sonin.mn
ОХУ-ын БХЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний “Танкийн биатлон”-ы төрөлд 23 орны танкчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх аж. Энэ сарын 28-ны өдөр эхлэх энэхүү уламжлалт тэмцээнд манай танкчид 5 дахь жилдээ оролцох гэж байгаа бөгөөд сугалаагаар улаан өнгийг сонгожээ. Уралдааны гараагаар 1 дүгээр экипаж сугалааны дагуу энэ сарын 30-ны өдөр Венесуэл, Лаос улсын багтай, 2 дугаар экипаж 8 дугаар сарын 3-ны өдөр мөн Венесуэл, Лаос улсын 2 дугаар багтай нэг гараанд уралдах аж. Тэгвэл 3 дугаар экипаж 8 дугаар сарын 5-ны өдөр тэмцээний ганцаарчилсан төрлийн сүүлийн гараанд мөн Венесуэл болон Лаос улсын багтай уралдах юм байна. 
Дашрамд дурдахад, “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын Батлан хамгаалахын Хуурай замын цэргийн командлалын Байлдааны бэлтгэлийн газрын дарга, хошууч генерал Р.А.Бинюков, олон улсын шүүгчээр БХУА-ийн захирал, бригадын генерал Н.Наран-Очир нар ажиллах бол “Танкийн биатлон” тэмцээний багийн ахлагч, шүүгчээр ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх томилогдсон ажээ.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин