sonin.mn
Уг нь ч, соёлын өвөөр шоудохгүй бол өөр юугаар ч шоудох билээ. Соёлын өвөө сурталчилж бусдад гайхуулах чинь соёлын бас нэг илэрхийлэл юм шүү дээ. Гэвч, манайхан арай л хэтрүүлж, хоосон хэлбэрдэж, гажуудуулж, бүлт бүлт үсрэхээс хэтрэхгүй юм. Хааяа нэг лоозондож, ганц хоёр тогтоол шийдвэр гарчихаад намбайж байхад суудал тухтай, чих зөөлөнтэй салбар гэж соёлын сайд дарга нар боддог бололтой. Сэрүүн зүүдэлцгээж байна даа, тэд! Нүүдлийн шувууд шиг түр төвхнөчихөөд нисэн одох сайд дарга нар сэрүүн зүүдэлцгээх нь ч аргагүй юм. Яам тамгын газруудаар дүүрэн асуудлыг унтуулдаг агентууд бүүвэй аялцгааж байна шүү дээ. Хэрэв тэд үгүйсэн бол сайд дарга нар маань сэрүүн зүүдлэхгүй ч байсан юм бил үү.
Хэн мэдлээ. Гэхдээ, хөөрхийс, тэд ч бас ард түмэн шүү дээ. Тэд ч гэсэн ажил төрөлтэй байж, төсвийн ч атугай цалингаараа ар гэрээ тэжээх хэрэгтэй. Бөөн асуудлууд бүүвэйлэгдэхгүй муухай ааштай авгай шиг нерв барж, араа араасаа ганц хар толгой дээр овоорч, сүүлдээ ч хар толгой биш халзан толгой болж байхад (проблем болгон нэг ширхэг үс зулгайгаад салдаг гэлтэй) сайд дарга нарын анхааралд өртөж, сэрүүн зүүднээс нь сэрээж, учир нь олдохгүй жижиг сажиг соёлын өвийг хамгаалах зардал мөнгө нэхнэ гэж юу байх билээ. Ямар ЖДҮ-ийн сан биш дээ. Тэгсний оронд жилдээ ганц хоёр арга хэмжээ зохиож зурагтаар сайд дарга нараа рекламдчихаад чимээ имээгүй явах нь өлзийтэй. Үүнийг бүгд ойлгоно. Хэн ч байсан тэгнэ. Би ч гэсэн тэгнэ: Залбираад л бүүвэй аялаад явна. Бүр яаж аялана гээч! Дараагийн сонгууль хүртэл дарга, асуудал хоёрт нойрны эм өгсөн аятай найдвартай унтуулна. Харамсалтай нь, амаа жимийж ая тал харж байсаар нэг сайдын шилийг нь харна уу гэхээс монголын соёлын өвийг бодитоор хамгаалж чадахгүй юм даа... Тоглоом ч үгүй, ний нуугүй хэлэхэд хэрэв ийм байгаагүйсэн бол хийх ажил ч их байна шүү! (Сайд дарга нараа муулахгүй тулд мууллаа шүү, зөв ойлгоорой.)
 
Ядаж (энэ үгийг энэ нийтлэлд та их үзнэ!), Улаанбаатарын хэдхэн дурсгалт байшингаа аваад үлдэж чаддаггүй юм аа гэхэд хөдөө хээр хүний гар хөлөөс хол байгаа булш бунхан, хиргисүүрүүдээ хулгайч нараас хамгаалах юмсан даа! Ухаж төнхөөгүй хиргисүүр үлдээгүй гэж ярьцгаах юм. Арай оройтоогүй байлгүй дээ. Монголын тусгаар тогтнолын баталгаа болох олдворууд “ямар ч визгүй”, бүртгэлгүй хил давж уугуул хаяг, гарал үүслээ өөрчлөөд явж байгаад санаа зовдог байгууллага, мэргэжилтэн ер нь байна уу? Эсвэл сайд дарга нар маань дундаас нь завшиж, тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хувийн цуглуулгуудаа арвижуулаад суугаад байна уу? Ганц хоёр унтуулдаг агентыг “гол местэн” дээр тавьчихаад өөрсдөө соёлын өвөөр цаагуураа “занимаалдаад” байна уу? (Уучлаарай муулахгүйг хичээсэн ч тэрбумтан яамын мэргэжилтэн гэж байхгүй шүү дээ, өршөөгөөрэй.) 
Тэглээ ч гэсэн, ядаж, 1991 онд нэгдэн орсон Соёлын үнэт зүйлийн хууль бус импорт, экспорт, өмчлөх эрхийн шилжилтийг урьдчилан сэргийлэх болон хориглох арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн 1970 оны Конвенцийн (“1970 оны Конвенц”) дагуу эртний эдлэл, антикварын худалдааг хууль, хяналттай болгож, жаахан ч атугай ажил хийж, цэгцлэхсэн дээ. Эс тэгвээс, хууль бус малтлага замбараагаа алдлаа. Булш бунхан, хиргисүүрээс малтаж гаргасан эд өлгийн зүйл авна, зарна гэсэн зар цахим сүлжээнд харагдах юм. 
Ажлын гол багаж – металл хайгч нь үйлдвэрээсээ гараад л хамгийн түрүүнд Монголд “залардаг” бололтой. Гадаадаас тэр бүр амархан худалдаж авч чадахгүй металл хайгчийг манайхаас л авлаа гэцгээх юм. Хамгийн сүүлийн загвар, хамгийн шинэ үеийн металл хайгч хуушуураас хурдан зарагддаг бололтой. Хөдөө гадаа явж амрахдаа цагаа ашигтай зүйлд зарцуулаарай, металл хайгчаа худалдаж аваарай гэж сурталчлах нь холгүй болж. Бүр улайм цайм боллоо. Тоодог ч хүн алга. Ийм л байх ёстой мэт бодоцгоох юм. Аргагүй шүү дээ, буруу зөвийг нь хэлдэг байгууллага, хүн  ч алга. Сайд дарга нар нь бүлт бүлт үсэрч, урагшгүй албад нь унтуулсаар одоо бүр соёлын өвийг хамгаалахад энэ асуудал огт хамаагүй болжээ. (Үнэн болохоор хэлэхээс өөр арга байсангүй, уучлаарай!) Манайхаас ондоо улс орнуудад хамгийн их хамаатай энэ асуудлыг 1970 оны Конвенцийн хэрэгжилтийн хүрээнд хууль бус малтлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч зохицуулдаг юм байна. Металл хайгчийн хэрэглээ, импорт, худалдааг хянаж, хязгаарлах боломжтой гэж манайхан, ЯДАЖ, бодоо ч үгүй, зүүдлээ  ч үгүй байх юм! Бололгүй яах вэ дээ! Бүр НҮБ, ЮНЕСКО зөвлөдөг шүү дээ! 
 
Ухаж малтаад хулгайлаад аваад явах боломжтой өвөө манайхаас бусад улс үгээр биш үйлдлээр хамгаалдаг аж. Тэнэг болохоороо л тэгдэг биш байх. Урд хөрш маань, бүр, хууль бусаар малтлага хийвэл цаазалдаг гэнэ. Түүх, соёлын болон археологийн дурсгалт газруудад металл хайгч ашиглахыг хориглож хэрэв зөвшөөрөлгүй хэрэглэсэн бол гэмт хэрэг хэмээн үздэг ажээ. Грек 10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм байна. Харин Кипр, металл хайгч импортлох болон ашиглахад хязгаар тогтоож, заавал эрх бүхий байгууллагаас албан бичгээр зөвшөөрөл авах журамтай. Мальт мөн адил импортын хязгаарлалт хийжээ. Эстонд металл хайгч ашиглагч заавал сургалтад хамрагдаж, лиценз аваад жил бүр тайлангаа Өвийн зөвлөлдөө өгөх ёстой аж. Швед, цэргийн зориулалтаар эсвэл Үндэсний өвийн зөвлөлөөс бусад нь металл хайгч ашиглахыг хуулиар хоригложээ. Хуучин Югославын Бүгд Найрамдах Македони Улс металл хайгчаар эрдэнэс хайхыг бүрэн хориглож, зөвхөн эрдэм шинжилгээний зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг өгдөг юм байна. Румын металл хайгч зөвшөөрөлгүй зарсан, зарахыг завдсан бол гурван сараас хоёр жилийн хугацаанд хорих ялаар шийтгэж эсвэл торгодог байна. 
Харин манайд – дахиад жаахан муулчихья – металл хайгч зардаг бизнес цэцэглэж, малчид хүртэл гэрийнхээ гадаа нэг хятад мотоцикл, нарны зайн үүсгүүр, бас металл хайгч тавихгүй бол “хүнд тооцогдохоо” байсан гэцгээх юм. Металл хайгчийн худалдааг хянаж, зохицуулж чаддаггүй юм аа гэхэд – ядаж – зөвшөөрөлтэй малтсан олдворуудаа бүртгэж Соёлын өвийн улсын бүртгэл мэдээллийн сандаа оруулах, журам дүрмээ чангатгаж, боловсронгуй болгомоор байна. Хэдэн жилийн өмнө нэг нэртэй археологич чухал ач холбогдолтой олдворыг банкны барьцаанд тавиад зээл авчихсан гэж дуулдаж байсан. Бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэхгүй байх боломжтой гэдгийг харуулсан жишээ бол энэ. Харин одоо бол эсрэгээр, хууль бусаар малтсан олдвороо бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, гарал үүслийг нь тодорхой болгож аваад зарах боломжтой боллоо. Үүнийг олж харж байна уу, таминь ээ? 
 
Иймэрхүү асуудлуудаа тодорхой болгож, шийдэхгүй байж, бид соёлын өвөө хамгаална гэж бүлт бүлт үсрээд яах юм бэ? Эхлээд хамар доорх газраа харж, ажлаа дор дороо л хийцгээе л дээ. Үүнд шинэ юм ерөөсөө байхгүй. 1991 онд нэгдэн орсон олон улсын гэрээгээ нэг уншчихад л хийх ажил тодорхой харагдана. Болдогсон бол, бүх зүйл цэгцэртэл олон улстай хамтарсан археологийн малтлагуудыг ч зогсоомоор байна. Зөвхөн улсын төсвөөр хайгуул малтлагыг хийгээд олсон олдвороо харин олон улстай хамтарч судална гэдэг дэлхийн нийтийн жишгийг дагамаар байна. Та нар, Хятад, АНУ, Япон, Солонгос, Орос эсвэл Казакстан, Туркэд монголын археологчид газар малтсаныг дуулсан уу? Би лав сонсоогүй. Байдаг бол хэлээрэй... Ингэж цэгцлэхэд, хохироод байх ч юм алга, ороо бусгаа цагт хамаг юмаа онгичиж, алдаж байснаас хойч үе маань маниусаас арай ухаантай болно гэж найдаад хав дарах нь манай улсын олон улсын гэрээ конвенцийн ч үзэл санаанд нь нийцнэ: Ирээдүйн археологийн судалгаанд зориулж зарим дурсгалт газрыг улс нь хамгаалж үлдээх ёстой гэж тэнд чинь заачихсан байгаа шүү дээ. Энэ заалтыг хэрэгжүүллээ гээд ганц хоёр археологчид л зуны цагт ажилгүй болох биз. Лав өлбөрч үхэхгүй шүү дээ. Гэтэл тэд малтахгүй бол “нинжа” нар бүр дураараа дургих байх даа. Яах вэ? Яаж шийдэх вэ? Үүнийг л шийдээчээ, эхлээд...
Улстөрчид минь ээ, найдвартай зурагтаар гарна, фэйсвүүкээр шэйрлэгдэнэ, лайк авна гэж байгаа бол ядаж, хэлсэн ярьсныхаа 10 хувийг ч атугай биелүүлж байгаачээ. Та завгүй, та хийхгүйг бүгд мэднэ. Гэхдээ ядаж, том том ярилгүй, бодит байдлыг олж хараад биелэгдэхээр “жижигхэн асуудлыг” нарийвчлалтай ярьж байгаачээ. Ойлгож л байна л даа: Хамгийн найдвартай “улстөрийн гараа” бол өв соёлын хамгаалагчийн дүрд тоглох гэдгийг... Гэхдээ одоо хэтэрлээ... Хойч үедээ бид юу үлдээх юм бэ? “Шпаргалк” барьж байгаад уншсан үгийг чинь үлдээх юм уу. Үгүй шүү дээ. Нэгэн бодлын огт ярихгүй байснаас том том ярих нь дээр л дээ. Урлаг соёлын алдартнууд, гавьяатай буянтай хэдэн буурлуудыг тойруулчихаад соёлын өвөө хамгаалья гэж ярих сайхан ч – шаагих борооны дусал шиг алга ташилт шаагичих ч гэлээ: Яаж бодитой хамгаалах юм бэ? Хэн ажил хийх юм бэ? Яг ямар өвийг хамгаалах юм бэ? Улсын төсвөөс мөнгө гаргах юм уу, аль эсвэл манай соёлын өвийг хамгаалаад өгөөч хэмээн дахиад хятадуудаас (Богд хааны ордон музей шиг) мөнгө гуйх юм уу? гэх мэт, гэх мэтчилэн асуултуудад эхэлж бодит хариу олчихоод томорцгоож байвал арай дээр биш үү. Магадгүй арай намуухан, цөөхөн алга ташилт сонсох байх, гэхдээ сүржин биш чин сэтгэлийн алга ташилт сонсоно шүү!
 
Хэрэв та мартаагүй бол – манайхан ч бас мангар мартамхай болсон шүү – энэ оны 6 дугаар сард Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн болсон санагдаж байна. Олон жил уул уурхай ярилаа. Одоо хэдүүлээ “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулаад соёл урлагаа хөгжүүлсэн шиг хөгжүүлж, өв соёлоо хамгаалсан шиг хамгаалья гэх шиг болсон. Бодвол байгуулсан байх. Цалин мөнгө нэхээд байхгүй, зурагтаар дандаа гарах дуртай, хэдэн урлаг соёлын алдартнууд, буянтай буурлуудыг оруулаад, ганц хоёр яамны мэргэжилтний нэрсийг бичээд хааяа нэг цуглаж хуралддаг л байх л даа. Яг бодитой ажил хийж, соёл урлагийг дэмжиж, соёлын өвийг хамгаалсан нь юу л бол доо.
 
Миний бие ганц хоёр үндэсний хорооны нарийн бичгийн даргыг тав зургаан жил хийсэн туршлагатай болохоор тэгж тааж байна. (Тэгээд ч энэ талаарх мэдээлэл байхгүй тул тааж бичлээ шүү, өршөөгөөрэй.) 
Хэрэвзээ, нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ “хүн шиг” биелүүлбэл Ерөнхий сайдын дэргэд сүржин нэртэй зөвлөл байгуулах онцын шаардлагагүй юм. Монголын соёлын өвийг олон улсын гэрээгээр хамгаална гэж юу байдаг юм гэж, уншигч та бодож магадгүй. Танд товч тайлбарлахад, олон улсын гэрээнд чинь соёлын өвийг хамгаалах хамгийн шилдэг, тухайн цаг үеийнхээ, зохицуулалтуудыг хамаад оруулчихсан байдаг юм шүү дээ. Ганц улс ухантаад яахаа мэдэхгүй зүтгэснээс олон улсын туршлагыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь илүү дэвшилтэй биз дээ. Бүгдээрээ бодвол буруугүй гэдэг байхаа... За үүнийг орхиё. Харин Хүрэлсүх Ерөнхий сайдынхаа сайхан санаачлагын талаар саналаа муйхарлан байж үргэлжлүүлье: Шуудхан хэлэхэд, давхар ажилтай, магадгүй давхар ашиг сонирхолтой (имижээ өргөх, номоо хэвлүүлэх, киногоо бүтээх мөнгө босгох ч гэдэг юм уу) эсхүл тэтгэврийн хүмүүсийг цалин пүнлүүгүй ажил хийлгэнэ гэдэг бүтэхгүй ээ. Ажлынх нь чиг үүргийн дагуу хийх ажилтай нь давхцаж байвал ажил хийсэн болгож тайланд бичдэггүй л юм бол, адаг сүүлдээ “хэлдэг зуу, хийдэг ганц болчихно”. Хэрэв зүгээр амаар ярих гэж цугладаг зөвлөл биш бол шүү! Гэхдээ оргүйгээс тэгээд ч болсон хийж байвал зүгээр ч юм уу. Гэвч, тийм биш юм. Соёлын өвийг хамгаалж байна гэсэн хоосон итгэл олон нийтэд бий болгож, тэдний сэрэмжийг алдагдуулж байгаа тул тун осолтой юм. Хэрэв төр засаг нь соёлын өвөө хамгаалж чадахаа байлаа гээд илэн далангүй хэлчихвэл, ард иргэд нь худлаа үнэнч гэсэн өөрсдөө хамгаалах гэж оролдоно доо. Ядаж, металл хайгчтай хүнийг малынхаа бэлчээрт зүгээр явуулахгүй дээ.
 
Ерөнхий сайд гэхдээ энэ бүгдийг бодож эргэцүүлж байгаад санаачлага гаргасан байх. Соёлын яам ажлаа хийж чадахаа больсныг олж хараад өөрийнхөө дэргэд үндэсний зөвлөл байгуулахаар шийдсэн бололтой. Хэрэв соёлын яам хариуцсан ажлаа хийж чадахгүй болсон бол үнэхээр ноцтой. Бас тийм ч байх магадлалтай. Ганцхан жишээ хэлэхэд, дээр дурдсан, (бараг гучин жилийн өмнө нэгдэн орсон!) 1970  Конвенцид: гишүүн улс орнууд соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх үндэсний хороо байгуулж, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах санхүүжилт, мэдлэг чадавхитай боловсон хүчнээр хангана гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, манай улс соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэх үндэсний хороо байгуулах үүрэг хүлээсэн гэж болно. Энэ конвенцийн дагуу сан байгуулах ч эрх зүйн үндэслэл бий. Үүнийг манай соёлын яам, гадаад хэргийн яам тоож авч хэлэлцдэггүй. Бүр хөх инээд нь хүрч, “тийм юманд мөнгө зарцуулдаг ямар мал байх юм бэ?” гэж хэлдэг эмэгтэй даргатай ч тааралдаж байлаа.
Хэрэв Ерөнхий сайд хажуудаа энэ хороог байгуулчихбал арай мал гэж хэлүүлэхгүй байх. Соёлын өвийн хууль бус малтлага, худалдаатай тэмцэх үндэсний хороог байгуулдаггүй юм аа гэхэд, ядаж, олон улсын гэрээгээр хүлээсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа эсэх болон гадаадад үзэсгэлэнд гаргасан үзмэрүүдээ хугацаанд нь буцааж авчирч байгаа эсэхийг хянаад сууж байдаг ганц хоёр цалинтай мэргэжилтэн Ерөнхий сайд хажуудаа байлгахад болохгүй гэх газаргүй.
Тагнуул, цагдаа, гааль гээд бусад байгууллагуудын уялдаа холбоог хангаж, НҮБ, Интерпол, ЮНЕСКО гээд олон улсын байгууллагуудтай зохих шугамаараа хэр хамтран ажиллаж байгааг нь хянадаг мэргэжилтэн Ерөнхий сайдын хажууд байх нь илүү үр дүнтэй. Гадаад хэргийн яамны сайн дурын соёлын элч нарт энэ чиглэлээр ажиллах нэг ч мэргэжлийн хүн байхгүйг бодсон ч, соёлын яам энэ ажлыг барахгүй, зөнд нь хаясныг харгалзсан ч, үүнээс өөр оновчтой шийдвэр алга. Соёлын яаманд гадаад хэлтэй боловсон хүчин ч хүрэлцээгүй байгаа. Нэг мэргэжилтэн дээр толгойтой үснээс нь илүү асуудал хуримтлагдсан байдаг. Яагаад гэвэл мэргэшсэн хүн хэрэггүй, зөвхөн гарын үзүүрээр хийж хэлбэрддэг хүн хэрэгтэй учраас гүйлгээ ухаантай ганц хоёрхон хүн л хорь гучин хүний ажлыг нугална гэж боддог юм билээ. Хэдэн жилийн өмнө ЮНЕСКО манайд нэг төсөл хэрэгжүүлснийг эс тооцвол соёлын яам энэ чиглэлээр ёстой нэг ч мөнгө гарздаагүй. Магадгүй АНУ хулгайлагдсан динозавруудаа хурдан буцааж ав гэж шахаад байхаар ганц хоёрыг Т-батаарын дараа онгоцных нь билетийг дааж авчирсан байх. Гэхдээ энэ бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ биш ээ. Шахаанд орж гаргасан зардал. (Гэхдээ буцаан авчрах зардлыг ч гэсэн Ерөнхий сайд шууд шийдвэл илүү түргэн шуурхай болох байх.)
 
Үнэндээ бол, ганц хуулиа англиар орчуулж чадахгүй байгаа яам шүү дээ. Соёлын яам чинь... Өөрийнхөө хууль тогтоомжийг олон улсад сурталчилж, бид ийм хуультай, манайхаас соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан авч явбал бид эргүүлэн авах эрхтэй гэдгээ танилцуулах нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний хамгийн “элементарний” агаад нэг чухал арга хэмжээ билээ. Ганцхан жишээ: Т-батаарыг хулгайлсан Ерик Прокопи америкийн шүүхэд өөрийгөө хамгаалж, би монголын хууль тогтоомжийг англи хэлээр хайгаад олоогүй тул намайг монголын соёлын өвийг хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй гэж хэлснийг зарим олон улсын судлаачид үнэхээр тийм, монголын соёлын өвийг хамгаалах хуулийн албажуулсан англи орчуулга олддоггүй гэж хүлээн зөвшөөрцгөөж байсан юм шүү дээ. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисст ажиллаж байхдаа миний бие, 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн англи орчуулгыг, шаварт унасан шарын хүчтэй гэхчээр хийж – яагаад гэвэл гадаадын хэрэг, соёлын яамныхан бүгд цагаа тулахаар бултаж зугтсан тул – Соёлын өвийг хамгаалах үндэсний хуулиудын ЮНЕСКО-гийн мэдээллийн санд илгээсэн. (Доорх линкээс үзэцгээрэй).
Сүүлд харах нь ээ, НҮБ-ын вэбсайт дээр ч тавигдсан байна лээ. Гэтэл энэ орчуулгыг – гурав дөрвөн жил өнгөрчихсан байхад шүү! – дахин нягтлан шалгаад албажуулаагүй өдий хүрчээ. Хамгийн осолтой нь, яам тамгын газрууд руу санал авахаар илгээсэн бүрэн боловсроогүй хувилбарууд нь энд тэнд тархсан ч харагдана лээ. Энэ бол ноцтой. Ийм байж болох уу, таминь ээ. Буруу зөрүү орчуулчихсан хууль байвал гадаадын шүүх дээр ялагдал хүлээх ч үндэслэл болж болох юм. Улс бүр Америк шиг өгөөмөр хандахгүй. Хэрэв тэгвэл намайг битгий буруу шаагаарай, амиа бодсон бол амаа хамхих байлаа... Улсын төсвөөс нэг ширхэг зоос гаргалгүйгээр гадны санхүүжилтээр хийсэн юм. Хэрэв соёлын яамнаас нь мөнгө өгөхийг хүлээсэн бол одоо хүртэл орчуулаагүй байх байсан биз ээ. Ганцхан, энэ хууль ч биш мөн сүүлд батлагдсан журмуудыг нь яаралтай англи руу орчуулах хэрэгтэй. Энэ бол зайлшгүй хийх ёстой, хамгийн эхний, хамгийн “элементарний”, ямар ч маргаангүйгээр улсын төсвөөс мөнгө гаргаад хийх ёстой соёлын өвийн хамгаалалт шүү дээ. Тэгж байж л алдагдсан өвүүдээ гадаадаас шударга эзэмшигчид нь нөхөн төлбөр төлөхгүйгээр буцаан авах нөхцөл ядаж бүрдэнэ. Ядаж үүнийгээ л хийчихэж байя л даа, тэгээд зурагтаар том том ярьцгаая... Ядаж...
Ганц хоёрхон сая төгрөгөөр хэлэлцүүлэг хийж хэдхэн мэргэжилтнийг суулгаад, 2016 онд оруулсан өөрчлөлтүүдийг нэмж оруулчихаад Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн англи орчуулгыг албажуулчихаад НҮБ, ЮНЕСКО, гадаад улсын шүүх рүү нүүр бардам илгээж яагаад болохгүй гэж Ерөнхий сайдаа... Энэ чинь л бодит ажил шүү дээ... Соёлын яамныхан үүнийг бүр мартчихсан яваа байх. Та гэнэдүүлж нэг асуугаарай. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн албан ёсны англи орчуулга хаа байна гэж... Хэрэв гадаадаас соёлын өвөө авах шаардлага ойрд гараагүй бол ер нь бүгд мэдэхгүй яваа байх... Өө, нээрээ сая саналаа, УИХ-ын гишүүн Мөнхцэцэгийн хэлснээр бол 2019 оны улсын төсөвт 3 сая төгрөг л сэргээн засварлахад зориулахаар тусгасан гэл үү? Үгүй, яах вэ, бүр болохгүй бол үнэ төлбөргүй ч болсон өмнөх орчуулгынхаа алдааг хянаад өгье. Ядаж, Монгол Улс маань л тусгаар улс байх болтугай... Өөр хүмүүс нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихно! Гэснээс... нээрээ, бид мэдэхгүй дээ байна уу, эсвэл мэдсэн ч мэдэн будилаад байна уу, гадаадад гаргасан соёлын өвөө эргүүлж авахад “алдсан соёлын өвөө” хав дарах ёстой гэж ярьцгаах юм. Тийм биш шүү дээ, хэрэв УИХ-ын гишүүн Мөнхцэцэгийн хэлсэнчлэн гадаадад үзэсгэлэнд гаргаад хугацаанд нь буцааж авчраагүй соёлын өв байвал яаралтай олон нийтэд мэдэгдэж, дэлхийн нийтээр цацах хэрэгтэй. Ийм ч үүргийг бид 1970 оны Конвенцийн өмнө хүлээсэн байдаг: Аливаа соёлын үнэт эд зүйл алдагдсан тохиолдолд олон нийтэд зохих ёсоор мэдээлэх ёстой гэж заасан байдаг. Үүний хамгийн бодитой, сайхан жишээ бол АНУ манай улсад Т-батаарыг буцааж авчирсан түүх билээ. Гадаад, дотоодгүй шуугиж байж буцааж авсан шүү дээ. Legalinfo дээр байдаг 1970 оны Конвенцийн эх бичвэрийн ойлгомжгүй орчуулгаас болоод олон улсын гэрээгээ ойлгохгүй байна уу. Тэгвэл бидний орчуулсан шинэ хувилбарыг үзээрэй. Доор линкийг нь тавьчихлаа.
 
Дашрамд дурдахад, энэ талаарх судалгааг үндэсний мэргэжилтнүүд анх удаа хийж “Соёлын эд зүйлсийн эгүүлэг ба буцаалт: ЮНИДРУА-гийн Конвенц” номыг Соёлын сургууль маань хэвлүүлсэн билээ. Эрхэм дарга сайд нар, УИХ гишүүд, мэргэжилтнүүд маань үзээрэй. Уг номонд манай улс удахгүй нэгдэн орох гэж байгаа Хулгайлсан эсвэл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА-гийн Конвенцийн эх бичвэрийн монгол орчуулгыг ЮНИДРУА-гийн тусламжтайгаар хийж, тайлбартайгаар оруулсан байгаа шүү. 
 
Соёлын яамыг ерөнхийд нь муулсан ч Цогзолмаа сайдаа муулаагүй шүү. Таныг сайд болохоос өмнө болсон явдлууд...
 
Гэхдээ та гоё үг хэлсэн шүү. Судалгаа хийдэг судалгааны ажилтнууд ч байхгүй болсон гэж... Тэр үнэн шүү. Гэхдээ бид ном бичсэн. Үндэсний мэргэжилтнүүдийн монгол хэлээрх ийм судалгаа урьд өмнө хэвлэгдэж байгаагүй. Та СУИС-ийн Соёлын сургуулиасаа аваарай. Танай яамны мэргэжилтнүүд ЮНИДРУА-гийн Конвенцид орно гээд цаг алдаад байгаа. Гэтэл энэ тухай ном хэвлүүлэгдээд бараг жил болох гэж байна. Аваад шууд ашиглах бүрэн боломжтой шүү... Хэдүүлээ хамтраад хэлэлцүүлэг хийе. Бид туслахад бэлэн байна... Та унтуулдаг агентуудад хулхидуулсаар яваад араа л битгий тэдэнд харуулаарай даа!
 
 
Хүндэтгэсэн Хүрэлбаатарын Эрдэмбилэг