sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад зочилж буй Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвилли-гийн албан ёсны айлчлалын хүрээнд “Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” олон улсын хурал Монголд болж байна.
Ази, Номхон далайн бүсийн 8 орны ХАҮТ-уудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцож буй дээрх хурлыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав нээж, Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвилли болон Торгоны замын Олон улсын Худалдааны танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жунхан нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр уншиж танилцуулсан юм. Нэгдсэн хуралдаанаар ГХЯ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан “Монголын худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал”-ын талаар, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Төгөлдөр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин”-ы талаар, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан  манай улсын аялал жуулчлалын салбарын талаар танилцуулж, ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн О.Бадамханд “Монголын ЖДҮ-ийг дэмжих бодлого, Ази,Номхон далайн оруундтай хамтран ажиллах боломж” гэсэн илтгэл тавьсан юм.
 
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважаваас олон улсын ХАҮТ-уудын том арга хэмжээ манай улсад анх удаагаа болж буйн ач холбогдол, үр дүнгийн талаар асууж тодруулахад тэрээр, “Өнөөдөр Монголд Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын хоёр том системийн уулзалт болж буйгаар онцлог, чухал байна. Нэг нь Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны удирдлагын айлчлал, нөгөөдөх нь БНХАУ-ын зүгээс байгуулсан “Торгоны зам”-ын Олон улсын Худалдааны Танхимын төлөөлөл мөн энэ арга хэмжээнд оролцохоор манай улсад ирсэн явдал юм. Тэгэхээр бидний өмнө өнөөдөр олон улсын ХАҮТ-уудын энэ 2 том систем бүхий механизмыг Монгол Улсын эдийн засгий хөгжил, бизнесийн орчинд яаж давуу тал болгон ашиглах вэ гэдэг асуудал гарч ирэн тавигдаж байна. Бид өнгөрсөн 20 жилд олон улсын байгууллагуудын арга хэмжээнд зөвхөн очиж оролцох хэлбэрээр явж ирсэн. Одоо харин бид өөрсдөө зохион байгуулж байгаагаар энэхүү оролцоог өөрсдөдөө давуу тал болгон өөрсдийнхөө хөгжлийн хэрэгслүүр болгох боломж ирлээ. Үүнийг манай бизнесийнхэн сайн ашиглаж чим чимхээр, атга атгаар үр дүнг хүртэж өөрсдөдөө наах учиртай юм. Энэ утгаараа өнөөдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой юм” гэв.
Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн Холбоо (CACCI)-ны Ерөнхийлөгч Джамал Инайшвиллиг дагалдан манай улсад дээрх холбооны орлогч захирал Амадор Хонрадо,  БНХАУ-ын “Торгоны зам”-ын Олон улсын Худалдааны танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жунханыг дагалдан тус Танхимын  Санхүүгийн хорооны дарга Давид Кианг нар мөн хүрэлцэн ирсэн бөгөөд тэд өнөөдрийн уулзалтанд хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлж байна.
 
Тодруулга: Австралийн Сидней хотноо хуралдсан Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-ын Нэгдсэн Холбоо (CACCI) болон Дэлхийн ХАҮТ-ын холбоо (WCF)-ны нэгдсэн 10 дугаар уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутгийн ХАҮТ-уудын уулзалтыг манай улсад хийхээр шийдвэрлэсний дагуу ийнхүү CACCI-ийн 2018 оны уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү уулзалтыг өөрийн оронд зохион байгуулах эрхийн төлөө МҮХАҮТ Шри-Ланка болон Турк улсын ХАҮТ-тай өрсөлдөж шалгарсан юм.  
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг