sonin.mn
ҮБХИС-ийн БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор /Ph.D/, ахмад Тогмидын СҮхбаатарыг залуус буланд урьж ярилцлаа.
 
Нандин сайхан дурсамжаар дүүрэн бага нас тань хаагуур, хэрхэн өнгөрсөн талаар ярилцлагаа эхлэе?
 
aЕр нь л аав, ээжийнхээ чихийг халууцуулах талдаа хүүхэд байсан. Мэдээж сурлагаар биш л дээ. Шинэ зүйлийг заавал оролдож, үзэх гэж хичээдэг байв. Аав, ээжийнхээ авч өгсөн тоглоомуудыг заавал задалж дотор талыг нь нээж үзээд, буцаагаад эвлүүлдэг тийм л сониуч хүүхэд байсан. Судлан шинжлэх зан чанар минь тэр үеэс л надад сууж эхэлсэн байх. Мөн гэр хороололд өссөн болоод тэр үү, хар бор ажилд их сайн гэж айлынханд магтуулдаг байсан. Тодхон дурсамжийг хуучлахад дунд сургуульд сурч байхад бид сургуулийн хогийг нэгдсэн журмаар үе үе цэвэрлэдэг байлаа. Багш маань хүүхдүүдийг хоёр хоёроор нь хуваарилж, шуудай бариулаад л хог түүлгэдэг байсан. Ангийнхан надтай хамт хог цэвэрлэх тун дуртай. Одоо бодоход хамт явсан нөхрөө ядраалгүй өмнөөс нь хамаг ажлыг нь хийчихдэг байсан болохоор тэр л дээ. Дунд сургуулийн анги ахих тусам өөрийн эрхгүй төлөвшиж эхэлсэн дээ. Улмаар 1996 онд нийслэлийн 43 дугаар дунд сургуулийг дүүргэж, аавынхаа мэргэжлийг өвлөн МУБИС-ийн түүхийн ангид элсэн суралцаж төгссөн.
 
Ажлын гараагаа хэрхэн эхэлсэн бэ? 
 
-МУБИС-ийг түүх, нийгэм судлалын багш мэргэжлээр 2000 онд төгсөөд 2003 оноос ҮБХИС-тай ажил амьдралын минь гараа холбогдсон. Ангийн анд “Тэмүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал агсан доктор /Ph.D/, дэд хурандаа В.Дашпунцагийн зөвлөгөөг дагаж тус сургуулийн Удирдлага, технологийн дээд сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимд хичээлийн туслах ажилтнаар 3 жил ажилласан. Дараа нь 2006 онд сургуулийн захирал, хошууч генерал Н.Жалбажавын туслахын ажлыг нэг жил орчим хийсэн. Захирлын туслахаар ажиллах үед цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байлаа. Энэ үед өөрийгөө дайчилж, хөгжих хэрэгтэй юм байна гэдгээ мэдэрсэн. Тэгээд 2007 онд БХЭШХ-д эрдэм шинжилгээний ажилтнаар орж эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өнөөг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2008 онд МУБИС-ийн Дэлхийн түүхийн тэнхимд магистрын зэрэг хамгаалж, 2009 онд ҮБХИС-ийн докторантурт элсэн суралцаж, 2016 онд “Алтан ордны улсын цэргийн байгуулалтын судалгаа” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ бол миний болон бидний хувьд яах аргагүй бахархах үйл явдал болсон. Миний хамаатан саданд доктор, тэр дундаа цэргийн хүн байхгүй. Цэргийн хүн болсноо их хувь заяа гэж бэлгэшээж явдаг. Ажлын амт, үр шимийг энэ сургуулиасаа хүртээд 15 жилийг ардаа орхижээ.
 
Захирлын туслахаар ажиллаж байх үедээ өөрийгөө хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай болохыг мэдэрч дээ...
 
-Хүн өөрийгөө голж хэзээ ч болохгүй. Залуу хүн цаг хугацаатай яагаад уралдаж, өөрийгөө хөгжүүлж болохгүй юм гэж бодож, ном зохиол уншиж, олон ч судалгааны ажлыг сонирхон, судалж эхэлсэн. Сургуулийн захирал, хошууч генерал Н.Жалбажав гуай их эрдэмтэй гэгээлэг хүн. Намайг судалгаа хийх сонирхолтойг мэддэг байсан болохоор магистр, цаашлаад доктор хамгаалах хэрэгтэй гэж зөвлөдөг байлаа. Хөгжихийг хүсч байвал миний өрөөнд буй номын сан дахь номнуудаас дуртайгаа уншиж, судлахыг зөвлөж, санал болгодог байв. Олон ч сайхан ном байсан. Ном уншихын хажуугаар захирлын туслахын үүргийн дагуу бүхий л ажлыг нь нарийн төлөвлөдөг байсан. Энэ маань ч надад хэрэг болж би хийх ажлаа байнга төлөвлөж, түүнийхээ дарааллаар ажлаа явуулах дуртай болсон. Би аливаа ажлыг 1, 3, 5, 10, 20 жилээр нь төлөвлөж, хүрсэн амжилт, алдаа, дутагдлаа эргэн харж дүгнэх дуртай.
 
Төлөвлөгөөт ажил нурах, бүтэлгүйтэх үед ямар арга хэмжээ авдаг вэ?
 
-Аливаа зүйлийг төлөвлөж, зорилго тавиад тэр нь бүтэхгүй бол ямар л олиг байх билээ. Гэхдээ сэтгэлээр унаад сүйд болохгүй. Мэдээж муу төлөвлөсөн зүйл бүтэлгүйтэх нь элбэг шүү дээ. Энэ зүйл юунаас болоод нурав, хаана нь алдав гэдгийг эрэлхийлнэ. Зөв оношийг нь тогтоогоод дахиад эхлэх гэж үзнэ дээ.
 
Улс орны ирээдүй болсон үе тэнгийнхээ залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?
 
-Залуус зөв бодолтой, өмнөө зорилготой л амьдрах хэрэгтэй. Хэт их хөрөнгө мөнгө, эрх мэдэлд шунаад хялбар аргаар амьдрах зэргээр буруу зүйл хийгээд яваад байвал тэр хэрээр л буруу, муу зүйл түүнд тохиолдоно. Зарим залуусыг харж, ажиглаж байхад маш замбараагүй, өөрийн гэсэн байр суурь муутайгаас гадна хэт их туйлширч “амбийц” хөөж, аливаад хөнгөн хуумгай хандаад хялбар аргаар ажилтад хүрэх гэж оролдоод байх шиг санагддаг. Мөн зарим залуус ажлыг маш их голж байгаа нь ажиглагдсан. Тууштай зарчимч байж чадахгүй байна. Үүнийг өнөөгийн улс орны бодлого, нийгэмтэй холбож болох л байх. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс ажилдаа сэтгэл гаргаж ажиллах хандлага хангалтгүйн дээр хариуцлага гэх зүйлийг мэдэхээ болиод удаж байх шиг санагддаг. Залуус маань аливаа бэрхшээлийн өмнө сул байна. Тэмцэгч дайчин чанар нь хаачив. Би өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Ихэр хөвгүүд маань бие нь муудаж, эмнэлэгт хэвтэж байхад би докторын зэрэг хамгаалах гээд өдөр, шөнөгүй гүйж байсан юм. Эмнэлэг, ажил гээд хаана л байна, ажлаа хийгээд явахаас өөр арга байгаагүй. Докторын зэрэг хамгаалсан орой л хоёр ихрээ сахих боломж олдож, эмнэлэгт хонож байлаа. Заримдаа шантармаар үе гарч л байсан. Тэр болгонд нугарч болохгүй. Бид хэт их замбараагүй сул задгай байна. Монголчууд биднийг чанга гараар л барьж байх ёстой. Тэгж л “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн сэтгэл гаргаж чадна гэж бодож явдаг. Дээр нь эв нэгдэл, багаар ажиллах чадвар үнэндээ алга болжээ.
 
Эв нэгдэл, үндэсний бахархал, үнэт зүйлсийн талаар нэмж тодотговол...
 
-Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Харамсалтай нь эв нэгдэл гэж байхгүй болж буй дүр зураг л харагдсан. Мөн 1990 оноос хойш орон нутгийн зөвлөл гэж аймаг, сумдад бий болсон. Үүнийг татан буулгах хэрэгтэй. Тэд л жинхэнэ жалга, довны үзлийг илүү түгээн дэврүүлдэг. Энэ жилийн наадмын нээлт тийм ч сайхан болоогүй. Би өөрөө түүхч хүн. Өнгөрсөн түүхээрээ бид бахархах нь дамжиггүй. Гэвч аливаад хэмжээ хязгаар гэж байх ёстой. Улс үндэстэн өнгөрсөн түүхээ дахин дахин сөхөхөөс илүүтэй ирээдүй, хойч үедээ ямар сайхан түүх бүтээж, үлдээх талаар хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй санагддаг. Энгийнээр хэлбэл байнга яриад байдаг зүйлээсээ татгалзаж шинэ зүйлийн талаар ярьж, шинийг сэтгэж түүнийгээ ард иргэдэд түгээх хэрэгтэй. Хэд хэдэн олимпийн нээлтийг телевизээр үзэж сонирхож байлаа. Тэд бол шинэ технологи, шинэлэг санааг хэрхэн бодит байдалд бий болгож гайхамшгийг үзүүлж чаддаг билээ. Дэлхийд ганцхан байдаг монгол наадмын нээлт өнгөрснөө давтах ёсгүй шүү дээ. Харин ч Монгол Улсын ирээдүйн хөгжлийг харуулсан “зөгнөлт” байвал илүү сайхан сонирхолтой санагдана. 
 
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд эв нэгдэл маш чухал нөлөөтэй. Судлаач та бүхэнд өөр ямар тулгамдсан асуудлууд ажиглагдаж байна вэ?
 
-Цус ойртолт. Аюулгүй байдал. Судлаачдын хувьд үүнд маш их санаа зовж явдаг. Монгол Улсын хүн амын удмын сангийн аюулгүй байдал алдагдсан. Нэг үгээр хэлбэл цус ойртолт их байна. Хөдөө орон нутагт ялангуяа сумдад ийм аюул тулгараад байна. Дээрээс нь гаднын улс орнуудын зөөлөн хүчний бодлого маш хүчтэй явагдаж байна. Сошиал медиа телевизээр гарч байгаа гаднын соёлыг монголд түгээн дэлгэрүүлж, хүүхэд залуусыг монгол ахуйгаас ангижруулж, тархийг нь угааж байна. Багахан л сэдэв өгвөл шуураад дагадаг болж. Мөн бурхан шашинд хэт итгэж, сүсэг бишрэлтэй болсон. Аливаа улс орны нийгэм, эдийн засаг хямарч, ард иргэд нь оюуны ядууралд нэрвэгдэхэд элдэв шашин дэлгэрдэг. Энэ нь оюуны хоосролд орсон ард иргэдийг хааш нь ч эргүүлж чадах хэмжээнд хүрдэг.
 
Та хэр шүтлэгтэй хүн бэ?
 
-Би бурхан шашинд сүсэглээд байдаггүй. Миний ажил бол шинжлэх ухааны төлөө. Тиймээс би аливаа асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг. Жилийн засал хийлгэж, ном судар уншуулах гэдэг зүйлийг бараг мэдэхгүй. Би азанд итгэдэггүй, аз надад итгэдэг гэж хэлэх дуртай. Би “Хийморийн овоо”, “Шилийн богд” ууланд нэг ч очиж, мөргөж үзээгүй. Гэхдээ намайг дандаа аз ивээдэг. Сайхан гэр бүл, үр хүүхэд, ажил гээд л амьдралаас би их зүйлийг хожиж байна.
 
Гэр бүлийн гишүүдээ танилцуулна уу?
 
-Т.Сүхбаатарынх гэдэг айл ам бүл 6. Эхнэр Г.Энхжаргал маань ҮБХИС-д нууцын бичиг хэрэг хөтлөгчөөр ажилладаг, сургагч ахлагч цолтой. Охин С.Үүлэнсолонго, С.Нарансолонго, ихэр хөвгүүд С.Хантөгөлдөр, С.Гүнтөгөлдөр нартайгаа залуу гэр бүлүүдийн л адил амьдарч байна даа.
 
Хүүхдүүдийнхээ оюуны хөрөнгө оруулалтад хэрхэн анхаардаг вэ?
 
-Хүүхдүүддээ хаана сурах нь хамаагүй, гол нь өөрөө сурах мэрийлттэй байх хэрэгтэй. Хэчнээн өндөр төлбөртэй сургуульд сураад өөрөө мэрийхгүй бол үр дүн гарахгүй шүү дээ. Тиймээс ямар ч сургуулийг голж, шилж болохгүй. Харин сургуульдаа гологдвол болохгүй шүү гэж л захидаг. Нөгөө талаар өндөр төлбөртэй сургуульд явуулаад байх санхүү одоогоор байхгүй гэдгийг хүүхдүүд маань сайн ойлгож хичээлдээ мэрийлттэй сайн сурч, ном, эрдэмд дурлаж яваад нь аавын хувьд бахархаж байна.
 
Аав тань зохиолч хүн. Та бас шүлэг зохиол бичдэг үү?
 
-Миний аавыг Маналжавын Тогмид гэдэг, Ховд аймгийн Чандмань сумын харьяат. Аавын минь туурвисан “Хувь заяаны цадиг” 5 цуврал роман, “Бушуу туулай” хошин роман, “Цагдаагийн дууль” 3 дэвтэр манай гэрийн хойморт байдаг. Мөн “Ингэх гээд байсан юм”, “Төөрөг”, “Зул” киноны зохиолыг бичсэн хүн. “Хувь заяаны цадиг” роман нь зууны шилдэг романы 5 дугаарт багтаж, уншигчдын хамгийн их сонирхол татсан роман болсноор барахгүй романы бичлэгт шинэчлэл хийсэн гэж үздэг юм билээ. Одоо 70000 гаруй хувь хэвлэгдээд байгаа. Би өгүүллэг, тууж их уншиж сонирхдог. Хааяа өгүүллэг, шүлэг бичдэг. Аав маань миний бичгийн хэлний багш.
 
Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
 
-Чөлөөт цагийг аль болох л чөлөөгүй өнгөрөөх дуртай. Ихэвчлэн хүүхдүүдтэйгээ тоглож өнгөрөөхийг л боддог. Ном, сонин уншина, сонгодог хөгжим сонсоно. Тэр дундаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын “Уяхан замбуу тивийн наран” дууг хааяа сонсох дуртай. Түүнийг сонсохлоор сансар огторгуйд дүүлэн нисч байгаа мэт л мэдрэмж төрдөг. Мөн өөрийн сонирхлоо хөгжүүлж, шинэ, содон технологи шингэсэн зүйлийг сонирхож, туршиж үздэг.
 
Таны хэлэх дуртай үг
 
-Хичээл зүтгэл гаргасан хүнийг боломж байнга дагадаг юм. 
 
Таны хобби
 
-Алтан ордны улсын түүхийн холбогдолтой ном цуглуулах дуртай. Одоогоор 200 орчим ном байгаа. Цаашид үүнийгээ электрон хэлбэрт оруулах бодолтой байгаа. Номын санд маань үндсэндээ 1000 орчим ном бий.
 
Таны зан чанарыг цөөн үгээр тодорхойлбол
 
-Ер нь шударга, хэлэх зүйлээ шууд л хэлчихдэг. Тиймээс хүнийг шүүмжилчих гээд байдаг талтай. Сурсан зүйлийг сураар боох биш дээ. Энэ зан чанар маань арилахгүй байх. 
 
Та одоо ямар судалгааны ажил дээр төвлөрч байна вэ?
 
-Одоогоор Монгол Улсын болоод бүс нутгийн аюулгүй байдлын талаар судалгаа хийж байна. Мөн Алтан ордны улсын түүхээр түүхийн шинжлэх ухааны доктор хамгаалах зорилт тавин ажиллаж байна.
 
Та батлан хамгаалах салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ? 
 
-Би маш өөдрөгөөр хардаг. Болж бүтэхгүй зүйлийг нь хамтдаа засаад сайжруулаад явбал болохгүй зүйл гэж үгүй. Батлан хамгаалах салбартаа би их өртэй хүн гэж боддог. Тиймээс тууштай, бас үнэнчээр зүтгэж, хийсэн, бүтээсэн зүйлтэй явахын тулд маш завгүй хичээн ажиллаж байна даа.
 
Дэслэгч А.АЛТАНХУЯГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин