sonin.mn
БЕРЛИН. /Би-Би-Си/. Германы өмнөд нутгийн Хемниц хотод болсон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг уриа бүхий үнэ төлбөргүй концертыг 65 мянга орчим хүн үзжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Хемниц хотод 35 настай герман залууг хоёр цагаач иргэн хутгалан хөнөөсөн хэрэг гарсны дараа тус хотын ард иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Даваа гарагийн орой “Бид бүгдээрээ хүмүүс” хэмээх хэт барууны үзэлтнүүдийн урианы хариуд хөгжмийн панк, хип хоп урсгалын хамтлагууд “Бид илүү олуулаа” гэх уриан дор тоглолтоо хийсэн байна. Тухайн үеэр маш олон хүмүүс “нацистуудыг хөөж гарга” хэмээн хашгирч байжээ.
Тоглолтыг үзэхийг хүссэн хүн бүрийг оролцуулахын тулд зохион байгуулагчид тоглолт болох газрыг өөрчлөхөд хүрсэн байна.
Амиа алдсан герман залуугийн дурсгалыг хүндэтгэн үзэгчид нэг минут дуугүй зогсч, хүндэтгэл үзүүлснээр концерт эхэлсэн байна. Үүний дараа “Крафтклуб” хамтлагийн дуучин үзэгчдийн дундаас гарч ирэн дуулжээ.
Өнгөрсөн бямба гарагт болсон хэт барууныхны жагсаалын үеэр сэтгүүлч рүү дайрсан сэжигтнийг баривчилсан тухай Хемниц хотын цагдаагийн газраас тоглолтын үеэр мэдээлсэн байна.
Германы Ерөнхийлөгч Франк-Валтер Штейнмейер энэхүү тоглолтын тухай фэйсбүүк хуудсандаа бичсэн нь консерватив намын зарим дэмжигчдийн шүүмжлэлд өртсөн ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг