sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон ойролцоох бүс нутгуудаар өчигдрөөс хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагийн өглөө Сөүл хотоос хойд зүгт 25 километрийн зайд оршдог Кёнги мужийн Янжу хотын оршин суугч 57 настай эрэгтэй усанд автсан байшингаасаа усыг шахан гаргах үедээ шатнаас унан амиа алдсан байна.
Ингэснээр тус улсад орсон хүчтэй аадар борооны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2 хүрсэн ба өчигдөр буюу лхагва гарагт хурдны зам үерлэсний улмаас 49 настай эрэгтэй машин дотроо амиа алдсан хэрэг гарсан аж.
Лхагва гарагт Сөүлийн хойд хэсгийн дүүргүүдэд унасан хур тунадасны хэмжээ 250 мм хүрсэн байна. Мөн Кёнги мужийн Гояан хотод мягмар гарагаас лхагва гарагийн хооронд 524 мм хур тунадас унасан бол Янжу хотод 406.5 мм, Уйжонбу хотод 449 мм хүрсэн байна.
Хүчтэй аадар борооны улмаас Өмнөд Солонгосын 117 өрхийн 181 хүн орон гэргүй болоод байгаагийн зэрэгцээ 370 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ажээ. Мөн 635.7 мянган хавтгай дөрвөлжин метр тариалангийн талбай болон фермийн 3.8 га газар үерт автаад байгаа юм байна. Үүний зэрэгцээ Сөүл, Инчеон хот болон Кёнги мужид 1900 гаруй байшин барилга сүйдээд байна.
Хүчтэй аадар бороо Сөүл хотод пүрэв гарагийн өглөө зогссон бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр тус хотод ахин 30-80 мм хур тунадас орох төлөвтэй байгааг цаг уурын газрын мэргэжилтнүүд ард иргэдэд анхааруулаад байгаа ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг