Хана, туурга тусгаар монголчууд эрт дээр үеэс төр, түмнийхээ үйл хэрэгт уламжлуулж ирсэн олон бэлгэдэлтэй. Хорвоо дэлхий гэдэг эргэх буцахын дэнсэн дээр оршино. Мөн арга билгийн зүй тогтол ч гэж үздэг. Тэгвэл энэ зүй тогтлын шинж тэмдэг хас тэмдэгт бий. Дэлхий нийтээр түгэн тархсан энэ «хас» чухам хаанаас үүссэнийг эрдэмтэд олон янзаар тайлбарлах нь ч бий.

Хас нь юуны өмнө эрч хүчийг дүрсэлдэг. Нар, түүний цацраг, хурц туяаг эртний хүмүүс буулган үлдээхийг хичээснээс үүсэлтэй. Хасын дөрвөн цацраг бүх зүгт мандан бадарч эрч хүч, эцэсгүй урагшилж, хөгжин хүчирхэгжихийн бэлгэдэл болдог. Төв цэг нь эрч хүчний эцэг болох Бурхан тэнгэрийг өгүүлнэ.

Хас нь зүгийн үүднээс дөрвен цацрагтай байхаас гадна, ертөнцийн тулгуур тоо болох гурав, язгуур махбод болох таван цацрагтай ч байжээ. Тавалжин хас нь таван тивийн монголчууд хамт мандан бадараг. Дэлхийн монголчууд нэгдэгтүн гэсэн санаа болж буй. Мөн арван цагаан буянаар арван хар нүглийг даран сөнөөж, алимад жаргалд хүрье гэсэн утгыг илтгэдэг гэгээн сайхан бэлгэдэл мөн билээ.

Монголчуудын хувьд гэрийн буурьнаас нь эхлээд л хас тэмдэгтэй холбогдох ул мөр өдий төдийгөөрөө. Та гайхаж байна уу, гэрийн буурь дугуй байтал яахаараа хастай адил болчихдог билээ хэмээн. Тэгвэл үүний учрыг хамтдаа хайя. Хас нь манайхаас үүссэн үүсээгүй гэсэн асуулт, эргэлзээ гардаг. «Хас» гэхээр хамгийн түрүүнд Гитлерийн цэрэг дайны үеийн бэлгэдэл болсон хас тэмдэг ойд тань бууж байгаа болов уу. Сүүлийн үед манайд хас нэрээр тодотгогдох зүйл олон болж.

Хасын тухай номуудыг үзэж байхад хасын энэхүү тэмдэг манай төв Азиас ч гарсан байдаг. Ялангуяа Энэтхэгийн хойд хэсэг эртний баластийн буюу одоогийн Пакистаны нутаг дахь бунхнаас 119 ширхэг хас дүрс гарсан гэсэн баримт бий. Тэр нь МЭӨ үетэй холбогдоно. Мөн Итали, Грек, Германаас ч гардаг. Тэгэхээр хасын соёл дэлхий нийтийн соёл юм. Үүний нарийн улбааг хөөх юм бол Төв Азиас Ари, Эскипт, Шүмэр, Цагаан хүннү гээд олон удаагийн төв Азийн нүүдэл зүүн тийшээ Берингийн хоолойг битүү байхад одооны индианчууд америк тивд очсон гэх мэт тэдний хөлөөр энд тэнд түгсэн байх магадлалтай.

Зарим судлаач ч ингэж бичсэн байдаг. Тиймээс үүнийг монголчууд өмчлөх гээд байх нь тийм ч таатай бус болов уу. Харин өмчлөе хэмээвэл дугуй хас руу анхаарлаа хандуулах нь бидний ахуйд ойртоно. Яагаад гэвэл монголчууд бид чинь дугуйн соёлтой түмэн. Гэр нь дугуй, гараад харахад тэнгэр газар бүх юм нь дугуй учраас дугуйн сэтгэлгээтэй хэмээдэг.

Жишээлбэл монгол цаглабарт нэг cap нь гуч хоногтой нэг улирал ерэн хоногтой. Дөрвөн есийн гучин зургаа, гурван зуун жар хоног гэж үздэг. Мөн гурван зуун жаран градус гээд шинжлэх ухаантай дүйж байх жишээтэй. Тэгэхээр эндээс дугуй хасыг монгол бусад ул мөр бол эртний төв Азийн нүүдэлчдийн улбаагаар тархсан хэмээн үзэх байна. Тухайлбал баатар гэдэг үг Арабаар патир. Энэтхэгээр бахадур сингх, оросоор бол багатир гэдэг монгол бичгээр багадур гэж бичдэг. Үүнтэй адил” юм.

Харин хасын үнэ цэнэ, утга агуулга манайд ямар түвшинд байна. Хас нь бэлгэдэл төдийгүй гүн ухааны утга агуулгатай. Монголын хаадын үед хаан хүний барьдаг төрийг Хастөр гэж нэрлэдэг, хасбуу гэдэг зарлигийн тамгатай, хас их зарлиг гэдэг тушаалтай байж. Хасбуу гэдэг нь мөнх тэнгэрийн хүчийг шингээсэн хувилгаан тамга гэсэн утга санааг илэрхийлдэг юм.

Мөн Чингис хаан хасыг товойлгон хийсэн бадмаараг шигтгээтэй алтан бөгжийг зүүдэг байсан ажээ. Тиймээс хасны цаана мөнх тэнгэрийн хүчийг бэлгэдсэн гүн утга агуулга оршино. Хасбуу тамганд мөнх тэнгэрийн хүчийг шившлэг болгон шингээсэн гэж ярьдаг. Тухайлбал Хастөрийн хаан хүн мөнх тэнгэрийн хүчээр эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан гэдэг утга санаа юм. Тэгэхээр Монгол хаадын баримталж байсан үзэл санаа нь гүн ухааны онол байжээ.

Тэртээх чулуун зэвсгийн үеэс өвөг дээдэс маань эр эм хасыг буй болгож, арга билгийн ухааныг томьёолж иржээ. Энэ тухай түүхч, судлаач Нагаанбуу гуай ийнхүү өгүүлсэн байдаг юм. Нар зөв буруу гэж ярьдаг. Нар зөв нь эр билэгтэй, Өөрөөр хэлбэл нар баруун тийшээ нар зөв эргэдэг. Эмэгтэй хүн бол этүгэн эх газар дэлхийн бэлгэдэл байдаг учраас нөгөө талаар дэлхий өөрөө буруу эргэлттэй.

Үүнийг эм хас гэдэг. Яг ахуйд бол айлын үүдээр хүн ороход зүүн гар нь айлын баруун талыг заана. Эр хүн айлын баруун талаар явдаг. Эмэгтэй хүний баруун гар нь айлынхаа зүүн талыг заадаг. Тиймээс тэр эмэгтэй айлын тал руу явдаг. Үүнээс үүдэн хууччуул болон эрдэмтэй хүмүүсийн яриа бии. Энэ хоёр нэг нь баруун тийшээ, нөгөө нь зүүн тийш явсан хоёр чиглэлийг давхар заасан хээг хосмолж буюу түмэн наст хээ гэж хэлдэг. Монголчууд эр эм хас хоёулангаас нь бүрдсэн энэ хасыг түмэн өлзий хэмээн их бэлгэшээн үздэг билээ.

Харин хас нэрийн тухайд монголчууд түүхийн гүн ухаанд хасагдах юмыг их бэлэгтэйд тооцдог байж. Их зүйлээс хасагддаг. Нэмэр гэдэг бол бага юман дээр нэмэгддэг. Тэгэхээр өчүүхэн юман дээр нэмдэг учраас нэмэх бол тийм ч бэлгэдэлтэй биш юм.

Эх сурвалж: “Ган зам”