
 
Хөдөөний малчин хүү гадаад улсад очоод соёлыг гайхсан нь мэдээж...
 
-Галт тэргээр тав хонож очсон. Бүх зүйл сонин сайхан, гайхалтай. Хамгийн хөгтэй нь сургуулийнхаа хоолны газар анх удаа үдийн хоолонд ортол ганцхан зүсэм махтай шөл өглөө. Идэж л орхив. Хоёрдугаар хоол нь загас, будаа. Идэж чаддаггүй ээ. Тэгсэн нэг хурандаа хүрч ирээд яагаад идэхгүй байгаа юм гэхээр нь "Загас манай гэрийн сүлдний бэлгэдэл учраас иддэггүй" гээд л хэлээд тавьчихлаа. Нэг тийм будаархуу юмыг нь мэддэггүй, овъёос байх гэж бодоод энэ чинь морины хоол гээд хэлчихсэн. Бас хоосонгүй нөхөр байсан байгаа биз (инээв). Өнөө хурандаа толгой сэгсрээд яваад өгсөн, тэнд байсан оросууд гайхаж хараад л... Маргаашнаас нь бид хоёрт цагаан будаа, гахайн мах өгдөг болсон доо.
 
Орос хэлээр овоо ярьдаг байжээ...
 
-Тэгэлгүй яахав нөгөө Офицерын сумангийн ангийнхан маань заасан байхгүй юу. За тэгээд л хичээл эхэлсэн. Дажгүй сайн суралцсан. Хүний тэмүүлсэн зүйл гэдэг цаанаа өөр. Хоёрдугаар курст орохоос өмнө амралтаараа нутаг явах боломж олдсон. Би ч аавдаа баригдчихна гээд яваагүй. Банзрагч маань ч яваагүй. Бид хоёр чинь эндхийн анхны Монгол оюутан. Саратов хот зэвсгийн олон үйлдвэртэй, хориотой хот учраас барагтай бол гадны хүн сургадаггүй байсан юм. Гурван жил суралцан "Онц" дүнтэй төгсөж, улаан дипломтой нутагтаа ирсэн дээ.
 
Ирээд...
 
-Батлан хамгаалахын сайд жанжин Лхагвасүрэнгийн тушаалаар дэслэгч цол, 600 төгрөгөөр шагнагдаж, сайд "Чамайг сайн ажиллавал гурван жилийн дараа Химийн академид явуулна" гэж хэлсэн. Тэгээд Химийн тусгай ротод сургууль салааны даргаар томилогдсон доо. Хоёр жилийн дараа салаагаа "Онц" дүнтэй шалгуулж ротын дарга болж дэвшсэн.
Рот маань Армийн тэргүүний болзол хангахад Лхагвасүрэн жанжин ирж шалгасан юм. Ингээд л сайдын амлаж байсны дагуу, шалгалт өгөөд Москвагийн Цэргийн хими хамгаалалтын академид явсан даа. Зургаан жил суралцаж төгсөөд 1968 онд ирж БХЯ-ны Химийн хэлтэст томилогдсон юм. 1971 онд Жанжин штабын курст суралцсан, төгсөж ирээд БХЯ- ны Байлдааны бэлтгэлийн хэлтсийн орлогч даргаар томилогдсон. Тэр ондоо 119 дүгээр ангийн даргаар томилогдож, 1976 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд армийн хоёр дахь "Онц" анги болж, сайшаагдсан түүхтэй. Үүний үр дүнд Жанжин штабын академид хоёр жил суралцсан. 1978 онд төгсөж ирээд ЦНДС-ийн орлогч захирлаар томилогдож хурандаа цолоор шагнуулсан. Ж.Ёндон генерал захирал байсан үе л дээ. 1979 онд сургуулийнхаа захирлаар томилогдож. 1981 он буюу АА-ийн 60, ЦНДС-ийн 60 жилийн ойгоор хошууч генерал цол хүртсэн. Би ЦНДС-ийн анхны хурандаа цолтой захирал. Дандаа генерал цолтой мундаг хүмүүс томилогддог байлаа шүү дээ.
 
Генерал цол хүртсэн тэр өдрийг эргээд дурсвал...
 
-1981.03.12. Бас их сонин түүхтэй. Сургууль өргөжчихсөн 1300 гаруй сонсогчтой, таван ангийг нүүлгэн газар орныг нь манай мэдэлд шилжүүлж, бүтээн байгуулалт явагдаж өдөр шөнийг ялгахгүй ажилладаг байсан үе. Цол авахаас хэдэн өдрийн өмнө нэгэн амралтын өдөр Авхиа сайд ярьж генерал цол өргөн мэдүүлсэн, сахилга хариуцлагаа өндөржүүл гэсэн. Дахиад хэд хоногийн дараа утасдаж, хувцсаа оёулчихсан нь дээр байх гэдэг байгаа. Зарлиг гараагүй байгаа болохоор эмээгээд хийлгээгүй. Генерал цол авчихна гэж нэг л итгэж өгөхгүй. Гэтэл генерал цол авчихна гэж нэг л итгэж өгөхгүй. Гэтэл генерал цоп олгох зарлиг гарчихсан. Одоо яах вэ, хувцас байхгүй юм чинь өмсдөг дүрэмт хувцсаа өмсөөд л очсон, погоныг маань гардуулсан. Тэр өдрөө "Бөртэ"-д очиж хувцсаа хийлгээд маргааш нь сайд, жанжин штабын даргад илтгэж билээ. Би 76 дахь генерал, надтай хамт Т.Алтангэрэл, Ц.Геннадий гэж хоёр мундаг хүн генерал цол авч байлаа. Авхиа сайд хундганд виски хийгээд л амжилт хүссэн нь саяхан мэт тод байна. ЦНДС-ийн захирлаар таван жил ажиллаад ЗХЖШ-ын орлогч дарга, тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад 1990 онд саналаараа тэтгэвэрт гарсан. Нийгэм, улс төрийн хувьд хэцүү үе байлаа шүү дээ.
 
Цолны найр гэж хийдэг байв уу?
 
-Гэртээ цолны мялаалга хийсэн. Мялааж дурсгасан зүйлс одоо ч бий. Дурсамж шүү дээ.
 
Ардчиллыг та дэмжсэн үү?
 
-Би цөөнгүй хэдэн улс оронд очиж байсны хувьд ардчилалын талаар мэдлэгтэй болчихсон байсан. Зарим улс оронд ардчилалын үйлс эхэлчихсэн байсан шүү дээ. Манайд ч ялгаагүй хүмүүсийн яриа, үйлдэл, үзэл бодол өөрчлөгдөөд ер нь мэдэгдэж байсан. Миний хувьд төвийг л сахисан. Гэхдээ том голын урсгалыг жижиг горхи сөрөх нэмэргүй, утгагүй гэдгийг мэдрэлгүй яах вэ. Тухайн үед ахмадуудаа авч үлдэн харилцан уялдаатай ажиллах ёстой байсан юм. Дан залуус төрийн өндөрлөгт гараад туршлага дутах нь мэдээж шүү дээ. Жишээ нь Самбуу даргыг боловсролгүй энэ тэр гэдэг. Үнэн хэрэгтээ амьдралын их сургууль төгссөн, мундаг хүн. Түүнийг муу хэлэх хүн өнөөдөр ч байхгүй. Уламжлал, шинэчлэлийг хослуулж байж л аливаа зүйл амжилттай болдог. Ардчилал олон нугачаатай. Сайн тал олон байлгүй яахав. Гэхдээ ардчилсан нийгэмд шилжсэнээр Монгол хүний хүн чанар асар их доройтсон. Монгол хүний мөс чанар доройтно гэдэг хамгийн аюултай. Эдийн засаг, улс төр гээд бусад зүйл яах вэ, хөгжихөө хурвэл хөгжинө.
 
Яриандаа болоод гэртээ, аавдаа хэзээ яаж очсоныг тань асуухаа мартчих шахлаа...
 
-Химийн дунд сургууль дүүргээд ирж уулзсан. Аавдаа коньяк, ээждээ алчуур, бас бус бэлэг сэлт аваад л очсон доо. Аав минь баярлаад л жигтэйхэн, ээж минь уйлаад, найр наадам шахуу юм болж сар гаруй гэртээ амарсан. Аав минь "Миний хүү зөв алхам хийжээ" гэж харин ажаа минь "Төөргөөрөө яваа юм, миний хүү" гэж билээ. Намайг оргосны дараа Дамбийжанцан гэж мундаг зурхайчид үзүүлтэл их сайн зураг гарсан гэдэг.
 
 
Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Орос мэргэжилтнүүдийн хамт 1981он
 
Тэтгэвэрт гараад юу хийв?
 
-Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны даргаар сонгогдсон. Дөрвөн жилийн хугацаатай зургаан удаа сонгогдож ажилласан. Тэтгэвэр өндөр тогтоогдсон. Тэр үеийн 900 төгрөг яамны газрын даргын цалинтай тэнцэх мөнгө. Хорьдугаар тогтоолоор нам унасан хэдий ч дутагдаж гачигдаагүй зах зээлийг даваад л гарсан.
 
Дайнд оролцогсодын Монголын хорооны даргаар хэдэн жил ажиллаж байна вэ?
 
-2007 оноос томилогдон ажиллаж байна. Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн үнэтэй, хамгийн хүндтэй, хамгнйн өрөвдмөөр хүмүүс бол дайнд оролцсон ахмадууд. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцэж явсан хүмүүс үнэтэй, хүндтэй байхаас өөр яах юм бэ. Өдрөөс өдөрт цөөрч, амьдрах хоног нь цөөхнөөр хэмжигдэж байгааг нь бодохоор өрөвдөхөөс өөр яалтай. Намайг анх ажил хүлээж аваад судалгаа хийхэд 2250-аад ахмад дайчин байсан бол одоо 250-иад хүн үлдчихээд байна.
 
Ахмадуудад байр өгч баярлуулахад таны хувь нэмэр их байсан нь мэдээж...
 
-2008 он хүртэл эд маань улиралд 50 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг байсан, тэгэхэд хөдөлмөрийн баатрууд 200 мянган төгрөг авдаг байсан. 50 мянган төгрөгийг 200 мянга болгож, дайнд оролцсон 1816 хүнд 35 сая төгрөгөөр үнэлэгдэх байр олгуулсан. Их ч хөөцөлдсөн дөө. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярт уламжлан тайлбарлаж, улмаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарсан юм. За тэгсэн төсөвт суулгаж өгдөггүй, 2009 оны төсөвт багтахгүй гэдэг юм байна. Бүтэн зургаан сар шийдэгдэхгүй болохоор нь Төрийн ордонд орох нэвтрэх үнэмлэх олж аваад дүрэмт хувцсаа өмсөөд л яваад орсон. Төсвийн байнгын хорооны даргатай арай гэж нэг уулзаж асуудлаа хэлтэл бүр халгаадаггүй. Хямралтай байна гэхээр нь "Та залуу хүн хямрал гэж битгий хэл. Тавин сая малтай, нэг сая таван зуу гаруй хавтгай дөрвөлжин км нутагтай, гуравхан сая хүн амтай, яндашгүй баялагтай улс хямрана гэж байхгүй. Та нар шиг мөнгө авдаг хүмүүс л хямрана. Ард түмэн хямрахгүй" гэж хэлсэн. Тэгсэн 2000 мянган хүн гэдэг чинь олон байна гэж байна. "Чи юу ярьж байгаа юм. Зөвхөн 1945 оны Чөлөөлөх дайнд 21 мянган хүн оролцсон юм. Тэднийг олон гэж хэлээгүй мөртлөө үлдсэн 2000 хүрэхгүй шахам хүнийг яаж олон гэж хэлж байна вэ. Хөлс, цус хоёрын үнэ цэнийг ялгаж сур та нар. Та нар бол төр шүү. Би ер нь хөлөө хүрэх газраа хүртэл явна" гээд л хэлээд тавьчихпаа. Тэгтэл "За ойлголоо" гэж байна. "Ойлголоо гэдэг чинь бүтнэ гэсэн үг биз хүлээгээд байж байя" гээд л гарсан даа. Дараа нь хоёр, гурван гишүүнтэй "тулсан". Би өөрийнхөө төлөө биш, эх орныхоо төлөө тэмцэж, өнөөдөр ихэнх нь хэвтэрт орчихсон хэдхэн амины төлөө тэмцэж яваа хүн гээд л дайраад байсан (инээв). Заримд нь дүрэм дэглэм биелүүлээгүй, бичиг баримт тараагаад гэж утсаар хүртэл загнуулсан. Тэгж л зургаан миллиард төгрөг батлагдан, ахмадуудын маань магнай тэнийсэн дээ. Олон ч хүнд буян болсон ажил юм даа. Одоо хамгийн ахмад нь 101 настай. Хороо маань БХЯ-ныхаа мэдэлд ирээд сайхан байна. Ахмадууд маань надтай уулзах далимаар яаманд орж ирээд жигтэйхэн баярладаг юм хөөрийс. Энэ жил Баруун хилийн тулгаралт, Байтаг Богдын байлдааны ялалтын 70, ирэх жил Халхын голын дайны ялалтын 80, 2020 онд Чөлөөх дайны ялалтын 75 жилийн ой тохионо. Өвгөн ах нь яамныхаа удирдлагуудтай санаа бодлоо солилцоод л явж байна даа.
 
 
Ингэхэд хэзээ гэргийтэй болсон бэ? Ажил сургууль ярьсаар байгаад эхнэрээ "мартчихлаа" янз нь...
 
-Ёстой тэглээ. Ярья гээд л мартчихаж. Оросод дунд сургууль төгсөж ирээд эхнэртэйгээ санаандгүй танилцаж, ханилсан. Нутгийн маань бүсгүй, хотод орж ирээд хамаатныдаа амьдарч байсан юм. 1959 он шүү дээ. Ангиас өгсөн байранд хоёр чемодан, төмөр ортой л нийлж байлаа. Нэг гэрт орсноо тэмдэглэж бяцхан ширээ зассан. Хотод сурдаг хамаатны оюутан дүү, Дагдан нар ирж дөрвүүлээ тэмдэглэж билээ. Аюурзана маань сэтгэлд их нийцсэн, заяаны хань гэдэг цаанаа өөр. Би чамгүй үндсэрхэг үзэлтэй. " Орос охидтой найзлахгүй, Монгол бүсгүй, тэр дундаа нутгаасаа эхнэр авна гэдэг  байлаа шүү дээ. Хамт сурч байсан Банзрагч маань Орос эхнэртэй болж, гэрлэх ёслолоо Оросод хийсэн юм. Би хориглоод дийлээгүй.  Хайр сэтгэл чинь аюултай юм билээ. Бид зургаан хүүхэд төрүүлж есгөсөн. Одоо тав нь өөр өөрийн ажил амьдралаар замнаж явна даа. Том хүү гэхэд л дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарчихсан. Хүүхдүүд дажгүй ээ, нийтийн жишгээр л амьдардаг. Бид 60 жил эвтэй сайхан амьдарлаа. Одоо хоёулаа засгаас 1972 онд өгсөн байрандаа амьдарч байна. Хотын төвд шинэ байр өгье л гэж байсан, 100 наслах биш хэрэггүй гээд аваагүй. Энэ байр минь бидэнд ээлээ өгсөн, үр хүүхдийн минь эрүүл саруул өссөн гал голомт болохоор их хайртай.
 
Үндсэрхэг үзлийн тухай жаахан дэлгэрүүлж ярих уу...
 
-Хэрэгтэй, шаардлагатай зүйлийн чинь нэгдээ. Ялангуяа одоогийн нийгэмд тун чухал. Манай ард түмэн удам судар, үндэс угсаагаа дээдэлж ирсэн улс. Үүнтэй эх орон салшгүй холбоотой. Яагаад эх хүн, эх нутаг, эх орон, эх дэлхий гэж тодотгодогийн учрыг ойлгож байна уу. Энэ бол үндэс угсааг илэрхийлж байгаа юм. Аливаа хүний хүмүүжлийн эх ундарга нь эх хүнтэй салшгүй холбоотой. Эхийн хэвлийд бүрэлдэж, эхийн цагаан сүү хөхөхөөс л хүний хүмүүжил эхэлдэг юм
 
Залуусын тухайд?
 
-Нэг нийгмээс нөгөөд шилжинэ гэдэг адармаатай. Гэхдээ хүний чанар шалгадаг цаг юмуу даа. Хүний мөс, хүнлэг чанар алга болж байх шиг. Энэ нийгмийн хамгийн сөрөг үзэгдэл. Хоёр жаахан юм зодолдож байхыг хараад боль гэхэд хоёр тийш салж байгаа хэдий ч харц нь энэ муу өвгөн юу юм бэ гэж хэлж байгаа нь илт. Дээр нь Солонгос явж ажил хийж байгааг огт таашаадаггүй. Яах гэж яваад, яах гэж явуулаад байдаг юм. Үүний ард гэр бүл, хүүхэд өнчирч байна. Улс эх орон сайхан гэр бүлүүдээс л тогтдог юм. Бас нэг зүйл хэлчихвэл болох болов уу?
 
Бололгүй яах вэ.
 
-Сүүлийн үед "нүгэл" гэдэг үгийг хэрэглэх нь нүдний гэм болж. Чамд ажиглагдаж байна уу? Биднийг багад аав, ээж, том хүмүүс бурууг үйлдвэл, үйлдэх гэвэл "Нүгэл, болдоггүй юм" гэж загнадаг байсан. Маш том сургааль, хүмүүжүүлэх арга барил. Бас Цэрэг" гэдэг үгийг огт хаяж болохгүй. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин гэдэг орчин үеийн тодотголыг хэрэглэлгүй яах вэ. Гэхдээ Монголчууд Чингисийн үеэсээ цэргээрээ алдартай. Чингисийн цэрэг, Сүх жанжны цэрэг, Монгол цэрэг гэж дэлхийд алдраа цуурайтуулсан бид. Тийм учраас аливаа ерөнхий нэршилд энэ үгийг хэрэглэж байгаасай. Цэргийн яам, Цэргийн еренхий сургууль гээд л.
 
Дэлхийд алдраа цуурайтуулсан гэснээс энхийг сахиулах ажиллагааны талаар та юу хэлэх вэ?
 
-Миний үед энхийг сахиулах ажиллагаа гэж ямар мэдэх биш. Дэлхийн тавцанд алдраа дуурсгаж, олон улсын цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж яваа Монгол цэргүүд маань Монгол Улсын бахархал юм. Залуу байсан бол аль хэдийн үүрэг гүйцэтгэчихсэн явж байхгүй юу. Ер нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин маань зөв голдирлоороо сайхан хөгжиж дэвжиж байна. Хоёр хөрштэйгөө ялангуяа Орос улстай найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа улам бататгаж байх ёстой. Би ч орос орон, Оросын ард түмэнд элэгтэй хүн. Тийм байхаас ч аргагүй. Хоёр хөрш бол бидэнд бурхнаас заяасан заяа тавилан шүү дээ. Гуравдагч хөршийн бодлого байлгүй яах вэ. Манайхан ер нь туйлшрах гээд байдаг муу талтай.
 
Нутагтаа сүүлд хэзээ очив?
 
-1955 онд очсон. Ижий аав бурхан болчихоор очиход нэг л өр өвтгөм байдаг юм. Миний дүү нутагтаа амьдарч байгаа.
 
Таныг "сайхан Самбуу" гэж тодотгодог юм билээ. Их л гоё ганган залуу байжээ дээ?
 
-Чи судалгаа муу хийсэн байна /инээв/. Ганган сайханд биш дотоод сайхныг минь үнэлсэн үнэлэмж юм. Хөгшин залуу, баян ядуу, сайн муу хэнд ч нэг зангаар сайхан сэтгэлээр хандахыг хичээдэг. Одоо ч буруудсанаа бүр түлхдэг болж дээ. Санаа сайн бол заяа сайн. Сайн сайхан нь муу муухайгаа уусгаж, хүмүүжүүлдэг юм шүү. Би зөөлөн зантай цэргийн дарга байсан. Цэргийн хүмүүс дүрэм журмаар харилцдаг болохоор энгийн хүмүүст хатуу ширүүн харагддаг байх. Ер нь сайхан сэтгэл, сайн санаан дээр л хүмүүний амьдрал тогтдог байх. Манай сумын төв дээр Орос руу явуулах бэлэг хүлээн авч байтал нэг цөлх эр хоёр морь, хэдэн хонь авчраад "Ялалт байгуулсан Сталинд хоёр морийг нь нь бэлэглэж байгаа юм. Хэдэн хонийг нь ялагдсан Гитлер хүүд өгөөрэй, шөл ууг, ядарч яваа байлгүй" гэсэн гэдэг. Хэдий хөгжилтэй ч Монгол хүний мөс чанар харагдаж байгаа биз. Энэ бол зөвхөн Монгол хүнд л байх, Монгол хүнээс л гарах зан чанар.
 
Таны эрүүл саруул урт насалж байгаагийн нууц юунд байна вэ?
 
-Олон түмний дунд өдийг хүртэл зохих хэмжээний албан тушаал хашиж, сэтгэл сайхан яваагийн л үр дүн. Гимнастик хийнэ, хоолоор биеэ тордоно. Өөр нууцсаад байх зүйл байхгүй ээ.
 
Удахгүй "Монгол генералын өдөр" тохиох гэж байна...
 
-Ийм өдөртэй болсонд их баяртай байдаг. Генерал бол хүндэтгэл, хариуцлага, ах захын цол юм шүү. Ахиулж хэлэх юм бол Дэлхийн цол, Төрийн цол. Жамъян генерал нэг удаа "Чи генерал гэдэг цолыг тодорхойлоодох" гэхээр нь "Таныг хүмүүс баатараа, гавьяатаа, генералаа, даргаа гэдгийн алинаар нь дуудаж байна" гэж асуусан. Жаахан бодсоноо "Ихэвчлэн генералаа л гэдэг юм байна" гэхээр нь "Энэ чинь тодорхойлолт доо" гэхэд минь учиргүй хөхөрч "Онож хэллээ" гэж билээ. Охин минь хувь хувьсгал хольсон хэрэгтэй хэрэггүй баахан юм бурчихав уу даа. Хүнд хэрэгтэй ярилцлага болох нь уу.
 
Яалаа гэж дээ. Таны намтар түүхийн ард тухайн нийгэм цаг үе, ард түмний амьдрал, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний түүхийн нэгээхэн хэсэг давхар явж байгаа шүү дээ. Ярилцлагаа Таны ерөөлийн сайхан үгээр өндөрлөе дөө.
 
-Ахмад буурлууддаа хандаж "Урт насалж удаан жаргая. Төр засаг, түмэн олон, үр хүүхэд, төрөл садандаа өмөг түшиг болж явцгаая" гэж, залуустаа "Эрүүл саруул, эв найртай, эх орноо гэсэн чин эрмэлзэлтэй байцгаая" гэж хэлье.Баярлалаа.
 
Танд баярлалаа. Урт наслаж удаан жаргахын ерөөлийг уншигчдынхаа өмнөөс өргөе.
 
Хошууч Х.Ганзул
Эх сурвалж: "Соёмбо сонин"