sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бичгийг цахим орчинд саадгүй хэрэглэх гол үндэс нь Юникод стандартад орсон байх явдал юм. Бид одоог хүртэл нэгдсэн стандарт байнгын хэрэглээнд орох хангалттай түвшинд хүрэхгүй байгааг өнөөдөр болсон “Монгол бичгийн кодчилол-2018” хуралд оролцогчид онцлов.
“Болорсофт” ХХК-иас зохион байгуулсан тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлигийн хүрээнд монгол бичгийн кодчиллын асуудлыг анхааран судалдаг эрдэмтэн, мэргэжилтнүүд, ӨМӨЗО-ны "Монголын нууц товчоо" компанитай хамтран зохион байгууллаа.
Энэхүү хурал нь монгол туургатны оюуны үнэт өв болох 1000 гаруй жилийн түүхтэй монгол бичгээ мэдээллийн технологийн эрин зуунд өөрийн гэсэн оршихуйтай болгон ирээдүй хойчдоо уламжлуулахын тулд монгол бичгээр цахим орчинд саадгүй харилцах боломжийг бүрдүүлэх кодчиллын саналуудыг хэлэлцэж, нэгдсэн саналд хүрч Юникодын байгууллагад өргөн мэдүүлэх зорилготой.
 
Монгол бичгийн кодчиллын талаар Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Чоймаа: Монгол бичгийг Юникод стандартад бүртгэхэд маргаантай зүйл нэлээн бий. Тухайлбал, Өвөрмонголчууд дүрс үсгийг кодчилдог аргаар монгол бичгийг кодлох саналтай байдаг бол Монголын тал сонгомол, авиа үсгийг дүрс үсгийн зарчмаар кодолж болохгүй гэж үздэг. Мөн манай улс энэ асуудлыг анхаарахгүй байснаас дунд нь орхигдсон. Монгол Улс монгол бичгийг нэгдсэн журмаар ингэж кодолж байна гэсэн нэгдсэн журмаа Юникод байгууллагад өгөх ёстой юм. Техник технологи хөгжиж, компьютер байнга ашиглах болсон энэ үед монгол бичгийг кодлох нь маш чухал зүйл. Монгол бичгийг 30-аад жил олонд зааж яваа хүний хувьд монгол бичгийг кодлохыг л хүлээж сууна даа.
Анх 2000 онд баталсан монгол бичгийн стандартчилал, кодчилол хэрэглээнд нэвтэрснээс хойш олон шат дамжин өнөөдөр хэрэглэгчдэд үнэлэгдэх үнэлэгдэх үнэлэмж нь буураад байна. Тиймээс монгол бичгийн кодчиллыг шинээр бичиж, үндэстэн даяар нэг стандарт барьж ажиллах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
 
“Болорсофт” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Бадрал, “Компьютерт кирилл, латин үсгийг кодолж оруулсан байдаг шиг монгол бичгийг кодлох асуудал өнөөдөр яригдаж байна. Миний хувьд кодчиллын асуудалд 2008 оноос идэвхтэй байр сууринд оролцож ирсэн. Анх 2000 онд кирилл үсэг шиг оруулсан монгол бичгийн кодчиллыг засах талаар 2017 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллалаа. Энэ хугацаанд бид хэрэглэгч, судлаач, эрдэмтэн, зураач, типографийн мастеруудтай болон хамгийн анх оруулсан эрдэмтэдтэй уулзаж ярилцсаны эцэст энэ хурлыг зохион байгуулж байгаа юм. Хурлын явцад хэрэглэгчид монгол бичгийн кодчиллыг хурдан шийдэж өгөхийг шаардаж байна. Тиймээс бид төслөө цаашид өргөн барина. Төсөл таван жил  үргэлжилнэ. Тэгж байж гүүгл, майкрософт, аппл зэрэг дэлхийн том компаниуд дэмжээд хэрэглээнд нэвтэрнэ гэсэн үг. Тиймээс энэ ондоо багтаад дэвшүүлсэн шийдлээ эвдэхгүйгээр, түүнтэй маш төстэй завсрын шийдлийг гаргаж хэрэглэгчийн гарт тавихаар шийдлээ” гэв.
Монгол бичгийн хэрэглээнд олон асуудал тулгардгийн нэг нь хэрэглэхэд хүндрэлтэй байдаг гэдэг. Энэ талаар МУИС-ийн багш, доктор Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Монгол бичгээр код нь батлагдсан байдаг. Чөлөөтэй бичих ёстой. Гэтэл яагаад болохгүй байна гэхээр батлагдсан кодоо нарийвчилж чадаагүй. Тухайлбал, кириллээр фонт нь арзайх, үсэг нь өөрчлөгддөг гэх мэт. Тиймээс код нь тогтворжоогүй, гаргасан фонтыг байн байн сольж өөрчлөхгүй учир  хэрэглэгчдийн хооронд зөрөө гарна. Нэг нь зөв бичээд явуулахад нөгөө хүнд буруу гарна, нэг хүн ном бичээд хэвлүүлэх гэхээр хэвлэлийн газар нь тухайн фонтыг таньдаггүй. Ийм л асуудал үүсдэг.
Хурлаар одоогоор Монгол, БНХАУ-д боловсруулаад буй монгол бичгийн кодчиллын бүхий л загварыг харьцуулан хэлэлцэж, Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар болон Юникод стандартын техникийн хороон өргөн барих аж. 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг