sonin.mn
УИХ-ын 27 дугаар тогтоолын яруу алдарт нэг жилийн ойд
Яг жилийн өмнө УИХ-ын 27 дугаар тогтоолоо гаргаж байлаа. "ОУВС-ийн шахалтаар татвар нэмэхээс аргагүйд" хүрлээ гэх нэрийдлээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тамхины импортын татварыг нэмсэн юм. Ингэхдээ өөрийн танхимын гишүүн Ц Дашдоржийн өмчлөлийн компанид давуу эрх олгож, янжуур ороох зориулалттай задгай тамхины импортын татварыг 5 хувьд нь үлдээгээд бусад импортлогчдын татварыг 30 хувь буюу зургаа дахин өсгөж тогтоосон билээ. Энэ нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөнийг хуулийнхан тогтоосон байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэх заалт бий. Ц.Дашдорж Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар ажиллаж байх хугацаанд УИХ-ын 27 дугаар тогтоол батлагдсан юм.УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нь өөрийн шууд хамаарал бүхий компанид импортын татварын хөнгөлөлт олгосноор өнгөрсөн жилийн дүнгээр 31,71 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийж чаджээ. Гэтэл Монгол тамхи со ХХК-наас бусад импортлогчид 2017 онд 46,63 тэрбум төгрөгийг гаалийн татварт төлсөн. Тамхины зах зээлийн 47 хувийг эзэлдэг Монгол тамхи со ХХК ердөө л 9,66 тэрбум төгрөгний татвар төлсөн нь тодорхой боллоо.Ц.Дашдорж бусад импортлогчдоосоо 4,8 дахин бага татвар төлөх ийм тэгш бус татварын нөхцлийг УИХ-ын 27-р тогтоол бий болгосон юм. Энэ тогтоол нь Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ч ноцтойгоор зөрчсөн юм. Хуулийн 4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх, 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах, гэсэн хоёр заалт 27 дугаар тогтоолоор зөрчигдөөд нэг жил болж байгаа билээ.
Төсвийн бүрдэлтэд ноцтой хохирол учруулсан энэ заалтыг засах талаар төрийн тэргүүн анхаарч УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ зориуд цохон дурдсан байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга "Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 2 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байгаа ганцхан жишээ гэхэд хэчнээн багшийн цапингийн нэмэгдлийг шийдэх мөнгө вэ? Би энд Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдаж байна. Хуупийн "4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх..." гэж заасныг өнгөрсөн Засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Үүнийг яаралтай засч, ижил нөхцөлөөр татвар ногдуулах ёстой. Эндээс олсон мөнгөө багш эмч нарын цалин, нийгмийн сайн сайханд зарцуулах ёстой. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм" гэж хатуу анхааруулсан. Үүний дагуу төрийн холбогдох бүтцүүд ч асуудлыг судалж, байр сууриа илэрхийлжээ. 27-р тогтоолыг боловсруулахад оролцож асан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн гэхэд "УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоол "Тогтоолын хавсралт өөрчлөх тухай" хавсралтын янжуур ороох зориулапттай задгай тамхины татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалт нь тамхи имлортлогч нарт тэгш бус хандсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн асуудлыг судлаж үзээд, холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах саналаа УИХ-аар оруулж, шийдвэрлүүлэх"-ийг даалгасан албан тоотыг 11 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газарт илгээжээ.
Мөн 2017 оны 12 сарын 14-ны өдөр АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараас УИХ-ын дарга М.Энхболдод 05/9085 тоот албан бичиг илгээж Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн нь тодорхой болсон УИХ-ын 27-р тогтоол нь "янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхины импортын албан татварын хувь хэмжээг бусад төрлийн тамхины импортын татвараас багаар тоггоосон нь хөнгөлөлт, дэмжлэгийг давхардуулан олгосон" гэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул уг тогтоолыг дахин хянан үзэхийг анхааруулжээ. Гадаадын байгууллагууд ч дуугүй суусангүй. Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис Евро бүсийн сайд нарын уулзалт дээр "тэгш бус татварын системтэй 17 орныг хар жагсаалтад оруулж байгаагаа” зарласны дотор Монгол Улс багтсан нь тамхины импортод тэгш бус хандсантай шууд холбоотой юм. Европын холбоо хар жагсаалтад оруулахынхаа өмнө жил шахам хугацаанд татварын системээ өөрчлөхийг зөвлөж байсан боловч дээрх 17 орон хамтарч ажиллахаас татгалзсан гэжээ. Эндээс харахад УИХ-ын 27 дугаар тогтоолыг Ерөнхийлөгч, УИХ-ын байнгын хороо, АТГ болон ЕХ-ны зүгээс өөрчлөх шаардлагатайг Засгийн газарт хаяглан анхааруулсан байна. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх танхимын алдааг залруулж, шударга ёсыг сэргээх замаар улсын төсөвт жил бүр 32 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оруулах 
боломжийг ашиглахаасаа хойш суугаад байгаагийн учрыг олоход хэцүүхэн байна. Уг нь 32 тэрбум төгрөг бол ажил хаялт зарлаж байгаа сувилагчдын шаардлагыг хангах хэмжээний орлого юмсан. Үндсэн хуулийн Цэц тамхины импортын тэгш бус нөхцөлтэй ижил төстэй асуудлаар ямар шийдвэр гаргаж байсныг судалбал Онцгой албан татварын тухай хуулийн 6 зүйлийн 1.6-д заасан Эх орны үйлдвэрийн пиво 1 литр тутамд 0,20 ам.доллар байхад импортын пивонд 1 литр тутамд 0,50 ам.доллар ногдуулахаар заасан нь холбогдох хуулийг зөрчсөн гэх маргааныг хэлэлцээд 2005 оны 4 дүгээр сарын 13 өдрийн дунд суудлын хуралдаанаас 03 дугаар дүгнэлт гаргаж, шийдвэрлэсэн нь:
-Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн удиртгал хэсгийн "Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчилэн олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх" гэсэн заалт
-Мөн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн "Үндэсний нэн тааламжтай нөхцөл"
-3 дугаар зүйлийн "Дотоодын татвар ногдуулалт болон зохицуулалтын үндэсний нөхцөл"
-3 зүйлийн 2-т заасан "Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг  дэвсгэрт импортлогдсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн тус заалтыг хүчингүй болгож байлаа. Үүний дагуу УИХ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж импортын пиво, дотоодын үйлдвэрийн пивонд адил хэмжээний татвар ногдуулах болсон билээ. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж өөрийн хамаарал бүхий компанид татварын нэн таатай нөхцлийг олгохдоо "үндэсний үйлдвэрлэгч” гэх үгийг ашигласан байдаг. Гэтэл ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД:
5.1.20. "Монгол Улсын гарал үүсэлтэй бараа" гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг хэлнэ гэж заасан байна.
Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын тайлбарласнаар "Дотоодын бүтээгдэхүүн" гэдэг нь: Тухайн бараа бүтээгдхүүний 60-аас дээш хувь нь тухайн улсаас гаралтай ургасан, үүссэн байх ёстой юм. Энэ бүхнээс харахад бүтээгдэхүүний 92 хувийг импортлож, Монголд зөвхөн янжуурыг ороох, савлах үйлдлийг хийж байгаа Монгол тамхи со ХХК "Үндэсний үйлдвэрлэгч" яавч биш байна. Аж ахуйн нэгжүүдэд импортын ялгавартай, тэгш бус татвар ногдуулж байгаагаас улбаалаад сөрөг нөхцлүүд үүссэн нь:
-Хамгийн их борлуулалт хийж байгаа компани хамгийн бага татварыг улсын татварын санд төвлөрүүлж байна.
-"Үндэсний үйлдвэрлэл" нэрээр БНХАУ-ын Шан Ши гэх тамхины үйлдвэрийн чанар муутай, хатсан тамхийг хямд үнээр Монголын иргэдэд их хэмжээгээр нийлүүлж байгаа эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг эрс нэмэгдүүлжээ.
-Ижил бараанд ялгавартай, тэгш бус гаалийн татвар тогтоосноор, өрсөлдөөний тэгш нөхцөл, тэгш гарааны зарчмыг алдагдуулж, монополь үүсгэн, бизнесийн шударга бус нөхцлийг бий болголоо.У.Хүрэлсүхийн Засгийн газар шударга бус явдлыг таслан зогсоохгүй бол төсөвт орох ёстой байсан 32 тэрбум төгрөг БНХАУ-ын Шан Ши компанийн ашиг болон гадагш урссаар байх болно. Улсын бүртгэлээс харахад Монгол тамхи со ХХК-ийн 51 хувийг БНХАУ-ын Шан Ши гэх компани эзэмшдэг аж. Хэрвээ Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-заалтыг мөрдвөл тус компани нь "үндэсний компани" огтхон ч биш эсрэгээр гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж бүртгэх ёстой болно. Эцэст Засгийн газар, Сангийн яам төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулж байгаа УИХ-ын 27-р тогтоолын алдаатай заалтыг өөрчлөх эсэхийг иргэд олон нийт анхааралтай харж, шаардах л үлдлээ. Хуулиа эс биелүүлбэл хуудуутай үр дүн л гардаг болсныг эрх биш мэдэж байгаа хэмээн найдъя.
 
Б.УЧРАЛ