sonin.mn
“Бумрунград” эмнэлэг дэлхийн жишгээр таван одтой зочид буудлын зэрэглэлтэй. Тэр утгаараа хүнд тулгарч болох бүхий л асуудлыг шийдвэрлэж өгсөн нь үүдний танхимаас нь эхлээд нүдэнд тусна.
Бангкокт 30 га­руй хэ­мийн халуун ч  байсхийгээд л бороо орно. Ид халуун үе­дээ 38 хэм хүрэх нь энүү­хэнд гэнэ. Ихэнхдээ бүүдгэр, бороотой өдрүүд үргэл­жилсэн хэрнээ өчүүхэн ч сэвэлзэх салхигүй. Сэрүүн орны бидэнд бүгчим халуун, чийглэг уур амьсгал нь нэг л давчдам  мэдрэмж төрүүлэх аж. Мөн сам хорхой, наймаалж, хясаа тэргүүтэй далайн голдуу хоолонд нь дасахад чамлахааргүй хугацаа хэрэгтэй ч юм шиг. Гэтэл тайландчууд их л тайван, дөлгөөн хүмүүс байдаг юм байна. Нэг ёсондоо нутгийн уугуул иргэн биш л бол шүхэр, шортноос өөр зүйл хэрэггүй. Харин агаарын хэм +20-руу ороход л нутгийн иргэд ноосон малгайгаа дарж өмсөөд, хөнжлөө нөмрөөд гудамжаар явдаг гэх хошиндуу яриа ч сонсогдож байв. Тайландад 14 хоног албан томилолт өвөртөлсөн бид нутаг нэгтнүүдтэйгээ уулзаад хамгийн түрүүнд өрнүүлсэн яриа энэ байлаа.
 
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛ ГЭР БҮЛ 
 
 
 
“Эрүүл мэндийн асуудалтай хүн ирэхэд сэтгэл санаагаар унагахгүйн тулд гэрт нь байгаа юм шиг танил дотно үйлчилгээ, сэтгэл ханамж өгөхийг эрмэлздэг учраас тухайн орноос нь хүмүүсийг урьж үйлчлүүлдэг юм билээ. Эх хэлээрээ ярихаас эхлээд ойлголцоход хялбар амар байдлыг нь боддог байх”
Нутаг буцахын өмнөхөн Тайландад суурьшаад зургаан жил болж байгаа төдийгүй  дэлхийн шилдэг 10 эмнэлгийн нэг “Бумрунград”-д гэр бүлээрээ ажиллаж буй залуусыг “Амьдралын тойрог” буландаа урьсан юм. Бангкокийн төв цэгт буй “Бумрунград” эмнэлгийн угтах танхимд зочдоо хүлээх зуур өөрийн эрхгүй л монгол хүн “хайсаар” байв. Голдуу үндэсний хувцасаа өмссөн арабууд л хөлхилдөж харагдах. Ер нь л олон үндэстний өвөрмөц төрх “солонгорч” байдаг бололтой.
Энэ зуур эмнэлгийн бүдэг ягаан хувцастай нэг л танил дотно инээмсэглэлтэй бүсгүй биднийг чиглэж ирсэн нь Б.Лхамсүрэн байв. Бид ч гэлтгүй эмнэлэг бараадаж очсон монголчуудыг ийм л танил инээмсэглэл угтдаг байх гэсэн бодол тээсээр бидний яриа эхэлсэн юм. Ш.Шинэ-Од, Б.Лхамсүрэн нар 3000 гаруй ажилтантай, олон улсын жишиг эмнэлгийн  Үндэстэн зохицуулалтын албаны координатор, орчуулагчийн албанд ажиллаж буй. Тэд “Бумрунград” эмнэлгийг зорьж очсон гадаадынхан болон монголчуудад эрүүл мэндийн бүхий л шатны орчуулгын үйлчилгээг үзүүлдэг. Ярианы эхэнд ажлынхаа онцлогийг “Бумрунград” эмнэлгийг олон орноос хүмүүс зорьж ирдэг. Тэр болгонд өвчин зовиуртай эрүүл мэндийн асуудалтай хүн ирэхэд сэтгэл санаагаар унагахгүйн тулд гэрт нь байгаа юм шиг дотно үйлчилгээ, сэтгэл ханамж өгөхийг эрмэлздэг учраас тухайн орноос нь хүмүүсийг урьж үйлчлүүлдэг юм билээ. Эх хэлээрээ ярихаас эхлээд ойлголцоход хялбар амар байдлыг нь боддог байх” гэлээ.
Гэр бүлийн хоёр хоёулаа гадаад хэлний мэргэжилтэй. Гэрийн эзэн Ш.Шинэ-Од гадаад хэлний лицей сургууль, ШУТИС-ийн Англи, Орос хэлний орчуулагчийн анги төгссөнөөс хойш телевиз, аялал жуулчлал, уул уурхай, эмнэлгийн салбарт  орчуулагч хийж байгаа аж. Тэрээр “Өөр салбар руу хөрвөх тоолонд тухайн мэргэжлийн онцлогийг сурч мэдэх шаардлага гарч ирдэг. Аливааг хурдан суралцдаг нь монгол хүний онцлог байх. Мэдээж бэрхшээлтэй зүйлс бий” гэж товчхон яриа өрнүүлэв.
Харин гэр бүлийн хүн Б.Лхамсүрэн “Монгени” цогцолбор сургууль, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн ч мэргэжлээсээ гадна олон улсын төсөл хөтөлбөр гадаад хэлний чиглэлээр түлхүү ажиллаж иржээ. “Бумрунград” эмнэлэгтэй хэрхэн холбогдсон талаараа “Эрүүл мэндийн төсөл дээр ажиллаж байтал нэг танил маань “Бумрунград” эмнэлгийн менежерүүд ирсэн координатор орчуулагч хайж байна. Чи орохгүй юм уу” гэсэн санал тавьсан. Анх орно гэж бодоогүй. Өөрийнхөө түвшинг мэдэж авья гээд ярилцлага өгтөл тэнцсэн. Мэдээж шалгуур өндөр.Шалгалт өгч тэнцсэний дараа эхний дөрвөн сар дагалдан хийнэ. Энэ хугацаанд эмнэлгийн чиглэлийн мэдлэгтэй болно. Дараа нь  дахиад шалгалт өгөөд тэнцэх юм бол ажиллаж болно” гэлээ.
Сурвалжлагын эхэнд дурдсанчлан Монгол, Тайландын цаг агаар, уур амьсгал, амьдралын хэв маяг газар тэнгэр шиг ялгаатай. Мөн ажиллах эрхийн үнэмлэхээрээ түр оршин суух виз авна. Дараа төлбөрт утасны дугаар авлаа гэхэд зөвхөн ажиллах эрхтэй хүмүүс л авдаг зэргээр орчин нөхцөл ч өөр аж. Эхэндээ бага насны хүүхэдтэй залуу гэр бүл уур амьсгал, хоол унднаас нь эхлээд дасахад хэцүүхэн байжээ. Энэ талаар Ш.Шинэ-Од “Эхнэр маань ирээд жил болсны дараа охинтойгоо араас нь ирсэн. Халуунд дасах хэцүү байлаа. Бас шавьж ихтэй. Ялангуяа, монголчууд бие томтой учраас халуунд хөлрөхөөс эхлээд төвөгтэй. Далайн гаралтай хоолонд одоо ч сайн дасаагүй л байна. Монгол хоолоо их санана. Бага охиндоо бантан хийж өгөх нэрийдлээр Монголоос мах захиж авдаг” гэсэн нь түүний Монголоо санасан сэтгэлийг улам тодруулах шиг. Тайландчууд гэртээ хоол хийхээс илүү гадуур хооллох нь элбэг гэнэ. Гудамжинд зарагддаг хоол илүү хямд амт, чанар сайтай. Мөн гэрт байнга агааржуулагч ажиллуулдаг учраас цахилгааны мөнгө харьцангуй их гардаг. Тиймээс аль болох хялбар амьдрахыг чухалчилдаг гэж ярианыхаа дундуур бидэнд сонирхуулав.
Эднийх есөн нас, арван сартай хоёр охинтой. Том охиноо Тайландад авчирсан ч  сургуульд оруулахаар Монгол руу өвөө, эмээ рүү нь буцаажээ. Аль болох Монгол хэлээр нь сургахыг хичээсэн гэнэ. Харин бага охин аав, ээжтэйгээ Тайландад байгаа. “Бумрунград” эмнэлэгтэй гэрээтэй цэцэрлэгт хүүхдээ өгч төлбөрийнх нь талыг нь эмнэлэг хариуцаж болох ч одоогоор охин дэндүү нялх байгаа учраас хамаатны хүүхэд нь тусалж байгаа гэнэ.
Энд байдаг монголчуудтайгаа холбоотой байдаг уу гэхэд Ш.Шинэ-Од “Анх очиж байхад наадам, цагаан сараар Элчин сайдын яам уулзалт зохион байгуулж, 100 гаруй хүн цугладаг байсан. Харин сүүлийн 2-3 жил  бараг уулзалдаагүй. Тайландын Засгийн газрын шийдвэр, цаг үеийн шаардлагатай мэдээллийг монголчуудад мэйлээр тогтмол явуулдаг байсан. Одоо больсон. Тухайн Элчин сайдын яамны зохион байгуулалтаас хамаардаг байх. Бидний хувьд Элчин сайдын яамнаас үйлчилгээ авах тохиолдол маш их гардаг” гэсэн юм.
 
ЭМ БУС ЭРҮҮЛ ХООЛ, ХӨДӨЛГӨӨНИЙГ Л ЗӨВЛӨДӨГ
 
 
Ш.Шинэ-Од телевиз, аялал жуулчлал, уул уурхай, эмнэлгийн салбарт орчуулагч хийж байгаа аж.
 
Тайландад суурьшсан монголчууд тийм ч олон биш. Нисэхээс бусад чиглэлээр сурах нь төдийлөн бага. Харин орчуулга шаардлагатай олон улсын байгууллага, эмнэлэг зэргээс өөр салбарт Тайланд хэл шаарддаг учраас монголчууд ажиллах боломж хомс байдаг гэнэ.
“Бумрунград” эмнэлэг дэлхийн жишгээр таван одтой зочид буудлын зэрэглэлтэй. Тэр утгаараа хүнд тулгарч болох бүхий л асуудлыг шийдвэрлэж өгсөн нь үүдний танхимаас нь эхлээд нүдэнд тусна. 20 давхар гурван цогцолбор эмнэлэгт хувцасны дэлгүүр, хоолны газар, кофе шоп, даатгал,валют солих үйлчилгээ, цэцгийн дэлгүүртэй. Эмчлүүлж байгаа хүмүүст эмнэлэг дотроос цэцэг бариад очих боломжтой төдийгүй манайхаар бол давхар бүрт нэг цонхны үйлчилгээтэй. Тухайлбал, хүүхдийн давхар гэхэд тоглоомын төв, мини кинотеатр, үнэгүй жүүс, ус бүгд бий.
Ш.Шинэ-Од, Б.Лхам­сүрэн нарын ажилладаг олон улсын өвчтөнүүдийг хариуцах хэлтэст 20 гаруй орны 150 орчуулагч ажилладаг.Шилдэг эмнэлэг гэдэг утгаараа ажилчдын нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл харьцангуй уян хатан аж. Тухайлбал, ажилчны эрүүл мэндийг бүрэн, гэр бүл, аав, ээжийнхийг нь 50 хувь хөнгөлж хариуцдаг. Мөн хүүхдийнх нь цэцэрлэгийн төлбөрийн хагасыг төлдөг.
