Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 01-ний өдөр өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр долоо дахь жилдээ золгож байна. Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай юм.
 
Дашрамд дурдахад, ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм. 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу "Монгол бахархлын өдөр"-үүд нь: 
 
2012 он: 11 сарын 14
2013 он: 11 сарын 4
2014 он: 11 сарын 23
2015 он: 11 сарын 12
2016 он: 10 сарын 31
2017 он: 11 сарын 19
2018 он: 11 сарын 8
2019 он: 11 сарын 27
2020 он: 11 сарын 16
2021 он: 11 сарын 5
2022 он: 11 сарын 24 таарч байгаа юм байна. 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг