sonin.mn
Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль,  цэцэрлэгийн барилгын ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал   танилцлаа. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж буй. Уг ажилд нийтдээ 1.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ирэх оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох юм. Гүйцэтгэгчээр орон нутгийн “Ээлт өлгий” компани шалгарсан бө­гөөд өнгөрсөн долдугаар сарын 3-нд шав тавьсан байна. Барилгын ажил одоогоор 65 хувьтай үргэлжилж байна. Мөн Булаг багийн 18-р цэцэрлэгийг 150 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх ажлын явц 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Уг ажилд улсын төсвөөс хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулна. Дээрх ажлыг Улаанбаатар хотын “Бодьхангай” компани гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны есдүгээр сард ашиг­лалтад орохоор төлөвлөжээ.
Түүнээс гадна Баянбулаг багт баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. 2015 онд эхэлсэн уг ажил хөрөнгө оруулалт зэрэг шалтгаанаар өнөөг хүртэл саатсан юм байна. Улсын төсвөөс 1.4  тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж буй уг цэцэрлэгийг энэ онд багтан ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа гүйцэтгэгч компанийнхан хэлжээ. Мөн тус багийн 16-р сургуулийн спорт заалыг шинээр барьж буй. Нийтдээ 790 гаруй сая төгрөгийн санхүүжилттэй барилгын карказны ажил бүрэн дуусчээ. Ирэх оны наймдугаар сарын эхээр ашиглалтад орох барилгыг “Хан-Аттрибут” компанийн барилгачид барьж буй.
Энэ онд Улсын төсвөөс санхүүжиж буй бас нэг барилга бол Нэгдүгээр сургуулийг 928 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх ажил юм байна. Одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа уг барилгыг нийт 4.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр барьж буй. Ийнхүү Засаг даргын орлогч С.Батжаргал  улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцах үеэр компаниуд тодорхой саналууд хэлсэн байна. Эдгээрийн дийлэнх компанид нь вальютын ханш болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж зардал нэмэгдэж байгааг учирлажээ. Тиймээс тулгамдсан асуудлаа албан бичгээр ирүүлж, харьяа яамдад уламжлах тал дээр хамтран ажиллахаа Засаг даргын орлогч С.Батжаргал  компанийн удирдлагуудад илэрхийлсэн юм.
 
Б.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин