ТОКИО. /РИА Новости/. “Жэби” хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан Японы иргэний агаарын тээврийн 13 компани тус улсын төв болон баруун өмнөд нутаг руу хийх гэж байсан 589 нислэгээ цуцалсан байна. Эдгээр нь Кансай мужийн хотууд болон Осака, Кобе хотуудаас хөөрөх, буух нислэгүүд ажээ.
Цуцлагдсан нислэгүүдийн тоо цаашид өсөх төлөвтэй байна. Түүнээс гадна, Японы төмөр замын хамгийн том компани болох West Japan Railway компани Осака, Хирошимагийн чиглэлүүд болон Хоншю арлаас Сикокү арал руу явдаг “Шинкансэн” хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Түүнчлэн Канагава мужаас Токиогийн ойролцоох Чиба муж руу явдаг гатлага хөлөг онгоцны тээвэрлэлтийг зогсоосон байна.
Одоогийн байдлаар “Жэби” хар салхи зүүн өмнө зүгээс Япон руу ойртон ирж байгаа бөгөөд лхагва гарагийн өглөө гэхэд тус улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарна гэдгийг цаг уурчид анхааруулж байна. Хар салхины төвд даралтын хэмжээ 945 гектопаскаль байгаа ба хурд нь 45 м/сек, зарим үед 60 м/сек-д хүрч байгаа аж. Цаг уурчдын үзэж байгаагаар, “Жэби” нь энэ онд тохиох хамгийн хүчтэй хар салхи болж байна.
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг