sonin.mn
“Дахиж нэг ажиллагаанд явж ирээд “Со” (Солонгос улсыг хэлэв бололтой) явж ажиллана аа. Байрны мөнгө хийчихвэл боллоо” гэх яриа автобусанд чих дэлслээ. Эргээд харвал 20 гаруй насны ахлагч нар байх аж. Бодол өөрөө өрөөсгөл юм даа. “Болохгүй” гэж хэлэх зориг хүрсэнгүй. Яг энэ яриа дөнгөж сургуулиа төгсөөд ажилд орсон тэр өдрүүдэд намайг аваачлаа. Надад ч бас ийм сонголт хийх гэж байсан үе бий. “Цалин бага, ажил их, гэрийн бараа харахгүй, цаг наргүй бас дээр нь хүний эрхэнд ажиллах хэцүү байна. Гарч хувийн телевиз, сонинд ажиллана” гэж дөвчигнөхөд аав, ээж маань “За хүү минь цаг цагаараа байдаггүй юм. Төрийн алба, тэр дундаа цэргийн салбарт ажиллах хувь тавилан, учрал, тохиол энгийн мэргэжил эзэмшсэн чамд битгий хэл мэргэжлийн сургууль соёлыг нь дүүргэсэн хүнд ч ховор. Төрийн сүлд тэргүүндээ залж, төрөөр овоглодог гэхээр чамд юм бодогдохгүй байна уу? Чиний голдог эд ч биш байх шүү” гэж билээ. Тэр үед би аав, ээж хоёрыгоо “улаан коммунистууд” гэж нэрлэн нэлээд уурссан юм даг. Гэхдээ өнөөдөр тэр хоёр коммунистын ачаар төрдөө зүтгэж, мөр тэгш, дүүрэн ажиллаж, амьдарч явна. Төрийн сүлд өршөө гэж зүгээр ч нэг хэлдэггүйн учир энэ ч юм бил үү.
Энэ салбарт хөл тавибал бие, сэтгэлээрээ үүрд холбогдчихдог. Татах увидастай ч гэж болохоор, тийм ч амархан хаяад явчихаж чаддаггүй, болдоггүй л алба даа. Үүрэг хариуцлага гэдгийг үндсэн утгаар нь ухамсарлуулж, эх орноо гэсэн сэтгэлийг гүн бат суулгачихдаг юм. Үеийнхэн маань хэвлэл мэдээллийн салбартаа нэртэй сэтгүүлчид, эрхлэгч, захирал гээд олон албан тушаал хариуцан ажиллаж буй. Хааяадаа хамтарч ажиллах санал, албан тушаал амлах нь ч бий. Хариулт минь “үгүй”, явчихъя гэсэн сэтгэл огтоос төрөхөө больсон. Салбартаа хайртай, цэргийнхнээрээ бахархдаг тийм л нэгэн болж хувирсан. Үүнээсээ болж зарим нэгэнд нь эргээд өөрөө “улаан коммунист”-аараа дуудуулдаг болсон. Ер нь тэгээд “Мөрдэстэй салбарыг” минь буруугаар гоочилвол өрвөс сөрвөс хийгээд өмөөрнө шүү дээ. Би ганцаараа ийм биш ээ, бид бүгдээрээ ийм. Бидэнд бахархах зүйл маш олон Бидний зүтгэл, бидний хөдөлмөр, бидний чадвар, бидний манлайлал, нийгэмд эзлэх байр суурь ямагт өндөрт байдаг гэдэгт би эргэлздэггүй.
Дээрх залуухан ахлагч нарын яриа миний бодлыг 1990-ээд он буюу зах зээлийн эдийн засагт шилжиж байсан тэр хүндхэн цаг үе рүү үргэлжлүүлэн хөтлөв. Цэргийн баярын өдөр л байж дээ гэж одоо би таамагладаг юм. Аав минь найзтайгаа шил юм задалчихсан, хэрдээ л халамцчихсан сууж байв. Биднийг орж ирэхтэй зэрэгцэн аав хошуу дэвсэн, аавын найз тав арван төгрөг өгч тэрэнд нь хөл хөөрцөг болж байснаа тодхон санаж байна. Аавын найз Болд ах тухайн үед ганзагын наймаанд явдаг, одоогоор бол томоо байг гэхэд дунд зэргийн компаний захиарлын дайтай нэгэн байсан. Одоо ч үр хүүхдүүд нь аавынхаа буянд сайн яваа. Үргэлж яарч явдаг, хааяа нэг ороод гарахдаа Орос яваад ирлээ, Польш яваад ирлээ гээд чамин зүйлс авчирч өгөн ээж биднийг баярлуулна. Харин тэр өдөр аавын цэрэг малгайг хазгай тавин, нүцгэн цээжин дээрээ кителийг нь өмсчихсөн ханхалзаж суусан сан. Би тэгэхэд Болд ахын уйлж байхыг анх удаа харсан юм. “Мөнгө яах вэ, мөнгө шүү дээ. Хүнд чинь авч болдоггүй, нөхөж чаддаггүй зүйл байдаг юм байна. Нөхдөө харахаар, цэрэг хувцастай хүн үзэгдэхээр л дотроос нэг юм урчих шиг болох юм. Хааяа ч хромоо өмсөөд алхмаар санагдах юм” гээд л үглээд уйлж байж билээ. Аав тэр хоёрын яриа тэр чигтээ цэргийн тухай, нөхдөө, анги салбараа дурсаж өрнөсөн юм даг. Хундага тулгах бүртээ “Монгол улсын төлөө зүтгэе!” гэж хашгирах шахам чанга хэлэх нь юмны учрыг ухаж ойлгох сөхөөгүй хүүхэд бидэнд их л хөгжөөнтэй байж билээ. Цэргийн андуудын нэг нь хорвоогоос буцах хүртэлх уулзалтын сэдэв “цэрэг”, хундаганы үг нь “Монгол улсын төлөө зүтгэе!” байсан юм. “Зах зээлийн” гэсэн тодотголтой ороо бусгаа цагт нэг нь амьдралаа өөд татах гээд армиас гарчихсан, нөгөө нь цомхотголоор халагдчихсан хоёрын харуусал, тайтгарал ингэж илэрч байсныг хожим нь буюу одоо л ойлгож байна. 
Угтаа бол аливаа хүнд дурлаж зүтгэсэн ажил хөдөлмөр, түшиж тулах хамт олон юунаас ч илүү үнэтэй гэдгийг ухааруулж хэлэх гэсэн санаа минь энэ. “Илжиг модон хударгандаа дуртай” гэдэг шиг намайг, таныг, чамайг л байхгүй бол зогсчих юм шиг ажилдаа өөриймсдөг, ямар нэгэн шалтгаанаар хэд хоног ажилдаа ирээгүй байхад л хамт олноо санадаг тийм мэдрэмж сайхан. Бүр дэндүү сайхан. Бас “цэргийн” гэх тодотголтой нөхөрлөлийн орон зай, үнэ цэнийг хэмжихийн аргагүй. Хүнд юугаар ч орлуулж болохгүй, юутай ч зүйрлэх аргагүй үнэт зүйл цөөхөн бий. Түүний нэг бол яах аргагүй чиний сонгосон мэргэжил, чиний дурласан ажил, чиний хамт олон юм шүү. Өнөө маргаашийн үр ашиг, өнгө мөнгөний төлөө өөрт байгаа үнэт зүйлээ битгий солиорой. 
 
 
Хошууч Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин