sonin.mn

Дунд коридорыг хөгжүүлэхийн тулд төр ба хувийн хэвшлийн 12 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг дайчлахаар Европын Холбоо /ЕХ/ төлөвлөж байна. Энэ тухай Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен Страсбург хотноо болсон Европын парламентын хуралдаанд оролцож, жил тутмын “Холбоон дахь нөхцөл байдлын” талаар илтгэл тавихдаа мэдэгдлээ. Европын сайн сайхан аж байдал, аюулгүй байдал нь зөвхөн ЕХ-ы хил хязгаарын дотор хангагдах боломжгүй, иймээс тус холбоо энэ онд Энэтхэг, МЕРКОСУР-ын орнууд, Мексик, Австрали, Индонезтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.


“Өнөөдөр миний бие тээврийн салбарт олон улсын шинэ төсөл эхэлж буйг зарлан мэдэгдэж байна. Дунд коридор гэдэг энэхүү төсөл нь Өмнөд Кавказ ба Төв Азийг Европын зах зээлтэй шууд холбоно” гэж фон дер Ляйен мэдэгдлээ. Түүний хэлснээр, Global Gateway санаачилгын хүрээнд ЕХ төр ба хувийн хэвшлийн 12 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөжээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр 2030 онд гэхэд худалдааны урсгал 3 дахин нэмэгдэж, ачааг хүргэх хугацаа мэдэгдэхүйц богиносох юм. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Болгарын талтай хамтран тээврийн холболтын асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар ЕХ төлөвлөж байна.

Дунд коридор бол Хятад ба Төв Азийг Каспийн тэнгис, Азербайжан, Гүрж ба Туркээр дамжуулан Европтой холбох олон улсын худалдааны маршрут юм. Энэ чиглэлийг Торгоны замын орчин цагийн хувилбар хэмээн зүйрлэдэг. 


Б.Адъяахүү