sonin.mn
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очирыг “Хувилбартай асуулт” буландаа урилаа.
 
Та ямар улиралд төрсөн бэ?
 
-Дэлгэр зуны улиралд төрсөн.
 
Хүүхэд насны хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?
 
-Хөгжилтэй гэх үү, харамсалтай гэх үү нэг дурсамжаа хуваалцъя. Гуравдугаар ангид байхдаа “Цодгор хүү” шатрын тэмцээнд орсон юм. Эхний өдрийн тоглолтуудад тун давгүй тоглолоо. Дараа өдөр нь ганцаараа явсан чинь тэмцээн явагдаж байгаа сургуулиа ололгүй төөрчихсөн. Баахан хайгаад сүүлдээ өөртөө ч юм уу, багшдаа ч юм уу гомдож уйлаад, тэгсэн мөртлөө дэлгүүр ороод байгаамаа бас. Гэхдээ аавынхаа амжилт хүсээд өгсөн 3 төгрөгийг атгаад мөнгөө үрэлгүй харьж билээ.
 
Цэргийн хүний бахархал?
 
-Эх орондоо үнэнчээр зүтгэж, халдашгүй дархан байдлыг нь амь бие үл хайрлан батлан хамгаалахаа илэрхийлсэн Цэргийн тангарагаа мөрдэстэй бүхний бахархал гэж боддог.
 
Таны мөрөөдөл юу вэ?
 
-Хүн бүхэн зөвхөн сайн сайхан зүйлийг л мөрөөддөг болохоор мөрөөдөл бүхэн сайхан. Хэр ихийг хүсч мөрөөднө, тэрнийхээ төлөө тэмцэж, тэр ч утгаараа мөрөөдлөө биелүүлж чаддаг байх. Миний хувьд ч хүсэн мөрөөдөж явдаг зүйл бий. Гэхдээ надад үлдэг дээ.
 
Дуртай спорт?
 
-Хөл бөмбөгийн спортод дуртай. Дэлхийн аварга эхэлсэнээс хойш нойр муутайхан л явж байна. Аав маань хөл бөмбөг сонирхдог, тоглодог хүн байсан юм. Тэр нь надад нөлөөлсөн байх.
 
Хэлэх дуртай үг?
 
-Хэзээ ч ухарч алхахгүйг хичээ, удаан ч гэсэн зөвхөн урагш алх.
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
 
-Цагаан өнгөтэй. Би цагаан өнгийг ариун өнгө гэж боддог.
 
Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?
 
-Бурхан, чөтгөр хоёр биетээр оршдог гэдэгт итгэдэггүй. Гэхдээ бурхан, чөтгөр 2-ыг хүн өөрөө бий болгодог учраас захих зүйлээ өөртөө л хэл.
 
Уурласан бас баярласан үедээ?
 
-Уурлахаараа дуугаа хураачихдаг. Баярлахаараа нэг газраа тогтож сууж чадахгүй шахам сэтгэл хөдөлдөг.
 
Та хэр өр нимгэн хүн бэ?
 
-Ер нь өр нимгэн. Гэхдээ хүн хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн байх хэрэгтэй.
 
Үзэн яддаг зүйл?
 
-Хүнийг араар нь муу хэлдэг, тэр тусмаа өөрийнхөө хараагүй зүйлийг цааш нь ярьж байгаа хүнд дургүй. Нүд үнэнч, чих худалч гэдэг дээ.
 
Эх орон гэж юу вэ? 
 
-Хилийн зурвас доторх бүхий л зүйл эх орон минь.
 
Амьдралд хар, цагаан өнгө хэрхэн хосолдог бол?
 
-Байнга хосолж байдаг. Яаж хослуулахаа хүн өөрөө л шийднэ.
 
Хүндэлдэг хүн тань?
 
-Аав, ээж, гэр бүлээ маш их хүндэлдэг.
 
“Баярлалаа” гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ?
 
-Байнга хэлэхийг, бас сонсохыг хичээдэг. Хамгийн сүүлд өнөөдөр өглөө дэлгүүрийн худалдагчид “баярлалаа” гэж хэлсэн.
 
Өмсөх дуртай хувцас?
 
-Биед эвтэйхэн хувцас өмсөх дуртай. Одоо ч хээрийн хувцас маань л хамгийн эвтэйхэн санагддаг болсон.
 
Дуртай хоол? 
 
-Бууз. Ялангуяа эхнэрийнхээ хийсэн буузанд тун дуртай. 
 
Шүтлэгтэй юу?
 
-Шүтлэггүй гэж хэлэхэд бараг болно.
 
Сүүлчийн асуулт таны мэдэлд...
Удахгүй болох Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсье.
 
Дэслэгч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин