sonin.mn
Бээжин хотын баруун дүүрэгт Фучэнмэн гудамжны хойд үзүүрт  оршдог энэ сүм нь язгуурын монголчууд гэгддэг Хитанчууд хүчирхэгжин мандаж төр улс байгуулсан үе болох 1096 онд анх баригдсан. Ер нь Бээжин хот бол Хитан нарын үед анх улсын нийслэл хот болсон түүхтэй агаад Хитаны Ляо улсын таван нийслэлийн нэг байсан Өмнөд нийслэл гэгдэж байсан билээ. Сүүлд нь Зүрчидийн Алтан улсын үед Жунду буюу Дунд нийслэл гэгдэх болжээ. Чингис хаан Алтан улсыг мөхөөх үеэр монголын их цэрэг энэ хотыг хоёронтаа эзлэн авч галдан шатаасан бөгөөд тэр үеэр энэ сүм эвдэрч нурсан юм. Хожим нь Хубилай хааны зарлигаар 1271 онд сүмийг сэргээн засварлаж, хуучин байсан суваргын суурин дээр одоогийн Цагаан суваргыг шинэчлэн барьжээ. Сүмийг сэргээн барих болсонтой холбоотой нэгэн домог байдаг. Хубилай хаан Бээжин хотод шинжлн суурьшаад удаагүй байхад албат түшмэд нь нэг удаа эртний энэ нурсан сүмийн тууринаас шөнө болгон жигтэй гэрэл гэгээ цацрах болсон тухай дуулгажээ. Чингэсэнд Хубилай хаан даруй шалгаж үзсүгэй гэснээр туурийг ухаж үзэхэд дороос нь Бурхан багшийн чандрыг аравнайлсан эрдэнийн хайрцаг гарч иржээ. Чингэсэнд хаан бээр энэ сүмийг сэргээн босгох ёстой хэмээн үзэж, зарлигласан гэдэг. 
Ийнхүү Монголын их хаадаас анхлан Бурхны шашинд орж түүнийг төрийн шашин болгосон Хубилай хаан энэ суваргыг өвөг дээдсээ тахин шүтэх тайлгын зориулалттайгаар сэргээн байгуулсан гэдэг. Тэгэхдээ сүмийн туурийн гол дунд нум сумтай цэрэг зогсоогоод дөрвөн зүгт сум талбиулж, сум туссан газрын хэмжээгээр сүмд эзэмшил газар олгон тиг гортиг татуулан зурхай зуруулсан байна. Хааш хаашаагаа сум туссан газар гэдэг бол маш том хэмжээтэй байх нь мэдээж. Харин хожмын цаг үеүдэд сүмийн газар нутгаас тасдан авсаар байгаад өнөөдөр тун бага хэсэг нь үлдсэн байна. Сэргээн босгох ажилд Монгол, хятад урчуулаас гадна Балбаас урьж ирүүлсэн олон урчуул оролцсоны дотор Арника хэмээх уран барималчин онцгой гавьяат үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс сүмийн хашаанд түүнд зориулсан хөшөөг хүндэтгэлтэйгээр залсан байна. Сүмийн дотор эл үйл явдлыг түүхчлэн үзүүлсэн музей бий бөгөөд тэнд Хубилай хаанаас Түвдийн шашны тэргүүдтэй харилцаж байсан, дотор газар Бурхны шашин дэлгэрүүлсэн түүх хийгээд уг сүм, суваргыг барьж босгосон үйл явдлыг харуулсан байдаг. 
Өнөөдөр албан ёсны нэр нь Мяо иньсы, ард олны дунд Цагаан суваргын сүм гэх болсон энэ сүмийг Юань улсын үед Ван аньсы буюу монголчилвол Тэнгэрийн бошигт Түмэн амгалант сүм гэж нэрлэж байсан бөгөөд өвөрлөгчийн зарим бичгийн хүмүүс Их сахиуст Түмэн амгалант сүм  гэж нэрлэж байсан нь ч тааралдана. 9 м өндөр сүмбэр суурин дээр 51 м өндөр суварга сүндэрлэх бөгөөд хамгийн өргөн хэсгээрээ 18.4 метр диаметртэй, 13 давхар өндөр энэ суварга бүхий энэ сүмийн нийт талбай нь 810 хав.дөр.метр юм. 
Цагаан суварга нь сүмбэр суудал, их бие, шүхэр, оройн суварга гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд бадам лянхуа цэцгийн хорин дөрвөн дэлбээний хэлбэртэй сүмбэр суудлын эргэн тойронд 108 ширхэг зулын гүнгэрваатай. Их биеийн дээд хэсэгт тэнгэрийн мандлыг бэлгэдсэн арван гурван номын цагаригтай, түүний дээр 9.7 м диаметртэй хүрэл шүхэр байх бөгөөд түүний эргэн тойронд гучин зургаан гуулин давтмал бурхдын дүртэй, мөн самгарди тарнийн үсэг сийлээстэй, олон тооны хүрэл хонх зүүгээстэй бий. Оройд нь хоёр тонн жинтэй дөрвөн метр өндөр алтадмал хүрэл суварга байдаг.  
“Юань улсын судар”-т тэмдэглэснийг үзвэл “1288 онд Түмэн амгалант хийд бүтэвэй. Бурхдын хөрөг, хэрэм ба гэгээвч тэргүүтнийг цөмийг нь алтдан өнгөлөв. Алт 540 лан илүү, мөнгөн ус 240 жин хэрэглэвэй” гэсэн байдаг. Юань улсын бүх цаг үеийн туршид энэ сүм хаан төрийн ёслол үйлийн чухал газар болсон төдийгүй шинэ хаан ор суух, хааны насны ойн баяр, цагаан сарын баяр ёслол болохын өмнө төрийн ноёд түшмэд энд ирж гурван өдрийн турш бэлтгэл сургууль хийж, ёслол журмыг дэглэн боловсруулдаг байжээ.
Хууч ярианаас үзвэл Хубилай хааны бариулсан Цагаан суваргын дотор бурхны шашны зан үйлд холбогдох өмнө нь байсан эд өлгүүдийн зэрэгцээ их хааны эцэг, эхийн шарил чандрыг нэмж хийн аравнайлсан гэх нь бий. Гэвч суваргыг үе үе нээн үзэж байсан боловч тэр тухай тодорхой бичлэг тэмдэглэл үлдээгүй тул энэ асуудлыг өнөөдөр тодотгох боломжгүй болжээ. Харин 1978 онд суваргыг засварлах үеэр дахин нээхэд дотроос нь манжийн Тэнгэрийг тэтгэгч хаан өөрийн  мутраар бичсэн тарнийн уншлага, 724 хуудастай Ганжуур, Данжуур, 20 см өндөр шижир алтан Гурван цагийн бурхан, шар агар зандан монголоор Их нигүүлсэгч Хоншимбодисад гэдэг Арьяавал бурхан, шижир алтан Урт наст бурхан, жанч, нөмрөг, хадаг, таван талт Язгуурын таван бурхны дүр бүхий титэм малгай, бас бус шашны зан үйлийн эд өлгийн зүйлс, есөн эрдэнэ, Шигмуни бурхны чандрын үлдэгдэл зэргийг агуулсан дөрвөн хайрцаг гарсан байна. 
Хубилай хааны үеэс энэ газар ийнхүү сэргэн өргөжөөд, улмаар Бурхны шашны ном судар хадгалах, орчуулж барлан хэвлэх ажлыг эрхлэн явуулж байжээ. Тэхлээр энд хааны зарлигаар байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн нэг хэсэг болох  монгол, хятад, түвд ном судар орчуулах, барлан хэвлэх газар, бурхан багшийн сэрэг дүр зэрэг эд өлгийн зүйлийг цутган урлах урлан зэрэг бүтээлийн ордон цогцолж байсан гэж үзэж болох юм. 
Сүмийн гол дуганд Юань, Мин, Чин гүрний үед урласан нэг түмэн алтан, мөнгөн, гуулин бурхад залаастай хадгалаастай байгаа нь сонин ховор үзмэрүүдэд тооцогдоно. Ялангуяа Юань улсын үед урласан бурхад нь нэн ч чухал ховор байх нь дамжиггүй ээ. Цагаан суваргыг Хубилай хааны зарлигаар Балбаас ирсэн Арника хэмээх уран дархан удирдан 1271-1279 оны хооронд барьж байгуулаад их хаанд өргөн танилцуулж их найр хурим хийн нээсэн байдаг. Хубилай хааны зарлигаар Балба орноос хүрэлцэн ирсэн 80 гаруй уран барилгачид, дархчууд дахин сэргээж барьсан энэ Цагаан суваргатай холбоотой сонирхолтой түүх, домог яриа бий. Анх энэ суварга цагаан биш, улаан өнгөтэй бажээ. Үүнийг гэрчлэх нэгэн ардын дуу байна. Тэр дуунд:
 
Улаан суваргатай байхад 
Умрын хүмүүс ирж эзэн суулаа.
Өнгө нь хувирч цагаан болоход 
Өмнийн хүмүүс ирж эзэн суулаа... 
гэж дуулдаг байснаас үзвэл Юань гүрний үед улаан өнгөтэй байсан энэ суварга Мон улсын үед цагаан өнгөтэй болсон нь үнэн бололтой. Ер нь дээр үед Бээжинд таван өнгийн суварга байсан гэдэг. Хитаны үед Хар суварга, Юаний үед Улаан суварга, Мингийн үед Цагаан суваргаас гадна бас Хөх суварга гэж байжээ. Тэгэхдээ одоогийн Цагаан суваргаас баруун хойд зүгт холгүй Хөх суварга байсан бөгөөд тэр гудамжийг нь Хөх суваргын гудам гэдэг байв. Хар суварга нь Цагаан суваргаас өмнө зүгт мөн холгүй орших агаад энэ гурван өнгийн суварга нь ойролцоо оршиж байжээ. Хожим нь Бэйхай цэцэрлэгт хүрээлэнд бас нэгэн Цагаан суварга барьсан билээ. Харин Шар суварга гэгч нь хаа байсан нь тодорхойгүй байна. 
Хятад газар Буддын шашин дэлгэрсэн нэгэн их идэвхжлийн үе бол XIII зууны үед монголчуудын байгуулсан Юань гүрний үе мөн. Юань гүрнийг байгуулсан Хубилай сэцэн хаан Буддын шашныг төрийн шашин болгон өргөмжилж ихэд хөхиүлэн хөгжүүлсэн нь бас түүний өвөг эцэг Чингис хаантай холбогдоно. Бөөгийн шүтлэгийн зан үйлтэй байсан Чингис хаан хожмоо дэлхий дахиныг нэгтгэсэн их гүрнийг байгуулахдаа христос, лал, будда болон хятадын бомбын шашин зэргийг анхааран танилцаж бүгдэд нь хүндэтгэлтэй хандаж байсны дотор хожмоо Буддын шашинд илүү тал өгч ивээн тэтгэх болсон байна. Буддын шашинд хүндэтгэлтэй хандаж түгээн дэлгэрүүлсэн дараачийн хүн бол Хубилай хаан байлаа. Тэрбээр Сажа бандида Гунгаажалцанг түүний хүү хожмын их багш Пагва лам Лодойжалцангийн нь хамт урин залж, Бээжин буюу Хаан балгаст ирүүлж дэргэдээ суулгаад улмаар Бурхны шашныг төрийн шашнаар өргөмжлөн төр шашин хоёрыг тэнцүүхэн тэтгэн хөгжүүлсэн ажгуу. 
Хубилай хаан Хаан балгас болоод Дээд нийслэл Шанду, бас бусад газар оронд олон тооны сүм хийд байгуулж, суварга цамхаг бариулсны нэлээд нь Бээжин хотод байдаг. Тэдгээрийн нэг нь энэхүү Цагаан суваргын сүм бөгөөд эвдэрч сүйдсэн эртний сүмийн ором буурин дээр нь шинээр сэргээн бариулсныг дээр дурдсан билээ. Ингэхдээ тухайн цагт Бурхны шашин ихэд хөгжиж, урлаг соёл нь цэцэглэн дэвжээд байсан Балбын орноос урчуул дархчуул олноор урин ирүүлж сүм хийд, суварга цамхаг барьж байгуулах, бурхан цутгаж, шуумал хатгамал урлах ажлуудыг хариуцуулан хийлгүүлж байжээ. Жишээлбэл энэхүү Цагаан суваргын сүмийг сэргээн засварлах ажилд Балбаас 80 гаруй уран барилгачин, уран дархан ирж оролцсоныг дээр дурдсанаас гадна түүнээс хойно ч энд олон тооны балба дархад байнга сууж байжээ. Тийм учраас “Балба дархан балбаж хийсэн” хуучны гэдэг хэлц үг чухам энэ үеэс үүдэлтэй буй заа.  
Энэ суварга бол Хятадын нутагт байгаа хамгийн эртний, бас хамгийн том гайхамшигт сүрлэг байгууламж юм. Тийм ч учраас түүнийг “Алтан шар хотын хаш цагаан суварга” хэмээн өргөмжлөн нэрлэгдэг байжээ. Балбын уран дархан Анигаа анхлан Шагжмуни бурхны хөргийг цутган үйлдэж энэ сүмд залахад “гайхамшгийн туйл болсон гэрэл огторгуйд тулан гялалзсанд Хубилай хаан биеэр очиж үзээд ихэд баярлан нийслэл хотын дүүргүүдээс сайн тариа нэг түм таван мянган му, тариачин эрс нэг мянга, хөллөх үхэр нэг зууг бусад эд зүйлсийн хамт соёорхон шагнавай” гэсэн байдаг. Хубилай хааныг нас барсны дараа энд түүний тахилгын сүмийг барьж байгуулсан юм.  
Цагаан суваргын сүм нь хоёр хэсгээс бүрддэг. Нэг нь Цагаан суваргын их хүрээ, нөгөө нь Дуганын их хүрээ юм. Дуганын их хүрээнд Махранзын дуган, Гурван цагийн бурхны харш, Долоон бурхны эрдэнэт харш зэрэг бий. Долоон бурхны харшид Шигмуни бурхныг нирваан дүр үзүүлсний дараа хамгийн түрүүнд номлол сургаалийг нь үргэлжлүүлсэн долоон шавь хувилгаадынх нь шуумал дүр байдгийн гурав нь Юань улсын үеийн хийцтэй 4.4 м өндөр алтадмал гуулин бурхад юм. 
Ер нь дээр үед Бээжинд таван өнгийн суварга байсан гэдэг. Хитаны үед Хар суварга, Юаний үед Улаан суварга, Мингийн үед Цагаан суваргаас гадна бас Хөх суварга гэж байжээ. Тэгэхдээ одоогийн Цагаан суваргаас баруун хойд зүгт холгүй Хөх суварга байсан бөгөөд тэр гудамжийг нь Хөх суваргын гудам гэдэг байв. Хар суварга нь Цагаан суваргаас өмнө зүгт мөн холгүй орших агаад энэ гурван өнгийн суварга нь ойролцоо оршиж байжээ. Хожим нь Бэйхай цэцэрлэгт хүрээлэнд бас нэгэн Цагаан суварга барьсан билээ. Харин Шар суварга гэгч нь хаа байсан нь тодорхойгүй байна. 
Хубилай хааны үеэс энэ газар ийнхүү сэргэн өргөжөөд, улмаар Бурхны шашны ном судар хадгалах, орчуулж барлан хэвлэх ажлыг эрхлэн явуулж байжээ. Тэхлээр энд хааны зарлигаар байгуулагдсан Судар бичгийн хүрээлэнгийн нэг хэсэг болох  монгол, хятад, түвд ном судар орчуулах, барлан хэвлэх газар, бурхан багшийн сэрэг дүр зэрэг эд өлгийн зүйлийг цутган урлах урлан зэрэг бүтээлийн ордон цогцолж байсан гэж үзэж болох юм. 
Хятадын түүхэнд Буддын шашин нэвтрэн дэлгэрсэн үйл явц нь ямагт умар зүгийн нүүдэлчин ард түмнүүдийн байгуулсан төр улстай холбоотой байдаг. Тухайлбал мт IV-V зууны үед өмнөш нүүдэллэн өнөөгийн Өвөр Монгол, хойд Хятадын нутагт суурьшин сууж төр улс байгуулан явсан Сяньбичууд Буддын шашныг дотор газар ихээр дэлгэрүүлж, өрнө зүгт Энэтхэг жагарын орноо элчис лам нар илгээн суралцуулж, бурхны шашны судар ном, бурхан тахил эд зүйлсийг олноор залан авчирч байсан ажээ. Энэ нь мт VII зууны үед сая хятадын Тансан лам баруун этгээдэд зорчиж бурхны газар 17 жил шавилан суугаад ном судар залж авчран Хятад газар бурхны шашныг ихэд түгээн дэлгэрүүлсэн тэр үйл явдлаас даруй гурван зууны тэртээд болсон хэрэг болой. 
Сяньбичууд Буддын шашныг тийнхүү ихэд дэлгэрүүлсний дотор олон тооны сүм хийд, суварга цамхаг барьж байгуулснаараа онцгойн дээр бас хятадын Хөх нуур, Ганьсу мужийн нутаг Мөгао, Дуньхуан зэрэг газарт асар том агуй хонгилуудыг тэр чигээр нь бурхны шашны сүм хийд, даяан зан үйлийн газар болгон хөгжүүлж хэдэн мянган бурхдын сэрэг дүр, хөрөг зураг хана туургаар нь сийлэн зурлан үлдээсэн нь өдгөө урлагийн гайхамшигт өв дурсгалд тооцогддог байна. Сяньбичуудын үлдээсэн энэ их өв дурсгалын зарим нь ийнхүү Бээжин хотод өнөөдөр цөөнгүй байдгийг бид тухай бүрт нь дурдан өгүүлэх болно. 
Хятад газар Буддын шашин дэлгэрсэн гуравдахь их идэвхжлийн үе бол XIII зууны үед монголчуудын байгуулсан Юань гүрний үе мөн. Юань гүрнийг байгуулсан Хубилай сэцэн хаан Буддын шашныг төрийн шашин болгон өргөмжилж ихэд хөхиүлэн хөгжүүлсэн нь бас түүний өвөг эцэг Чингис хаантай холбогдоно. Бөөгийн шүтлэгийн зан үйлтэй байсан Чингис хаан хожмоо дэлхий дахиныг нэгтгэсэн их гүрнийг байгуулахдаа христос, лал, будда болон хятадын бомбын шашин зэргийг анхааран танилцаж бүгдэд нь хүндэтгэлтэй хандаж байсны дотор хожмоо Буддын шашинд илүү тал өгч ивээн тэтгэх болсон байна. 
Тэрбээр өрнө зүгт хийсэн сүүлчийн их аян дайнаасаа эргэн эх нутагтаа буцаж явахдаа Түвдэд агч бурхны шашны их лам Саж бандида Гунгаажалцанд захидал илгээн элч зарж, Дэлхий дахиныг түвшитгэн амарлиулах их үйлээ дуусгаад багштаныг урин далж учран золгох хүсэлтэй байгаагаа дуулган хүргэж байжээ. Буддын шашин, хятадын Дао хэмээх Бомбын суртал хоёрын нийлбэр гэгддэг Хөхийн шашныг Чингис хаан бас ивээн тэтгэж байсны нэг илрэл нь Бомбын ёсны их арш Чанчунь бомбыг урин залж, хүндэтгэн уулзаж байсан хийгээд хожим нь Бээжингийн Цагаан үүлийн сүмийг түүний мэдэлд өгч эрхлүүлсэн ба нас барахад нь тэнд нь чандарлан залсан зэргээс бид мэдэж болох юм. 
Гэвч Чингис хаан Саж бандидатай уулзаж чадалгүй байсаар тэнгэрт хальсан билээ. Түүний гэрээс захиасыг үргэлжлүүлэн, ялангуяа Буддын шашинд хүндэтгэлтэй хандаж түгээн дэлгэрүүлсэн дараачийн хүн бол Хубилай хаан байлаа. Тэрбээр Сажа бандида Гунгаажалцанг түүний хүү хожмын их багш Пагва лам Лодойжалцангийн нь хамт урин залж, Бээжин буюу Хаан балгаст ирүүлж дэргэдээ суулгаад улмаар Бурхны шашныг төрийн шашнаар өргөмжлөн төр шашин хоёрыг тэнцүүхэн тэтгэн хөгжүүлсэн ажгуу. 
 
 
Тэнгэрийн бошигт Түмэн амгалант сүм
 
Хубилай хааны сэргээн бариулсан Цагаан суварга
 
Цагаани суваргат сүмийн ерөнхий зураг
 
 
Цагаан суваргыг удирдан бариулсан Балбын уран дархан Арника буюу Анигаа
 
13 дугаар зууны үеийн хийцтэй чулуун арслан
 
Сүмийн хашаан дотор
 
Балбын Ерөнхий сайд энэ сүмд зочилж буй зураг. Энэ сүм Хятад-Балбын харилцааны түүхийн бэлгэ тэмдэг болдог. Монгол-Балбын харилцааны ч бэлгэ тэмдэг мөн.
 
Я.Ганбаатар