Түүнчлэн хүнд юу ч тохиолдож болох учраас ажлын цаг, шаардлагын хувьд ч уян хатан ханддаг байна. Энэ талаар Б.Лхамсүрэн “Ажлаасаа ямар нэг байдлаар хоцорлоо гэхэд цалинг нь хасч, хариуцлага ярихаас илүү шалтгааныг нь асууж судалдаг. Жишээ нь хүүхдээ цэцэрлэгт хүргээд ажлаасаа хоцроод байвал ажлын цагийг нь арай хойшлуулдаг ч юмуу. Тэгээд дараа сардаа нөхөж болно. Ер нь уян хатан зөөлөн хандах тусам хүмүүс улам хариуцлагатай болж, хичээдэг  юм шиг санагддаг. Илүү цагаар ажиллах үе бараг байхгүй. Хэрэв ажиллуулахаар бол илүү цагийн мөнгө өгнө. Гэхдээ илүү цаг ажиллах нь маргаашийнх нь ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг гэж үздэг учраас ажлын цагаа хатуу мөрдөнө. Амралтын өдөр, бүх нийтийн амралтын өдөр амардаггүй. Долоо хоногийн амралтын өдрөө ямар ч хэлбэрээр авч болно. Хагас, бүтэн сайнд ажиллаад нэг дор найм хоног ч амарч болно. Мөн эндхийн ажилтнууд тушаал дэвших тусам улам л эелдэг болоод байдаг. Нэг хүнийг аль болох олон албан тушаал дээр ажиллуулж байнга сольж байдаг. Менежерийг хэсэг хугацаанд угтагчаар ажиллуулж байгаад албан тушаал ахиулах тохиолдол ч бий” гэсэн юм.
Монголчууд “Бумрун­град” эмнэлэгтэй “танил­цаад” 10 гаруй жил болж буй. Одоо ч монголчуудын хөл тасардаггүй гэнэ. Олон улсын орчуулагчийн хэлтэст гурван монгол орчуулагч ажилладгаас зөвхөн Б.Лхамсүрэн гэхэд л сард давхардсан тоогоор 400-500 орчуулга хийдэг юм байна. Монголчууд ихэвчлэн элэг, ходоод тархи, нурууны өвчлөлөөр “Бумрунград”-д ханддаг бөгөөд шинжилгээ өгөх, онош тодруулах, хагалгаа хийлгэх тохиолдол ч цөөнгүй аж. Зөвхөн шинжилгээний багц нь дунджаар 500-700 ам.доллар байдаг бөгөөд Монгол дахь төлөөлөгчийн газраараа дамжуулж харилцдаг гэнэ. Тэднээс монголчуудын хандлага хэр вэ гэхэд “Монголчууд шууд л танигдана. Яарч, сандарсан хүмүүс л байдаг. Монголчуудын нийтлэг онцлог л байх. Жаахан яаруу, түрэмгий зантай болохоос монголчууд дажгүй сайхан харилцаа, хандлагатай. Эндхийн эмч нар эм бичиж өгөхөөс илүү эрүүл хооллолт, хөдөлгөөн зөвлөдөг. Ялангуяа нуруу, хүзүү хөшиж өвдөх зэрэгт бол хөдөлгөөнөөс өөр эмчилгээ байхгүй гэдэг.Зарим хагалгааны үед ч турахыг зөвлөдөг. Монголчуудыг ихэнхдээ жингээ хас гэдэг. Зарим хүмүүс үүнд их бухимддаг” гэсэн юм.
Ийнхүү хүний нутагт элэг нэгтнүүддээ тусалж, ажиллаж амьдарч буй залуу гэр бүлтэй уулзахад урамтай сайхан байлаа. Сүүлийн хэдэн жил нутагтаа ирээгүй Ш.Шинэ-Од, Б.Лхамсүрэн нар энэ жил заавал ирж улсын баяр наадмаа үзнэ гэсэн. Эх орондоо тавтай морил.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин