sonin.mn
Энэ удаагийн “Ширээний ном”-ын зочноор  “Болор судар” хэвлэлийн компанийн орчуулагч  З.Гандарийг урьсан юм. Ном унших дуртай залуучууд түүний орчуулсан “Хадагтай Перегринийн онцгой хүүхдүүд,  “Амьсгал агаар болохуйд” номыг монгол хэлнээ хөрвүүлжээ.
Тэрээр “Минийхээр ширээний ном  гэдэг бол үе үе дэлгэж, дуртай хэсгээ дахин уншдаг. Унших тусам урам зориг,сэдэл, шинэ санаа олж авдаг номыг хэлэх байх. Түүнээс гадна сэтгэл хөдлөл, амьдралд минь тохиолдож буй үйл явдалтай давхцаж, гунигтай, баяртай үедээ аль хэсгийг нь уншихаа мэддэг. Тийм анд нөхөр мэт дотно болсон номыг хэлэх болов уу. Миний ширээний ном бол миний орчуулсан “Амьсгал агаар болохуйд” хэмээх ном юм. Энэ номыг ширээнийхээ номоор сонгох болсон нь ажил, амьдрал, амжилтын талаарх миний бодлыг өөрчилсөн. Би амжилтад хүрэхийг, эзэмшсэн ажил,мэргэжлийнхээ оргилд хүрэх төдийгөөр боддог байсан.
“Амьсгал агаар болохуйд” номыг уншсанаар өмнөө тавьсан том зорилгодоо хүрэх нь чухал. Гэхдээ зорилгодоо хүрэх зам, хүсэл тэмцэл түүнээс илүү чухал юм гэдгийг ойлгож авсан” гэсэн юм.
Харин энэ номноос Пол эмч Стэнфордын их сургуульд англи хэл, уран зохиолын чиглэлээр сурч байхдаа тархины талаар сонирхож эхэлдэг. Улмаар төгссөнийхөө дараа,тархины мэс заслаар сурах шийдвэр гаргадаг. Би үүнээс хүн сурахад, амьдралдаа өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтдоггүй юм байна гэдгийг ойлгосон.  Үүнийгээ  ч амьдралдаа хэрэгжүүлж байгаа гэв. Мөн унших бүрдээ сэтгэл зүрхний дуудлагаа сонсох, дагах, хийж буй ажлаа сэтгэлээсээ нямбай хийхийн үнэ цэнийг мэдэрдэг.
Энэ зохиолд гардаг эмч нарын ажлын ёс зүйг хүндэлмээр шүү гэж ширээнийхээ номынхоо талаар сэтгэгдлээ хуваалцсан юм. Орчуулагч З.Гандарь нийт долоон ном орчуулснаас тав нь уншигчдын гарт очоод байгаа аж.
 
Х.Оюунболд
Эх сурвалж: Зууны мэдээ сонин