Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас энэ сарын 3-ны өдрөөс Нийслэлийн 9 дүүргийн ААН-үүдэд хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалт хийж, 116 зөрчил илрүүлсэний 68-ыг нь газар дээр нь арилгав.
Шинэ жилийн баярыг тохиолдуулан хийсэн тус шалгалтаар 85 ААН, 47 иргэн, 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газар хамарчээ.
НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, ХАА-н хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням, “Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвд хаяг шошгын зөрчилтэй 2 төрлийн 6035 ширхэг, 39 сая 534 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг нийлүүлэгчдэд нь буцааж, хадгалалтын хугацаа дууссан 22 төрлийн 149 ширхэг 1 сая 200 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг устгалын комисст шилжүүлжээ. Хүнсний будаг, саа, үрлэн чихэр, чанамал, бялууны хольц, шокалад нэрийн 3 сая 300 мянган төгрөгийн барааг хураав. Мөн 4 ААН, хоёр иргэнд 4 сая 700 мянган төгрөгийн торгууль ногдуулсан" гэлээ.
“Шинэ жилийн үеэр иргэд түргэн мууддаг бүтээгдэхүүн худалдан авч хадгалдаг. Ийм эрсдэлтэй бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүртэй нөхцөлд хадгалах, Хүүхдэдээ бэлэг худалдан авч өгөхдөө доторх хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалах хугацаанд хяналт тавих”-ыг Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш анхаарууллаа.
Тэрбээр, “Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг иргэд гар дээрээс худалдаж авдаг. Үүнээс шалтгаалан хоолны хордлого, халдвар гарахыг үгүйсгэхгүй. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчил түгээмэл илэрсэн. Энэ тохиолдолд газар дээр нь арга хэмжээ авч,  буцаан татах болон устгах арга хэмжээ авч байна” гэв.
Мөн НМХГ-аас хяналт шалгалтад хамарсан ААН, байгууллагад “Шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмж хүргүүлсэн байна. Хяналт шалгалт 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд зөрчлийн мэдээллийг НМХГ, харьяа дүүргийн мэргэжлийн хяналын хэлтэст өөрийн биеэр, эсхүл  70128012 дугаарын шуурхай  утсанд цаг алдалгүй өгөхийг зөвлөв.
 
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг