Гүрж улсын Батуми хотноо болсон Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад манай улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод иржээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар тамирчдаа хүлээн авч уулзлаа.
 
Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар,
 
-Манай шатарчид олимпиаддаа амжилттай оролцлоо. Ялангуяа, эрэгтэй багийнхан манай шатрын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт шалгаран В ангилалд мөнгөн медаль хүртлээ. Манайхан багийн тоглолтоо маш сайн хийсэн. 11 өрөг тоглоход 9 хожиж, В ангилалд түрүүлсэн багтай оноо тэнцсэн ч коэффцэнтийн зөрүүгээр хоёрдугаар байр эзэлсэн. Тамирчид маань чансаагаа ахиулж, У.Насанжаргал их мастерийн норм авсан гэлээ.
 
 
Дэлхийн шатрын олимпиадад эртнээс бэлтгэж, тамирчдаа вакум орчинд нэгдсэн бэлтгэлд хамруулсан. “Их тэнгэр”-т нэгдсэн цугларалтад гарсан нь шатарчдын амжилтад нөлөөлсөн гэдгийг тэрбээр тэмдэглээд энэ бүхэнд дэмжлэг үзүүлсэн Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар танд  талархаж байгаагаа илэрхийлье гэв. 
Оюун ухааны олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцож, чансаагаа ахиулж, төрийн далбаагаа мандуулсан шигшээ багийнханд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Шатарчид нэг нэгнээ нөхөж, дэмжиж, багийн сэтгэлзүйтэй байж түүхэн амжилтад хүрсэн нь зааж зөвлөсөн багш дасгалжуулагчдын ажлын үр дүн гэдгийг тэрбээр онцлоод багш, дасгалжуулагчдад мөн баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр шатарчид дэлхийн аваргын тэмцээн, шилдэг шатарчдын тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцаж ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.