sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт хоёр хотын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, харилцан ашигтай эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн 5 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотод  хийсэн айлчлалын хүрээнд хамтарч ажиллах байнгын тогтолцоог бий болгох санамж бичиг байгуулсан бөгөөд өнөөдөр баталгаажуулж гарын үсэг зурлаа. 
 
 
Санамж бичгийн гол агуулга нь хоёр хотын хууль тогтоох байгууллагуудын хооронд харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, техник технологийн дэвшлийг ашиглаж хотын аюулгүй байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг судалж технологийн шийдлүүдийг оруулж ирэх, салбаруудын боловсон хүчнийг дадлагажуулах зэргийг тусгасан. Үүнээс гадна Улаанбаатар хотын чөлөөт бүсийг байгуулахад Бээжин хотын туршлагаас судлах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов. Энэ онд тохиох хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой,  хотуудын ах, дүүгийн харилцаа тогтоосны 5 жилийн ойн хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэхээр туссан" гэв.
Мөн үеэр БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны орлогч дарга Жан Чин,
“Улаанбаатар хотод болсон Зүүн хойд Азийн хотуудын төлөөлөгчдийн форумд манай төлөөлөгчид амжиллтай оролцлоо.Мөн Улаанбаатар болон бусад орны агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн дэвшилтэт туршлагаа солилцсон.  Манай улс  агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах чиглэлээр нүүрсний хэрэглээг багасгах, машины утаа ялгаруулахыг бууруулах, шатахууны чанарыг сайжруулах гэсэн үр дүнтэй аргуудыг хэрэгжүүлж байна” гэлээ.
 
О.Болорцэцэг
Эх сурвалж: Монцамэ агентлаг