sonin.mn
ТОКИО. /Киодо/. Японы хойд хэсгийн Хоккайдо арал дээр хүчтэй газар хөдлөлт болж, 40 гаруй хүний амь нас үрэгдсэн харамсалтай явдал гарснаас хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа хэдий ч 1600 орчим хүн түр хоргодох байранд амьдарсаар байна.
“Хоккайдо арлын 1650 гаруй байшин барилгын усан хангамж одоо болтол тасраад байгаа бөгөөд шугам сүлжээг бүрэн засварлаж дуусахад сар орчмын хугацаа шаардлагатай байна” гэж мужийн засаг захиргааны төлөөлөгч мэдээлжээ.
Газар хөдлөлтийн төв болсон Ацума тосгонд 220 орчим барилга сүйдсэн байна. “Томатоацума” цахилгаан станц мөн байгалийн гамшигт өртсөн нь 2.95 сая өрхийн тог цахилгаан тасалдахад хүргээд байгаа юм.
Цахилгаан хангамжийг бүрэн сэргээх ажил 11 дүгээр сарын эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд тэр хүртэл Хоккайдо арлын оршин суугчид болон бизнес эрхлэгчид цахилгааны хэрэгцээгээ түр хязгаарлах шаардлагатай болоод байгаа ажээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг