sonin.mn
Сүүлийн жилүүдэд АНУ-ын Армийн удирдлага байлдааны талбарт цэргийнхээ эсрэг талын дайсныг устгах боломжийг дээшлүүлэхэд онцгой анхаарч өөрийн цэргийн тулалдах, хамгаалах, өнгөлөн далдлах, амьд үлдэх боломж чадварыг нэмэгдүүлэх, шинэ зэвсэг, хувцас хэрэглэл, техникээр хангах, байлдааны зэвсэглэл, техник, технологийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэхүү том зорилгын хүрээнд цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн байдал, бие бялдрын шалгуур үзүүлэлтэд томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. 
Өнгөрсөн сард америкийн армийн дээд командлалаас цэргүүдийн байлдааны талбарт тулалдах чадварыг нэмэгдүүлэх, биеийн хөдөлгөөнөөс шалтгаалсан гэмтэл, бэртэл болон түүний эмчилгээний зардлыг багасгах зорилгоор бие бүрэлдэхүүнээс авдаг биеийн тамирын шалгалтын журмыг шинэчлэн баталжээ. 
Зургаан өөр төрлийн дасгал багтсан шинэ шалгалтыг “Армийн гардан байлдааны дасгалын шалгалт” /Army Combat Fitness Test/ гэж нэрлэж байна. Энэ нь тус улсын армид 1980-аад оноос авч эхэлсэн гар дээр суниалт, гэдэсний таталт, 3,2 км-ийн гүйлт гэсэн гурван төрлийн шалгалтыг орлох болно. 
Биеийн тамирын шалгалтыг шинэ журмаар 2000 гаруй цэрэг өгөөд байгаа бөгөөд ирэх 10 дугаар сараас эхлэн 3 төрөл мэргэжлийн 40.000 цэргээс туршилтын журмаар шалтгалт авч эхлэхээр төлөвлөж байна. 
Америкчууд биеийн тамирын шалгалтыг өөрчлөх болсон нь одоогийн гүйцэтгэж буй гар дээр суниалт, гэдэсний таталт, гүйлт гэсэн гурван төрлийн дасгалыг хийснээр тухайн цэрэг байлдааны талбарт хийж гүйцэтгэх ёстой үүргийнхээ дөнгөж 40 хувийг биелүүлэх боломжтой байдгийг шинжээчид судалгаагаар тогтоожээ. Харин шалгалтын шинэ журмаар энэ үзүүлэлтийг дээшлүүлж 80 хувьд хүргэх боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн бие бүрэлдэхүүнийг туйлдуулж, ядраахаас хамгаалах, хүний биеийн булчинтай холбоотой өвчлөл, бэртлийг багасгаж, зардал хэмнэх аж.
Биеийн тамирын шалгалтын шинэчлэгдсэн журамд тусгагдсан 6 дасгал
Дасгал №1. Хүний биеийн доод хэсэг, нурууны булчингийн хүчийг шалгах зорилгоор штангийг 3 удаа өргөнө. Штангийн жин нь тухайн цэргийн биеийн жинтэй харгалзах ба ойролцоогоор 54-189 кг жинтэй байна. Энэ дасгал нь байлдааны талбарт хайрцагтай сум, шархадсан цэрэг болон бусад хүнд зэвсэг, эд зүйлийг өргөх үйлдэл хийдэгтэй адилхан дасгал юм. 
Дасгал №2. Цэргийн алба хаагч нь зогсоо байдлаас 4,5 кг жинтэй бөмбөгийг толгой дээгүүрээ давуулан арагшаа аль болох хол шиднэ. Энэхүү дасгал нь булчингийн тэсрэх чадварыг сайжруулах ба тулааны талбарт тулгарч болох саадын дээгүүр өөрийгөө болон нөхрөө давуулж шидэх, дэмнэж өгөх зэргээр төрөл бүрийн саадыг хурдан хугацаанд туулахад тустай ажээ. 
Дасгал №3. Энэ дасгал нь уламжлалт гар дээр суниалттай яг адилхан байдлаас эхэлнэ. Гэхдээ биеэ доошлуулаад цээж газарт хүрэнгүүт тулж байсан хоёр гараа газраас хөндийрүүлэхэд 1 суниасан гэж тоолно. Дараа нь энэ үйлдлээ аль болох олон удаа давтаж хийнэ. Энэ дасгал нь цэргийн алба хаагчийн биеийн цээж, дээд хэсгийн булчингуудыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. 
Дасгал №4. Энэ дасгал нь 25 метрийн зайд 5 удаа нааш, цаашаа гүйнэ. Эхний удаа цэрэг 25 метрт хамгийн дээд хурдаараа гүйж шугамд хүрээд буцаж гүйхдээ 40,5 кг жинтэй штангийн туухайг 25 метр чирч шугамд хүрнэ. Буцаад гүйхдээ тус бүр нь 18 кг жинтэй 2 ширхэг гар гантиль гартаа атгаж гүйнэ. Энэ дасгал нь тулааны үед нөхрөө аюулаас чирч холдуулах, хамгийн ойрын далдлалтын араар маш түргэн хугацаанд орох, байр, окоп, нуувч, хонгил, машин руу сумны хайрцаг, зэвсэг зэргийг зөөх үйлдлийг дуурайлган үзүүлж байгаа ажээ.
Дасгал №5. Энэ нь турник дээр суниахтай төстэй дасгал юм. Цэрэг турникээс хоёр гараараа зуурч байгаад хөлөө өргөж, хоёр өвдгөө гарынхаа тохойд хүргэхэд 1 гэж тоолно. Энэхүү дасгал нь уламжлалт гэдэсний таталтыг бодвол хүний гэдэс болон нурууны булчинд 2 дахин их ачаалал өгөх зорилготой юм. 
Дасгал №6. Уг дасгал нь 3,2 км-ийн зайн гүйлт юм. Өмнө нь цэргүүд яг ийм зайд гүйж шалгалт өгдөг байсан. Харин энэ удаа 5 өөр дасгал гүйцэтгэж хүний бие ядрах байдлыг тооцон гүйлтийн хугацааг арай уртасгаж өгчээ.
Одоогийн авч байгаа 3 төрлийн биеийн тамирын шалгалт нь хүний биеийн зөвхөн булчин, тэсвэр хөгжүүлэх аэробик гэсэн хоёр үзүүлэлтийг шалгах боломжтой бол шинээр нэвтрэх 6 төрлийн дасгалаар хүний биеийн булчингийн хүчин чадал, тэсвэр, хүч, хурд, авхаалж самбаа, тэсвэр хөгжүүлэх аэробик, тэнцвэр, уян хатан чанар, тооцоолол, хариу үйлдэл үзүүлэх хугацаа зэрэг 10 үзүүлэлтийг шалгах боломжтой болж байна. Дасгалуудын хоорондын амралтын хугацаа нь 2 минут байх ба 1 цэргийн алба хаагч биеийн тамирын шалгалтыг бүрэн өгөхөд ойролцоогоор 45-55 минутын хугацаа зарцуулах гэнэ.
Шалгалтыг үнэлэх; Үнэлгээнд эрдэмтэд анхаарлаа маш ихээр хандуулжээ. Дасгал бүрт хамгийн дээд тал нь 100 оноо өгөх ба 6 дасгалын нийлбэр дээд тал нь 600 оноо байх юм. Харин тухайн цэргийн алба хаагч ямар ажил эрхэлдэг, ямар мэргэжилтэй, гүйцэтгэх үүрэг нь юу байхаас шалтгаалан авч болох доод оноог нь харилцан адилгүй тавьжээ. Өөрөөр хэлбэл, биеийн хүчин чадал их шаарддаг ажил хийдэг цэргүүдэд илүү өндөр оноо авсан байх босго тавина гэсэн үг. Мөн шалгалтын шинэ журмын гол онцлог нь эдгээр 6 дасгалыг орлуулах эсвэл дүйцүүлж хийх өөр дасгал байхгүйд гэнэ. 
Хатуу чанд, бодит байдалд ойртуулсан, ажиллагаанд туршигдсан биеийн тамирын шалгалтын энэхүү шинэ журам нь цэрэг нэг бүрийн байлдааны бэлэн байдлыг хангахад чухал түлхэц болох нь дамжиггүй. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яамнаас 12 сарын хугацаанд ямар нэгэн ажиллагаанд оролцоогүй, эсвэл биеийн тамирын шалгалт өгөөгүй, өгсөн боловч шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа цэргийн алба хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, эсвэл армиас халах бодлого баримталж байгааг зарласан юм. Тус улсын армийн удирдлага “Бие дааж үүрэг гүйцэтгэх боломжтой, сайжруулсан зэвсэглэл, автомат системээр тоноглогдсон, дэвшилтэт технологи бүхнийг бусдаас давамгайлан ашиглаад зогсохгүй цэрэг бүр эрүүл саруул, бие бялдрын өв тэгш хөгжилтэй байх ёстой” гэж үзэж байна. 
 
Дэд хурандаа Р.ЭНХБОЛД 
Эх сурвалж: "Соёмбо" сонин