Улаанбаатар. /МОНЦАМЭ/ Австралийн Элчин Сайдын Яамнаас жил бүр зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2018-2019 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Сонгон шалгаруулалтад нийт 197 байгууллага оролцсоноос найман байгууллага шалгарч төсөл хэрэгжүүлэхээр Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жон Лангтри шалгарсан төслийнхөнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 
Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, “Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжин Австралийн Элчин Сайдын Яамнаас жил тутам зарлан хэрэгжүүлдэг Бичил Төслийн Хөтөлбөр нь Монгол Улсад ядуурлыг бууруулах, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодит үр дүн гаргахад байгууллагууд, иргэний нийгэмд дэмжлэг үзүүлж байна. Бичил Төслийн Хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн олон өргөн хүрээний асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Бичил Төсөл Хөтөлбөрийг 2003 оноос хойш Монгол Улсад хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд Монгол Улсын 120 гаруй байгууллагуудтай хамтран ажилласандаа таатай байна. Энэхүү бичил төсөл хөтөлбөрийн хүрээнд 197 байгууллага төсөл хөтөлбөрөө ирүүлсэн бөгөөд тэдний дундаас хамгийн шилдэг 8 төслийг шалгаруулсан юм.” хэмээв. 
Дээрх төслийн санхүүжилт авахаар шалгарсан байгууллагын нэг болох ОБЕГ-ын ГТТГ-ын Гал унтраах хэлтсийн дарга дэд хурандаа Д.Галбадрах хэлэхдээ, “Галын аюулгүй байдлын шинэчлэн найруулсан хуульд ой хээр болон, объектын түймрийг унтраах үйл ажиллагаанд иргэдийн сайн дурын хэсэг байгуулаад орон нутгийн засаг захиргаанд нэгдсэн зохион байгуулалтанд оруулж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн байгаа. Энэ эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө сүүлийн 3 жилийн хугацаанд 100 гаруй суманд сайн дурын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тэдгээр иргэдийн сайн дурын хэсгүүдийн гамшиг осолтой тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмж, багаж, хувцас хэрэгслээр хангаж сургалтанд хамруулах зэрэг цогц үйл ажиллагааг явуулахаар энэхүү төсөл хөтөлбөрөө боловсрууллаа. Энэхүү төсөл маань Сэлэнгэ, Хэнтий аймгийн нийт 8 суманд хэрэгжих бөгөөд тэдгээр иргэдийн сайн дурын хэсгүүд тусгай багаж, тоног төхөөрөмжтэй болж иргэдийг гал түймрийн аюулаас хамгаалах нөхцөл боломж илүү сайн бүрдэх юм” хэмээн  төслийнхөө тухай танилцуулав. 
Мөн Өмнөговь аймгийн Эрүүл Мэндийн Газрын дарга Ц.Өнөржаргал, “Австралийн засгийн газарт хандаж бичсэн энэхүү төсөл маань 27,000 ам.долларын санхүүжилт авах төсөл байгаа. Бидний төсөл нь малчин өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, төвөөс алслагдсан бүс нутагт оршиж буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг очиж үзүүлэх зорилготой. Ингэснээрээ өвчлөлт, нас баралт, халдварын болон халдварын бус өвчин, эрсдэлт хүчин зүйлүүдийг эрт оношлон эмчлэх зорилгоор боловсруулсан байгаа. Энэхүү төсөл маань Өмнөговь аймагт хэрэгжих бөгөөд явуулын багж, төхөөрөмжтэй болсноор алс хол байгаа, эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй иргэдэд очиж эхо зураг, зүрхний цахилгаан бичлэг хийх, цусны даралт хэмжих зэрэг үйлчилгээг үзүүлэх боломжоор хангагдах юм. ” гэв. 
Шалгаруулалтад амжилттай оролцож, сонгогдсон найман байгууллага нь эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж, гамшигтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудыг хөгжүүлэх явдлыг дэмжих зэрэг чиглэлээр ажиллаж буй төв, орон нутгийн байгууллагууд байгаа бөгөөд нийт 240 000 австрали долларын буцалтгүй тусламж авах юм.
Эдгээр найман байгууллага дараах төслүүдийг хэрэгжүүлэх юм. 
 
1. Онцгой Байдлын Ерөнхий Газар Сэлэнгэ, Хэнтийн зарим суманд ой, хээрийн түймэртэй тэмцэх орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүдийг байгуулж, шаардлагатай хувцас, багаж төхөөрөмжөөр хангах, сургалтанд хамруулах, бодлого, журмыг бүрдүүлэх цогц үйл ажиллагаа бүхий төсөл хэрэгжүүлнэ.  
 
2. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харьяа Мэс Засал, Яаралтай Тусламжийг Чадавхжуулах Төвөөс Өмнөговь аймгийн Ханбогдын Сум Дундын Эмнэлгийн эмч, сувилагч нарыг гэмтэл согог, эх барих чиглэлээр яаралтай мэс засал хийх, тусламж үзүүлэхэд сурган ур чадвар, мэдлэгийг нь нэмэгдүүлэх юм. Тус төсөл нь Австралийн Элчин Сайдын Яам, НҮБ-ын Хүн Амын Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, Оюу Толгой Говийн Оюу Хөгжлийн Сан, Монгол Улсын Засгийн Газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн нэг хэсэг юм.  
3. Өмнөговь аймгийн Эрүүл Мэндийн Газраас хэрэгжүүлэх төслөөр Ханбогд, Хүрмэн сумын иргэдэд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхи бүрдэнэ. Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг болох энэ төслөөр эхо зураг, зүрхний цахилгаан бичлэг хийх, цусны даралт хэмжих зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх бодит боломж бүрдэнэ.  
4. Монголын Хүйсийн Тэгш Байдлын Төв нь Орхон, Сэлэнгэ аймгуудын эрүүл мэнд, нийгэм, цагдаагийн албаны ажилтнуудад хүйсэд суурилсан гэмт хэрэгтэй нэгдсэн байдлаар тэмцэх чиглэлээр сургалт, уулзалтууд зохион байгуулж, ийм гэмт хэрэгт өртөн хохирогдогсдод иж бүрэн туслалцаа үзүүлнэ.  
5. Хөвсгөл Аймгийн Нэгдсэн Эмнэлгээс хэрэгжүүлэх төслийн дүнд Мөрөн сумын 0-5 насны хүүхдүүдийн түлэгдэлтийн түвшинг бууруулж, эмчилгээний чанарыг нэмэгдүүлнэ. Төслөөр эмч, сувилагч нарыг сургалтанд хамруулах, эмчилгээний зарим тоног төхөөрөмжөөр хангах, эцэг эх, сургууль цэцэрлэг, олон нийтийн дунд нөлөөллийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна. 
6. Завхан аймгийн Дөрвөлжин сумын эрүүл мэндийн төв цус, шээсний суурь шинжилгээ хийх багаж төхөөрөмж, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болсноор тус сумын 2200 иргэд сумандаа суурь шинжилгээ өгөх боломжтой болохоос гадна дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах нөхцөл бүрдэнэ.  
7. ЛГБТ Төв бэлгийн цөөнх иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилгоор нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулна.  
8. Ноён Спорт Клуб Улаанбаатар хотын 6 ерөнхий боловсролын сургуульд гар бөмбөг/воллейбол/-ийн клуб ажиллуулж, 120 хүүхдийг хичээллүүлнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг клубуудад хамруулах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гар бөмбөгийн хичээл заах, сургах, ажиллах арга барилд 18 дасгалжуулагч багш нарыг сургана. 
 
С.Мөнхбаатар 
Эх сурвалж: Монцамэ агентлаг