sonin.mn
Сонины энэ дугаарын “Зочин” булангийн хойморт “Хурд” хамтлагийн ахлагч Дамбын ГАНБАЯРЫГ урьж, ярилцлага хийснээ уншигч танд хүргэж байна.
 
“Хурд” хамтлагийн 25 жилийн ойд зориулсан тоглолт үзэгчдийг шуугиулсан, тэдний сэтгэлд хоногшим тоглолт болсонд баяр хүргэе. Хамтлагийн болон таны танилцуулгаас яриагаа эхлэе...
 
-Баярлалаа. Монголын ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж, тэдний хүсэн хүлээдэг хамтлаг болж чадсанаараа бахархахын зэрэгцээ тоглолт бүрт минь өндөр ач холбогдол өгч, урам хайрладаг үзэгчиддээ “Соёмбо” сониноороо дамжуулан талархсанаа илэрхийлье. Манай хамтлаг 1993 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд 25 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж, үзэгч түмнийхээ алтан сонорыг мялаасаар явна. Хамтлагийн гишүүдийг нэрлэвэл, гоцлол дуучин, гавьяат жүжигчин Д.Төмөрцог, гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, бөмбөрчин Д.Отгонбаатар, басс гитарчин Н.Наранбаатар, 2 дугаар гитарчин Д.Мөнхбат болон арын албаны 4-5 ажилтантай. Миний хувьд хамтлагийн ахлагчийн томилгоотой, төр, түмнийхээ хүндэтгэлийг хүлээж Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртсэн. 
 
Гурван гавьяаттай хамтлаг гэхээр гайхалтай санагдаж байна шүү...
 
-Бахдам амжилт, бахархам дурсамж хэмээн бид урамшиж явдаг юм. 1990-ээд онд улс орон зах зээлийн системд шилжиж, бүхий л үйлдвэр, аж ахуйн газрууд үүд хаалгаа барьж, урлаг, соёлын байгууллагууд уналтад орсон хүнд нөхцөлд манай гэр бүлийнхэн зориг шулуудаж, хамтлагаа байгуулсан нь цаг үеийн шаардлага байсан биз. Тухайн үед нийгэм бүхэлдээ хямралд орж, ард түмний сэтгэл санаа ихээхэн гутранги байсан тэр мөчид манай хамтлагийн олон дуу ард түмнийг “унтаа” байдлаас сэрээсэн гэж өнөөдрийн өндөрлөгөөс харж болно. Дуу бол хүний сэтгэлийн толь хэмээн бид ухамсарлан ойлгож, урлагтай амьдралаа холбосон 25 жилийн хугацаанд хөгжим, микрофон хоёроос холдох завгүй зүтгэлээ, үр дүн нь ч бодитой гарсан. Манай хамтлагийн дуулсан “Цэргийн бодол” дуу биднийг ард түмэнд сайтар таниулж, хайр хүндэтгэлийг нь хүлээх эхлэл байсан гэж үздэг. Энэ дууг бидний том ах Д.Ганболд цэргийн алба хааж байхдаа 1977-1978 оны шинэ жилийн баяраар зохиосныг бид хожим амьдруулсан нь их амжилтын эхлэл байж дээ.
 
Тийм үү? Ардын дуу болтол мөнхөрсөн энэ дуу танай гэр бүлийн “өмч” гэж үү?
 
-Миний том ах Д.Ганболд 1977-1980 онд Хилийн цэргийн инженер сапёрын ангид хугацаат цэргийн алба хаасан юм. Тэр үед “Цэргийн бодол” дууны үг, аяыг зохиож, шинэ жилийн үдэшлэгийн үеэр анх дуулсан нь одоо ч миний санаанд тод үлджээ. Би сурагч байхдаа ахынхаа ангид очиж, шинэ жилийн үдэшлэгийн үеэр цахилгаан хөгжмийн хамтлагийн бөмбөрийг нь тоглож байснаа тодхон санаж байна. Тэрчлэн ах маань цэргийн албанд байхдаа 
“Хуран чуулсан нөхөд минь буцлаа 
Хурын нулимс нүдийг минь бүрхлээ 
Хун хундаа дасдагийн адилаар 
Хүн хүндээ дасдаг юм байж дээ” гэж ирээд л “Намар гэдэг ийм юм даа”, “Уянга” гэсэн 4 дууг зохиосон нь одоо ч дуулагдсаар байдаг юм. Хожим ах маань амьд сэрүүн үедээ 1990-ээд онд “Цэргийн бодол” дуугаа сэргээн дуулахыг санал болгоод бид хамтдаа дуулсан. Энэ дуу тухайн үед цэрэг ардын холбоог хайр сэтгэлийн сэжмээр холбосон сайхан дуу болж мөнхөрсөн дөө. Үнэхээр 3, 2, 1 жилийн хугацаагаар цэргийн алба хаасан дайчин нөхдийн магтуу болж, цэргийн нөхөрлөлийг бэхжүүлсэн дуу байсныг цэргийн алба хаасан бид л сайн мэдэрнэ. Тухайн үед цэргийн алба хаагаагүй дүү нар маань сайн ойлгож дэмжихгүй байсан ч ахын сургаал алт гэдгээр энэ дуу нь амилж билээ. 
 
Та ч бас цэргийн алба хаасан...
 
-Би 1984-1987 оны цэрэг. Анх Эрдэнэт дэх Барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн алба хааж эхэлсэн. Энэ үед ахмад Д.Сампилдондовын удирдлагад “клубын цэрэг” нэртэйгээр урлагт зүтгэсэн хэрэг. Тэр жил клубын арын өрөөнд тоосонд дарагдсан бөмбөр болон бусад хөгжмийг зүлгэж, эвдэрсэн өсгөгч /1060 гэдэг байсан юм/-ийг нь ажилд оруулаад “Барилгачин дайчид” хамтлагийг байгуулсан. Тухайн үед дээд оны ах нар болох О.Цэдэв, Н.Бат-Эрдэнэ нарын түрүүч нартай хамтлагийн урын сангаа баяжуулснаар Эрдэнэт хотын албан байгууллагуудад урлагаар үйлчилж явлаа.
Тэр жилдээ Ардын Армийн 107 дугаар ангийн өвлийн таталтаар сургалтын ротод жолооч болохоор шилжиж билээ. Сонирхуулахад, манай ротын захирагч, ахмад Н.Цэнджав, улс төрийн орлогч, ахмад Х.Юмжав хоёр баян хуур хөгжим тоглодог, урлагт их элэгтэй дарга нар байлаа. Тэгээд л хөгжмийн авьяастай гэж тоогдсон намайг ротын жагсаалын даргаар томилж, хавар, намрын 6 удаагийн төгсөлтөөр 900 гаруй жолоочийг бэлтгэхэд цэргийн албыг нь хариуцсан жагсаалын дарга байснаараа бахархдаг. Манай рот ангийн хэмжээнд жолооны шилдэг, сурлагаар манлайлагч, урлагийн шилдэг зэрэг тодотголтой уралдааны 5 тугийг бүгдийг нь авсан тэргүүний рот байсныг түүх гэрчилнэ. Одоо ч миний үеийн цэргүүд надтай уулзахаараа “Жа даргаа” гээд л ихэд хүндэтгэлтэй уулздагт нь баярлаж явдаг юм. 
Энэ хугацаанд Ардын Армийн ангиудын дунд зарласан 1984, 1986 оны урлагийн үзлэгт тэргүүн байрт шалгарч, 1986 онд зохион байгуулсан Бүх ард түмний урлагийн их наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн нь миний хувьд анхны шагнал байлаа. Ёочин, ятга хөгжим тоглож, цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулан оролцож явсан нь саяхан мэт санагдах юм. Тэр үед хөгжмийн зохиолч, найрал дууны багш, ахлах дэслэгч Адъяагийн Цоодол клубын дарга байсан бөгөөд түүний авьяасыг үнэлж барамгүй. Бибээр А.Цоодол багштайгаа байнга холбоотой явдаг ба тэрээр өнөөдөр таны хамтаар ирж уулзахад нь эмчилгээний зардалд нь зориулж 1 сая төгрөгийг хандивлалаа. Биднийг цэргийн нөхөрлөл ийнхүү насан туршид холбосон юм. Өмнө нь ч бид А.Цоодол багшийнхаа уран бүтээлийн тайлан тоглолтод нь оролцож, түүний зохиосон дууг нь дуулж, багшийгаа дэмжиж явснаа хүн чанарын илэрхийлэл хэмээн бахархаж сууна.
 
Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг дээ?
 
-Бид завтай үедээ хүндээр өвчилсөн зарим хүмүүсийн эмчилгээний зардалд зориулсан цөөн тооны хандивын тоглолтод оролцож, дэмжлэг үзүүлж байлаа. Мөн уран бүтээлийн тоглолт бүрийн дараа алслагдсан, замаас зайдуу зарим сумын эмнэлэгт яаралтай тусламжийн багаж, тоног төхөөрөмжийг хандивласан. Одоогоор Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн 12 суманд энэ үйлчилгээг үзүүлжээ. Мөн Эх нялхсын эрүүл мэндийн төвд ч энэхүү тусламжийг үзүүлсэн нь хүүхэд багачуудын ирээдүйд чиглэсэн нийгмийн хариуцлага гэж бид ойлгодог юм. Бидэнд талархлын үг байнга ирдэг бөгөөд энэхүү үйл ажиллагаа цаашид ч үргэлжилнэ.
 
Танай удамд урлагийн мэргэжлийн гэх тодотголтой хүмүүс хэр олон байдаг вэ?
 
-Бидний аав Ц.Дамба Баянхонгор аймгийн Өлзийт сумынх. Харин ээж Ж.Памжав Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат бөгөөд хүүхэд байхаасаа баян хуур хөгжим тоглодог, дуу дуулдаг байсан. Ээж маань 1955 онд илгээлтийн эзэн болж Ардын дуу, бүжгийн чуулгад дуучнаар шалгуулахаар их хотыг бараадаж, УБТЗ-д олон жил ажилласан юм. Бид ээжийнхээ хөгжимддөг, дуулдаг авьяасыг нь өвлөж, багаасаа урлагт дурлацгаасан. Бид эцэг, эхээсээ 11-үүлээ, бидний дунд 1 л охин бий. Бид одоогийн “Ган зам” буюу 20 дугаар сургуульд их л сахилгагүй хүүхдүүдийн тоонд орж явлаа. Гэхдээ хүүхдийн дуу, хөгжмийн хамтлагийг байгуулж, галт тэрэг, автобусаар гол төлөв хүүхдийн зусланд урилгаар очиж тоглодог байсансан. Бидний анхны багш 20 дугаар сургуулийн дуу, хөгжмийн багш Чүлтэмдорж бөгөөд одоо ч багшаараа бахархаж, дээдэлж явна.
 
Уран бүтээлийн хувьд баялаг хамтлаг гэж та бүхнийг ихэд хүндэлдэг хүн маш олон гэдэгт эргэлзэх юун билээ?
 
-Бид давхардсан тоогоор олон зуун мянган үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн баримт бий. Монгол Улсыг дэлхийд хаана, хэн сонсч байна, тэнд бид аялан тоглолтоо хийсэн. Өөрөөр хэлбэл, Африк тивээс бусад тивийн бүх орнуудад хүрсний дотор өнгөрсөн жил Австралид айлчлан тоглолтоо хийсэн нь бидний бахархал. Бид дуу, хөгжмийн хэлээр даяаршилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Манай хамтлагийг дэлхийн аль ч улс оронд очсон, тэнд монголчууд ажиллаж, сурч, амьдарч байдаг нь бахдалтай. Тэрчлэн бид монгол орныхоо бүх аймаг, сум, Зэвсэгт хүчний анги, салбар, Хилийн хороо, заставуудад олонтаа очиж, ард түмэндээ, цэрэг эрсдээ тоглолтоо өргөн барьсан. Өнгөрсөн хавар гэхэд л “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны сургалтын үеэр олон улсын урлагийн наадамд оролцож, аялгуу дуугаа өргөхөд гадаад, дотоодын бүх оролцогчид суудлаасаа босч, хүндэтгэл үзүүлсэн нь бидний тоглолтын чанар, үнэлэмжийг илтгэсэн чухал үйл явдал байсан юм.
 
Ингэхэд та өөрийн зохиосон дуугаа тоолж үзсэн үү?
 
-Сонирхолтой л асуулт. Миний хувьд өөрийн зохиосон дуугаа тоолж явсангүй, гагцхүү чанарыг л эрхэмлэдэг. Манай хамтлагийнхан бүгд өөрсдөө дуугаа зохиож дуулдаг. Гол төлөв гавьяат жүжигчин Д.Отгонбаяр зохиодог ч хамтлагийн анхны 2 “CD”-ний дийлэнх дуу нь миний бүтээл байдаг онцлогтой бөгөөд түүнд 20-иод дуу багтсан юм. Сая 25 жилийн ойн концертод шигшмэл 25 дуугаа сонгох гэж бидний хооронд айхтар өрсөлдөөн болсноос харахад уран бүтээл арвин байгаа нь илүүтэй мэдрэгдэж билээ. Бас нэг зүйлийг онцлоход бид анх удаа улсын циркт 3 машин банз буулгаад том тайз зассан минь санаанаас гардаггүй юм. Өөрийн оронд гадаадын улс орнуудынх шиг урлагийн тайз засч яагаад болохгүй гэж шийдээд модон материал зардаг залуусаас банзыг нь гуйн байж, их эргэлт, тэсрэлт гаргаж билээ. Миний хувьд одоогоор хамтлагийнхаа үйл ажиллагааг удирдахын зэрэгцээ хөгжмийн найруулгыг чанарын өндөр түвшинд хийх ажилд ихээхэн зүтгэл гаргаж байгаа.
 
Сүүлчийн асуултыг Танд үлдээе...
 
-Би Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдынхаа бүтээлч хөдөлмөрийг байнга үнэлж, хүндэтгэж явдаг хүний нэг. Бидний үеийнх шиг 3 жилээр цэргийн алба хаадаг бол, Солонгос улс шиг эр, эмгүй цэргийн алба хаадаг байсансан бол манай залуучууд хүний үг даадаг, биенээ хүндэтгэдэг, тэсвэр хатуужилтай, ирээдүйн амьдралаа төлөвлөх, удирдах бүрэн төгс чадвартай болохсон гэж боддог юм. Дэлхийд монгол орныг таниулж, сурталчилж, энхийн үйлст зүтгэж яваа цэрэг эрсээ цаг ямагт хүндэтгэн дээдлээсэй гэж боддог юм. Манай хамтлагийн уран бүтээл нь цэрэг-эх орны сэдэвтэй бөгөөд эх орноо магтан дуулахад чиглэгдэж, монгол түмэндээ эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгтээ огт эргэлздэггүй. Бидний ах Д.Ганболдын үг, ая “Цэргийн бодол” дуу нь 40 жилийн босгон дээр клиптэй болж байгаа бөгөөд энэхүү бүтээлч үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ болон Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын арвин их амжилтыг хүсч байгааг минь уламжлаарай.
 
Ярилцсанд баярлалаа. 
 
Бэлтгэл хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин