sonin.mn
Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад 1990 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч П.Очирбат айлчлав. Ангийн хоёр давхар штабын байрны нэгдүгээр давхраар өрөө, тасалгаатай танилцаж байх үед гэрэл зургийг нь ангийн соёл хүмүүжлийн офицер, ахмад Я.Одсүрэн шуурхай авч, угаагаад Ерөнхийлөгчийг гарч ирэхэд нь дурсгал болгон өгчээ. Энэ үед Ерөнхийлөгч “Хөөе.. тэр намайг дагаж яваа хэвлэлийн нөхдүүд хаана байна. Энэ цэргийн нөхөр шиг шуурхай ажилла” гээд гэрэл зургаа авсан гэдэг. Ерөнхийлөгчийг цааш явсны дараа Я.Одсүрэнг нэг нөхөр сүрхий ширүүхэн сугадан авсан нь Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээлэл хариуцсан сэтгүүлч З.Алтай /УИХ-ын гишүүн асан/ “Найз минь чи биднийг ажилгүй болгох гээд байна уу” гэж хэлсэн гэдэг. Ахмад Я.Одсүрэн ийм л хурдан шалмаг, овсгоотой нэгэн. Түүнийг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын амьд түүх ч гэдэг юм билээ. 18 жил хүзүүнээсээ салгаагүй шахам “Зенит-11” гэрэл зургийн аппарат “УП-5А” хальс угаах хэрэгсэлтэйгээ ангид өрнөсөн олон ч үйл явдлыг гэрэл зургийн хальсанд аргамжин авч үлдсэн гавьяатай хүн. Одоо түүний “Зенит-11” гэрэл зургийн аппарат нь Монгол цэргийн музейн “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн байгууллагын түүхэн замналын танхим”-д хадгалагдаж байна.
 
 
Дэслэгч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин